Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 128

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Даваабилэг /¹1075/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэцүүгийнхэн овогт Санжаанайдангийн Бум-Очирт холбогдох 201625030669 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын голд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 8-55 тоотод түр оршин суух хаягтай, /иргэний үнэмлэхний хаяг Дархан-Уул аймгийн Шарын гол 2 дугаар баг, Дархан 15 дугаар байр, 16 тоот/ улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээр 2001 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар 125.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Хэцүүгийнхэн овогт Санжаанайдангийн Бум-Очир /РД: ТЯ81021010/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: С.Бум-Очир нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвар дээр иргэн А.Баттөрийг дүү О.Сувдмааг автомашинаараа дайрч гэмтээлээ гэх шалтгаанаар зүүн шанаан тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бум-Очирын өгсөн мэдүүлэг: 2016 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед өглөө эхнэр Батхишиг над руу утсаар “Сувдаа машинд дайруулчихлаа” гээд уйлаад байсан. Би Зайсанд хүнтэй явж байгаад хүнээ буулгаад осол болсон газар ирсэн. Ослын газар осол гаргасан машин гарцаас нилээд зайтай зогссон байсан. Тэр газар цус болсон байсан. Жолооч нь боржур дээр сууж байсан. Би жолоочид “чи ногоон гэрлээр гарцаар явж байгаа хүнийг яагаад зам гаргаагүй юм бэ” гэж хэлсэн. Жолооч “би хүн алчихлаа, миний амьдрал сүйрлээ” гээд байсан. Би багадаа дүүгээ алдаж байсан. Жолоочоос урд өдөр нь архи уусан нэвширсэн үнэр үнэртэж байсан. Би хохирогчийг “чи уусан байна ш дээ” гээд дух руу нь цохих гэж байсан чинь өөрөө дальдчаад хацар руугаа цохиулсан. Хохирогч өөрөө сүүлд хэлэхдээ, “би чамайг цохино гэж бодоогүй байхад чи цохисон” гэж байсан гэв.

 

Хохирогч А.Баттөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд удалгүй мөргүүлсэн охины эцэг эх нь гэх хоёр хүн ирээд ээж нь машинаар гэмтэл рүү араас нь явсан. Аав нь надтай хамт үлдсэн. Тэгээд замын цагдаа ирэхийг хүлээгээд байж байтал аав нь чи миний охиныг энэ машинаар мөргөсөн үү гээд машин руу өшиглөөд байсан. Тэгээд байж байтал ах нь гэх биеийн тамирын хослолтой өндөр биерхүү 35-40 орчим насны эрэгтэй хүрч ирээд энэ залуу юу гээд чи яахаараа хүн дайрдаг юм гээд баруун хөлөөрөө миний зүүн гуя руу нэг өшиглөөд баруун гараараа миний зүүн шанаа руу нэг удаа цохиод дүү маань ослын газар дээр ирсэн. Тэр үед аав нь надтай хамт л байж байсан. Тэгээд аав нь машинаа авч ирээд гэмтэл рүү явсан. Тэгээд би хоёр дүүтэйгээ хамт нөгөө охины бие яаж байгаа бол гээд санаа зовоод араас нь очсон юм. Тэгээд гэмтлийн эмнэлэгийн хүлээн авахаар ортол мэс заслын өрөөний хажууд нөгөө охины ах дүү нар нь ирчихсэн сууж байсан. Тэгээд намайг явж очоод охины биеийг асуух гэтэл өө нөгөө жолооч нь энэ үү гээд махлаг шар залуу намайг хойноос үсдээд татсан. Тэгээд газарт унаад босоод ирэхэд нөгөө хүмүүс нь над руу дайраад байхаар нь манай хоёр дүү салгаж байхад 35-45 орчим насны махлаг бор залуу миний зүүн шанаа руу цохиод авсан. Тэгээд би хойшоо ухаан алдаад газарт унасан. Тэгээд би нэг сэрэхэд миний шанаанд оёдол тавьчихсан насилкэн дээр хэвтэж байсан. Тийм л зүйл болсон, ...Осол болох үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Хэрэв миний нүүрнээс цус гарсан байсан бол түргэн тусламжийн эмч надад анхан шатны тусламж үзүүлэх байсан байх. Намайг зүгээр байсан гэдгийг түргэний эмч, жолооч нар мэдэж байгаа. Тэгээд замын цагдаа ирж хэмжилт хийхдээ миний нүүрнээс цус гарч байгааг хараад та гэмтэл рүү явж гэмтэлээ үзүүл гэж хэлсэн. Би тэр цагдаад мөргүүлсэн эмэгтэйн ах нь ирээд намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэр эхлээд ирдэг цагдаа нь энэ манай асуудал биш одоо өөр цагдаа нар ирж хэмжилт хийнэ та түр байж бай гэж хэлсэн,...Эхлээд махлаг шар залуу нь хойноос үсдээд татсан. Дараа нь махлаг бор залуу зүүн шанаа тус газарт цохиод авсан. Тэгээд л би ухаан алдаад уначихсан. Гэхдээ миний шанааны гэмтлийг эхний цохисон залуу нь учруулсан. Учир нь тэр цохилт маш хүчтэй мэдрэгдсэн. Шууд тэр даруйдаа цус гарсан. Миний толгой эргээд ухаан алдах гээд байсан учир би гэмтлийн эмнэлэг рүү хоёр дүүгээрээ түшүүлж орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/

 

Гэрч Ё.Буянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн орчим Баттөр манай эхнэр рүү утсаар яриад би хүн мөргөчихлөө тэгээд ар гэрийнхэн нь намайг зодоод байна гэж ярьсаны дагуу Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд талын уулзвар дээр ирэхэд Баттөр машин дотроо толгойноос нь цус гарсан шоконд орсон байдалтай юм ярихгүй байсан хажууд нь нэг настай хүн байсан бөгөөд юун хүн талаар асуухад би мөргүүлсөн охины аав нь байна гэж хэлсэн тэгээд эхнэр бид хоёр Баттөрийг аваад Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр очоод хүлээн авахын хаалгаар ороход урдаас 4 эрэгтэй 2 эмэгтэй өө энэ юм уу гээд тал талаас нь дайраад зодсон тэгээд би дундуур нь орж салгаад удалгүй цагдаа нар ирээд салгаж авсан. Тэгээд би тухайн үед та нар хүн зодох яах вэ, мөргүүлсэн хүний чинь бие гайгүй юу гэж асуухад үгийн зөрүүгүй л хэл амаар доромжлон уурлаж ярилцах боломж олгоогүй. Тэгээд гэмтлийн эмнэлэгийн сувилагч ирээд Баттөрийг нацилкан дээр аваад цаашаа орсон 5 хоног хэвтээд үзлэгээр хагалгаанд орох шаардлагатай гээд нэгдүгээр эмнэлэгт шанаа цөмрөлтэй гэсэн оношоор хагалгаанд орсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 19х/

 

Гэрч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өглөө 10 цагийн орчимд охин Сувдмаа машинд мөргүүлсэн талаар том охин Батхишигээс сонсоод Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд байрлах уулзвар дээр очиход манай охин Сувдмааг түргэний тэргэнд суулгаад хаалгыг хааж байсан манай хөгшин машинд нь суугаад яваад өгсөн, тэгээд би жолоочруу нь чи яагаад гэгээн цагаан өдөр ногоон гэрлээр, гарцаар гарч явсан хүнийг мөргөчихдөг юм гэж загнасан тэр жолооч залуу утсаар "би хүн дайрчихлаа манай том хөвгүүн Бум-Эрдэнэ архи үнэртүүлсэн байсан учир би гэрлүү нь хөөж явуулсан, ... тэр машин харахад урд хойд купер, гэрэл зэрэг нь бүгд эвдэрч санжсан байдалтай их муу машин байсан тэгээд би энэ жолооч ер нь байнга осол аваар гаргаж явдаг хүн байна гэж дотроо бодсон тэгээд машины зургийг нь авсан. Хүн чанар муутай нэг ч удаа манай охины биеийг асуугаагүйд гомдож байгаа…” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/

 

Гэрч О.Цогбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би санаж байгаагаар бол 03 сарын 19-ний өдөр хүлээн авахаар ороод коридорт цагдаагийн өрөөний гадна хүмүүс хоорондоо маргалдаж хэрэлдсэн тэгээд гарахад жолоочийн ар гэрээс гээд хүмүүс сая нийлж зодлоо барьлаа гээд байсан тэгээд хэрэв зөрчил гаргах юм бол хүлээлгэх хариуцлагын талаар хэлж ярин шаардлага тавьсан тэгээд дахин хэрүүл маргаан болоогүй, тэнд сүүлд нэгнийгээ зодоод байсан асуудал бол гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3940 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэнд: Баттөрийн биед хацар ясны хугарал, тархины аалзан бүрхүүл доорхи бага хэмжээний цус харвалт, тархи доргилт, зүүн шанаанд шарх, хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25х/

 

Яллагдагч С.Бум-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 03 сарын 19-ний өдөр манай эхнэр утсаар ярьж Сувдмаа Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвар дээр аваарт орсон байна гэж хэлсэний дагуу хэргийн газар ирэхэд дүү Сувдмааг түргэний эмч нар ирээд аваад явсан, хадам аав мөргөсөн гэх 93-38 УНҮ гэсэн дугаартай машиныг хараад зогсчихсон, мөргөсөн гэх жолооч нь замын боржур дээр би хүн алчихлаа гээд орилоод суугаад байсан, би тухайн үед их бухимдаж эмнэлэгийн машин аваад явсан байсан учраас үхчихсэн юм биш байгаа гэж бодож байсан, тэгээд явган хүний гарцаар ногоон гэрлээр гарч байгаа хүнийг гаргачиж болдоггүй юм уу гэж уурлаад хөлрүү нь нэг өшиглөсөн тэгэхэд цагдаа ирээгүй байсан бөгөөд нөгөө жолоочийн зүүн талын шанаа орчмоос нь бага зэргийн цус гоожсон байдалтай байсан тэгээд манай эхнэр ирээд гэмтлийн эмнэлэг явсан, тэгээд хэсэг хугацааны дараа 1 жолооч гэмтлийн эмнэлэг дээр ирсэн бөгөөд Сувдаагийн төрсөн ах нь энэ нөгөө жолооч нь юм уу гэж хэлээд хувцаснаас нь татаж аргашаа унагаасан тэгэхэд би салгасан тэгэхдээ цохиж зодсон асуудал огт байхгүй, тэгээд Гэмтлийн цагдаа нь та нар энд зодоон цохион хийж болохгүй хууль, журмын дагуу шиидэгдэнэ гэж анхааруулсан зодоон цохион болоогүй гэдгийг цагдаа нар мэдэж байгаа...явган хүн гарцаараа ногоон гэрлээр гарч байхад мөргөсөнд үнэхээр бачимдаад Баттөрийн зүүн шанаанд нь 1 удаа атгасан гараараа тулгаж түлхсэн тэгтэл Баттөрийн шанаа орчмоос нь цус гарсан тэгээд би удаагүй гэмтлийн эмнэлэг рүү яваад өгсөн. Миний бие бага насандаа төрсөн дүүгээ харж байгаад машинд мөргүүлээд алдаж байсан тэгээд зам хөндлөн гарч яваа явган зорчигч болгонд зам тавьж өгдөг тэгээд яг тэр дүр зураг нүдэнд харагдаад бачимдсандаа атгасан гараараа шанааруу нь түлхсэн юм. Би энэ үйлдэлдээ гэмшиж байгаа тэгэхдээ Баттөрийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 40х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалын 2016 оны 7 дугаар сарын 06-ны ¹918 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.   Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3940 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.   Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материал нь шаардлага хангаж байна.

  1. Баттөрийн биед учирсан гэмтлүүд мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтэл байсан.
  2. Баттөрийн биед учирсан гэмтлүүдээс хацар ясны нумны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины аалзан бүрхүүл доорхи бага хэмжээний цус харвалт, тархи доргилт, зүүн шанааны шарх, хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн бугуйн дахь зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  3.       Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 107-108х/

 

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би өөрийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Баттөрийн биед хацар ясны хугарал, тархины аалзан аалзан бүрхүүл доорхи бага хэмжээний цус харвалт, тархи доргилт зүүн шанаанд шарх хацар шанааны зөөлөн эдийн няцралт гэсэн гэмтэл тогтоогджээ. Уг гэмтэл нь нэг хэсэгт учирсан байх бөгөөд 1 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, тархи доргисны улмаас судас хагарч байгаа нь аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэж байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 109-110х/

 

Шинжээч эмч М.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: Баттөрийн биед учирсан хацар ясны нумны хугарал, тархины аалзан бүрхүүл доорхи бага хэмжээний цус харвалт, тархи доргилт, хацар шанааны зөөлөн эдийн няцрал зэрэг нь 1 удаагийн үйлчлэлээр харин гарын бугуйд үүссэн зулгаралт 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлд үрэгдэх төдийд үүсгэгдэх газар унах, хувцасаар татагдах, юманд шүргэгдэх нэдрэгдэх үед үүсгэгдэнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112х/

хохирогчийн тайлбар /хх-ийн 7х/, захиргааны зөрчил гаргасан баримтууд /хх-ийн 7-8х/, хохирлын баримтууд /хх-ийн 91-95, 128, 132х/, шүүгдэгчийн таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 119-120х/, зан байдлын тодорхойлолт, уул уурхайн салбарт ажиллаж байхдаа авч байсан шагнал урамшууллын баримтууд, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50х/ зэрэг болно.

Шүүгдэгч С.Бум-Очир нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвар дээр иргэн А.Баттөрийг дүү О.Сувдмааг автомашинаараа дайрч гэмтээлээ гэх хувийн таарамжгүй харицааны улмаас түүний зүүн шанаан тус газар нь цохиж бие махбодид нь хацар ясны нумны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40х/, хохирогч А.Баттөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17х/, гэрч Ё.Буянжаргал /хх-ийн 19х/, Б.Оюунгэрэл /хх-ийн 20х/, О.Цогбадрах /хх-ийн 21х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3940 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлт /хх-ийн 25х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалын 2016 оны 7 дугаар сарын 06-ны ¹918 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-108х/, Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 109-110х/, Шинжээч эмч М.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 111-112х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглууж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд О.Бум-Очирт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч А.Баттөрөөс шүүхэд ирүүлсэн бичгийн баримтдаа: “хохиролд нийт 970.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх, хавтас хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт /хх-ийн 151х/ зэргийг үндэслэн О.Бум-Очирыг энэ гэмт хэргийн гэм хорын хохиролд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

О.Бум-Очирын урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээр 2001 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар 125.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн эрүүгийн хэргийн ялтай байдлын хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

О.Бум-Очирт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан мөн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад төлөх төлбөргүй тул шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Хэцүүгийнхэн овогт Санжаанайдангийн Бум-Очирыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар С.Бум-Очирт 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Бум-Очирын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.С.Бум-Очир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан О.Бум-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Бум-Очирт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ