Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 113/ШШ2021/0007

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Боржигон овогт ************  (РД*************, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, *********** тоотод оршин суух;

Хариуцагч: *******;

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч*******, хариуцагч Г.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан намайг Баянтал сумын Засаг даргын 2021оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/11 тоот захирамжаар ажлаас хууль бусаар чөлөөлж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Засаг даргын орлогч******* надтай сумын Засаг дарга 2021 оны гүйцэтгэлийн гэрээг байгуулах ёстой. Гэтэл ямар ч гэрээ байгуулаагүй байж хариуцлага тооцсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1-д Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх гэж заасан байдаг, гэтэл баталгаажуулаагүй дотоод журмаар******* миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. ******* Г.Анхбаяр нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар ажлаас халахдаа байгууллагын дотоод журмын 10.4-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах, чөлөөний хугацаа хэтрүүлэх, 10.6-д Ажлын байранд чанга ярих, бусадтай маргалдах, хараалын үг, хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох зэрэг зохисгүй үйлдэл гаргах зэрэг заалтуудыг хууль зүйн гол үндэслэл болгон хэрэглэсэн байх бөгөөд уг баримталсан дотоод журам нь хүчин төгөлдөр бус дотоод журам болно. Учир нь дотоод журмыг Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчдад танилцуулан хэлэлцүүлэг хийж, гарын үсэг зурж баталгаажсанаар ажилтан бүр дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Надад дотоод журам танилцуулан гарын үсэг зуруулсан тохиолдол байхгүй болно. Тамгын газрын 2018 оны дотоод журамд 2021 оны 04 дүгээр сарын 22-нд Тамгын газрын даргаар ажиллаж байсан В.Гантуяа нь нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд бүх албан хаагчдад танилцуулан хэлэлцүүлэг явуулж, гарын үсэг зуруулснаар хүчин төгөлдөр үйлчлэх байсан ч тийм ажиллагаа хийлгүй тушаал гаргасан нь дотоод журам хүчин төгөлдөр бус болж таарч байгаа юм.

Мөн захирамжид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолыг үндэслэл болгон оруулжээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж заасны дагуу тогтоол бус томилох, чөлөөлөхийг зөвшилцсөн тухай албан тоотыг л ирүүлэх ёстой. Намайг Засаг даргын орлогчоор томилж байхад зөвшилцсөн тухай албан тоот иргэдийн Хурлаас ирүүлж байсан нь Тамгын газрын архивт байгаа болно. Хэдийгээр миний хашиж байсан албан тушаал нь улс төрийн албан тушаал ч гэлээ урьдчилж мэдэгдэх байсан юм. Төрийн албаны тухай хуулийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасны дагуу ажлаас чөлөөлөхдөө урьдчилж мэдэгдэх байсан ч хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сумын Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтан байдаг. Орлогч даргын албан тушаалд орон нутгийн сонгуулийн үр дүнд ялалт байгуулж олонх болсон нам, эвслээс нэр дэвшүүлж, тухайн сумын Засаг дарга уламжилж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасны дагуу томилж, чөлөөлдөг. Зөрчил гаргасан, ажил удаа дараа тасалсан орлогч*******ыг Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаартай албан тоотоор ажлаас чөлөөлүүлэх хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар албан тоотоор орлогч дарга*******ыг нэг удаа итгэл хүлээлгэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг түдгэлзүүлэх санал ирүүлсний дагуу ажлаас чөлөөлөөгүй.

Дахин алдаа дутагдал гаргаж, ажил тасалсан учир сумын Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 149 дүгээр албан бичгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дахин хуралдаж, 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр*******ыг ажлаас чөлөөлөхийг дэмжих тухай 26 дугаар тогтоол гаргасныг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/11 дүгээр захирамжид Монгол улсад мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудын заалтууд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, албан бичиг, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зэргийг хуулийн үндэслэл болгосон.

Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн ажилчдын нийгмийн баталгаа, хууль ёсыг эрхэмлэх, ёс зүй, шударга ёс, соёлтой харилцаа, хариуцлага, ил тод байдал, ажил амралтын цагийн горим, албан хаагчдын эрх үүргийг эрхэмлэх зэрэг харилцааг зохицуулахаар хамт олны шийдвэр, сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталгаажиж, албан хаагчдад үүрэг болгож, дагаж мөрдөж ажилладаг. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхээр тоотын хамт ирснийг үндэслэл болгосон.

Ш.Шинэбаяр нь ажлын цагаар ажил хийдүүлдэг, олон хоног ажил тасалдаг, ажлын төлөвлөгөө гаргаж ажилладаггүй, удирдлагын шийдвэр биелүүлдэггүй, олон нийтийн цахим орчинд болон албан өрөөнд элдвээр доромжилдог, төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэг гаргаж байсан. Төрийн байгууллагын байранд удаа дараа согтуу орж ирээд албан хаагчдаас архи авч өгөхийг шаардана, албан өрөөнд, дэлгүүрт, гудамжинд согтуу таарахаараа нар руу дунд хуруу, ёс бус үйлдэл гарган, гэр бүлийнхний минь хажууд хүртэл элдвээр хэлэх бол байх зохистой зүйл мэт боддог. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 10.4, 10.6-д заасныг үндэслэн Засаг даргын орлогч*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

Маргаан бүхий дээрх захиргааны актын хүрээнд нэхэмжлэгчээс хүчин төгөлдөр бус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг баримталж ажлаас чөлөөлсөн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоол бус зөвшилцөх тухай албан бичгийг л Засаг даргад ирүүлэх ёстой байсан гэж, хариуцагчаас нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтрүүлсэн, Б/11 дүгээр захирамжийг гаргахдаа хуулийн дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн зэргээр шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, маргана.

Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9-д зааснаар ... сум /-ын/... Засаг даргын орлогч нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ... орон тооны улс төрийн албан тушаал байна.

Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж заасан нь төрийн улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, тодруулбал түүнийг томилох, чөлөөлөх асуудлыг тухайлсан хуульд өөрөөр заагаагүй бол уг харилцаанд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг, харин өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөхгүй байхаар хуульчилжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Сум, дүүргийн Засаг дарга .... дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 31.1.2-т сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж заасан нь Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд төрийн улс төрийн албан хаагчийн хувьд Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөрөөр тусгайлан заасан, нарийвчилсан зохицуулалт байна.

Хуулийн энэ зохицуулалтын агуулгыг авч үзвэл тухайн шатны Засаг дарга нь (а) Засаг даргын орлогчийг чөлөөлөх тухай захирамж гаргахын өмнө, (б) түүнийг чөлөөлөх асуудлаар зөвшилцөх саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд албан ёсоор хүргүүлж, улмаар (в) Хурлын Тэргүүлэгчид чөлөөлөх асуудлаар хуралдаж, албан ёсны шийдвэрээ Засаг даргад хүргүүлэх шаардлагатай ба ийнхүү Засаг даргын орлогчийг чөлөөлөх тохиолдолд өөр захиргааны байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид-тэй зөвшилцөхөөр зохицуулсан нь уг захиргааны актыг гаргахад тавигдах эрх зүйн тусгай шаардлага болж, эдгээрийг бүрэн хангасан захиргааны актыг хуульд нийцсэн гэж үзнэ.

Хэргийн оролцогчдын гаргасан тайлбарыг, хэрэгт цуглуулсан нотлох баримтуудтай харьцуулж үзэхэд:

1/ Баянтал сумын Засаг дарга нь 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 149 дүгээр албан бичгээр сумын Засаг даргын орлогч*******ыг чөлөөлөх асуудлаар зөвшилцөх санал уламжилсны хариуд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаар албан бичгээр тухайн асуудлыг хэлэлцсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг хүргүүлсэн.

2/ Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Сумын Засаг даргын ирүүлсэн саналын дагуу Засаг даргын орлогч*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсүгэй гэж шийдвэрлэсэн ба эдгээр нөхцөл байдлууд нь хэрэгт цуглуулсан нотлох баримтаар[2] тогтоогдож байх тул Засаг даргын орлогч*******ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн чөлөөлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Эндээс маргаан бүхий захиргааны акт, түүний үндэслэл болгосон эрх зүйн хэм хэмжээг дээрх үйл баримттай харьцуулан дүгнэвэл Баянтал сумын Засаг дарга Г.Анхбаяр нь Засаг даргын орлогч*******ыг ажил, албан тушаалаас нь чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Тодруулбал, сумын Засаг даргын орлогч*******ыг ажлаас нь чөлөөлөхийн өмнө саналаа тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд албан ёсоор хүргүүлж зөвшилцсөн, Хурлын Тэргүүлэгчид нь Засаг даргын орлогч*******ыг ажлаас чөлөөлөх асуудлаар хуралдаж, шийдвэр гаргасан болох нь дээрх байдлаар нотлогдож байх тул Баянтал сумын Засаг даргын 2021 оны Б/11 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална гэсэнд нийцжээ.

Эрх бүхий албан тушаалтнаас бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэрийн талаар хуульд заасан байгууллагатай санал солилцохыг зөвшилцөх гэж ойлгох ба энэ тохиолдолд сумын Засаг даргаас зөвшилцсөн, Хурлын Тэргүүлэгчид нь тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасны дагуу гаргасан шийдвэрээ албан бичгээр хүргүүлсэн болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул Хурлын Тэргүүлэгчдээс тогтоол бус зөвшилцсөн тухай албан бичиг л ирүүлэх ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг хуулиар зохицуулахаар заасан ба улс төрийн албан хаагчийг ажилд томилох чөлөөлөх асуудлыг дээрх хуулиар нарийвчлан зохицуулсан байх тул Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулийг энэхүү маргаанд хэрэглэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Хүчин төгөлдөр биш Хөдөлмөрийн дотоод журмыг баримталж ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам /нэмэлт өөрчлөлт/-ыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл өөрчлөөгүй, хүчингүй болгоогүй[3] тул Б/11 дүгээр захирамжийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, ... хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр акт байсан гэж үзнэ.

Хэдийгээр дээрх тушаалаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасны дагуу ажилтнуудад танилцуулж, хэлэлцүүлээгүй гэх үйл баримт гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдох боловч энэ нь төрийн улсын төрийн албан тушаалтныг түүний эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан хуулийн дагуу ажлаас чөлөөлөх харилцааг өөрчлөх буюу үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

Маргаан бүхий Б/11 дүгээр захирамжийг, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гардаж авсан гэж нэхэмжлэгч тайлбарлах бол хариуцагчаас Засаг даргын 174 дугаартай албан бичгийн хамт 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гардуулсан гэж маргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хууль журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна, 43.8-д Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй гэж заасныг, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбар болон захиргааны актын дагалдах хуудас, сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл, албан бичиг хүлээлгэн өгсөн бүртгэл зэрэгтэй[4] харьцуулж үзэхэд сумын Засаг даргын сонсох ажиллагаа явуулах тухай 174 дүгээр албан бичгийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр*******т гардуулсан, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн сонсох ажиллагааг Ш.Шинбаяр орхиж гарсан тул түүнийг ажлаас чөлөөлөх захирамж гаргахыг Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн М.Бодьгэрэлд үүрэг болгосон, түүнчлэн Б/11 дүгээр захирамжийг 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гардуулсан талаар захиргааны актын дагалдах хуудсанд тэмдэглэсэн бүртгэл байхгүй,*******ын гарын үсэг, холбогдох тайлбар тусгагдаагүй буюу хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар Б/14 дүгээр захирамжийг нэхэмжлэгчид 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гардуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтрүүлсэн гэх тайлбарыг шүүх хүлээж авсангүй.

Нэгтгэн дүгнэхэд,*******ыг сумын Засаг даргын орлогч гэх улс төрийн албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд, тус хуулиар тогтоосон журмын дагуу гаргасан байх тул Баянтал сумын Засаг даргын Б/11 дүгээр захирамжийг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн тодорхойлон маргасан ... хөдөлмөрлөх эрх-ийг зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан*******ын гаргасан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ

 

 


[1] Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааг нэхэмжлэлийн өргөдөлд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэж тодорхойлж байсан бол шүүхийн хэлэлцүүлэгт 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэж тодруулсан болно.

[2] Хэргийн 8, 46-48, 76-77, 79 дахь талд

[3] Хэргийн 106 дахь талд

[4] Хэргийн 11, 61-65 дахь талд