Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/855

 

          

 

 

  2022         08         31                                     2022/ШЦТ/855                               

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Э.Булганчимэг,

Хохирогч С.М,

  Шүүгдэгч ******* нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Т-т холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зүтгүүрийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, ........ хороолол, 00 дугаар байрны 000 тоотод оршин суудаг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг,  хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Д-ийн Т/РД:НН00000000/,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 04:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т-” зочид буудалд иргэн С.Мтэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь биед тархи доргилт, дух, хамрын уг, хоёр нүдний зовхинд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Хохирогч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“...2022 оны 5 дугаар сарын 31-ээс  2022 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө тухайн үйл явдал болсон. Манай буудалд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн.Эмэгтэй нь дургүй байхад түлхээд оруулах гэж байсан. Манай буудалд өрөө байгаа эсэх талаар асуухад нь би “та хэдүүлээ явж байгаа вэ” гэж асуухад “чамд хамаагүй” гэж хэлээд үг, хэлээр доромжлоод байсан тул “манайхаас өөр буудлаар үйлчилнэ үү” гэж хэлтэл над руу уурлаж эхэлсэн. ******* нь тэйкний араар орж ирээд миний үснээс зулгаагаад өшиглөж эхэлсэнд миний ухаан балартсан тул яг яаж цохисныг нь санахгүй байна. Би хохирол, төлбөр гэж 2.200.000 төгрөг нэхэмжилж байна. Би 24 цаг ажиллаад 48 цаг амардаг ажил хийдэг бөгөөд амрах 48 цагийн хугацаанд маникюр хийдэг. Би гэмтсэн хугацаандаа ажилгүй байсан бөгөөд би өрх толгойлсон 2 хүүхдийн эх...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

         Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар  шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 04:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т-” зочид буудалд иргэн С.М-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь биед тархи доргилт, дух, хамрын уг, хоёр нүдний зовхинд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.М-ийн өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 31-ээс  2022 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө үүрийн 04:05 цагийн орчимд нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүн манай зочид буудалд орж ирсэн. Тухайн үед эмэгтэй нь цааш гарах гээд байхад эрэгтэй нь араас нь түлхээд дотогшоо оруулах гээд байсан. Тэр хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эрэгтэй нь надаас сул өрөө байгаа эсэхийг асуухад, би байгаа та хэдүүлээ явж байгаа юм бэ гэхэд тэр эрэгтэй чамд ямар хамаатай юм бэ тэнэг янхан минь, балай пизда минь гэж хэл амаар доромжилсон. Ингээд надтай муухай харьцаад, авирлаад байхаар нь би танд үйлчлэхгүй ээ, өөр буудлаар үйлчлүүлнэ үү гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эрэгтэй би гарахгүй би үйлчлүүлэгч, үйлчлүүлэгч бол хаан, чи надад үйлчлэх ёстой мангар бацаан минь гэж хашхирч намайг хэл амаар доромжилсон. Үүдний хэсэгт чанга орилоод байсан болохоор надтай хамт хонож байсан бармен охин Т над дээр ирсэн. Т ахаа та эмэгтэй хүнтэй ямар муухай харьцдаг юм бэ та ингээд гарчих гэхэд тэр эрэгтэй хөдөөгийн муу улаан хацарт чи муу дуугүй бай, та 2-ыг алцан байхад хууль надад үйлчлэхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд би тек дээр байсан дэвтрийг тэр эрэгтэй рүү шидсэн. Гэтэл тэр эрэгтэй уурлаж текний арын хэсэг рүү хүчээр орж ирээд намайг алгадаж, үснээс минь зулгааж, доош дарж, үсийг лав барьж гараа ороогоод тавихгүй чангалаад байсан. Толгой дээрээс минь дарчхаад миний гэдэс, хөл хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Толгой руу маань маш их цохисон. Энэ үед бармен охин та болилдоо эмэгтэй хүнийг зодоод гэж хэлээд салгах гэж оролдсон ч чадаагүй. Бармен охин салгаж чадахгүй байсан болохоор караокед ажилладаг нэг залууг дуудаж авчрахад караокены залуу салгах гэж оролдсон ч миний үснээс тэр залуу тавихгүй зууралдаад байсан, нэлээн удаан зууралдсаны дараа караокены залуу биднийг салгасан. Би цагдаа дуудаарай гэж орилоход бармен охин цагдаа дуудсан. Бармен охин манай найз залуу А-г дуудсан. Ажил дээр манай захирал Ц түрүүлж ирсэн. Удалгүй найз залуу А ирж, удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд намайг зодсон залууг аваад явсан. Би найз залуугийн хамт эмнэлэг рүү явсан. Нийт 2.200.000 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23, 27/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.А ”...2022 оны 5 дугаар сарын 31-ээс  2022 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө 0:004 цагийн үед манай найз охин М-ийн ажлын хүн нь над руу залгаж М эгчийг нэг согтуу хүн зодчихлоо та ажил дээр хүрээд ирэх үү гэсэн. Тэгээд би босоод ажил руу явж 05:00 цагийн үед очсон. “Т-” зочид буудал руу ороход ажлынхан захирал ирсэн байсан, ажилтнууд байсан. Тэгээд М-ийн зодсон гэх улаан өнгийн фудволктой залуу сууж байсан. Би ууртай орж ирсэн тул тэр улаан өнгийн фудволктой залууг баруун гараараа нэг удаа алгадсан. Тэр залуу намайг зүүн талын шанаа руу нэг удаа цохиж, дух руу нэг удаа мөргөсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 29/-р тал,

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7988 дугаартай “...С.Мийн биед тархи доргилт, дух, хамрын уг, хоёр нүдний зовхинд цус харвалт, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, дух, хамрын уг, хоёр нүдний дээд зовхинд цус харвалт нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Харин зүүн гуяны дунд хэсгийн цус хуралт нь хэрэг болсон гэх хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34/-р тал,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №7988 дугаартай “... С.Мийн биед тархи доргилт, дух, хамрын уг, хоёр нүдний зовхинд цус харвалт, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Нөгөөтээгүүр шүүгдэгч *******ийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй...” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдэл нь түүний тайлбар, мэдүүлгээр бус гагцхүү хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

        Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг, гаргасан бол шүүгдэгч болон хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

   Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч ******* нь 2015 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгүүлж байсан бол энэ удаад мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зоирилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах...”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь хэсэгт зааснаар “...Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах...” үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч өөрийн хууль бус үйлдэлд үнэлэлт өгөхгүй байгаа болоод хийсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа байдлыг харгалзсан үзсэн болохыг дурдаж байна.

Гурав. Бусад асуудлаар.

Хохирогч С.Мийн тухайд шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон 2.200.000 төгрөгийг нэхэмжилсэн...” боловч энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа тул тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.

Хэдийгээр хавтаст хэрэгт “...Тархины цахилгаан хийлгэсэн тухай баримт, компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн...” тухай баримтууд авагдсан ч хэчнээн төгрөгийг зардал гарсан эсэх нь тодорхой бус байх тул нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох *******ээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 700 /Долоон зуу/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах...”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь хэсэгт зааснаар “...Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах...” үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

7. Шүүгдэгч *******  нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.М нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох *******ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ИДЭР