Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/01780

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “МК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б. С-д холбогдох

            Гэрээний үүрэгт 484.403 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Б.С нь манай ‘'Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч Маймоби /MyMobi/ үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20142868 тоот гэрээ байгуулж 99059971 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ, мөн 2.275.000 төгрөгний үнэ бүхий Айфоне /IPhone 6S Plus 64GB/ маркийн гар утасыг 24 сарын хугацаанд хуваан төлөх нөхцлөөр зээлээр авсан. Б.С нь Харилцаа холбооны тухай хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны 2017 оны 9, 10, 11, 12 дугаар сарын үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөрөөс барьцаа 30.000 төгрөг хасч үлдэх 484.403 төгрөг төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд Б.Сээс үйлчилгээний төлбөр 225.772 төгрөг, гар утасны төлбөрийн үлдэгдэл 258.631 төгрөг нийт 484.403 төгрөг гаргуулж өгнө үү. Үйлчилгээний хувьд тэрээр сарын 54.000 төгрөгний багцийг сонгож үйлчлүүлсэн. Утасны хувьд сар бүр 68.750 төгрөгөөр төлж дуусгах байсан боловч сүүлийн 4 сарын төлбөрийг бүрэн төлөөгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                             

                                                                                                                 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “МК” ХХК нь хариуцагч Б.Сд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 484.403 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.С нэхэмжлэлийн хувийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гардан авч, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Мөн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “шүүх хуралдаанд оролцох”, “хэргийн материалтай танилцах” эрхийг хангаж, хуралдааныг хойшлуулсан.  

Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүргэсэн ч мөн хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

Нэг талаас “МК” ХХК нөгөө талаас Б.С нар 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь 2.275.000 төгрөгний үнэтэй 353328073566851 сериал дугаар бүхий гар утсыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч нь 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд сар бүр 68.750 төгрөгөөр хуваарийн дагуу төлбөрийг төлөх, түүнчлэн 99059971 дугаарын нэг сарын үйлчилгээний багцийн төлбөр 54.000 төгрөг байхаар, барьцаа болгон 30.000 төгрөг байршуулахаар “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах” 20142868 тоот гэрээг байгуулжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хэн алин нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэх, харилцагчийн гүйлгээний хуулга зэрэг баримтаар хариуцагч Б.С зээлээр худалдан авсан гар утасны төлбөр  болон тухайн сарын үйлчилгээний төлбөр 2017 оны 9 дүгээр сард нийт 126.049 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 136.264 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 126.049 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 126.049 төгрөг тус тус төлөх үүрэгтэй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Сээс 484.403 /126.049+136.264+126.049+126.049=514.411-30.000=484.411 төгрөг байх боловч нэхэмжлэлийн хүрээгээр тооцов/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн хариуцагчаас хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Сээс 484.403 /дөрвөн зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун гурав/ төгрөг гаргуулж, “МК” ХХК-д олгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар   нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15.182 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.  

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ