Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/870

 

 

 

 

 

 

   2022         09         08                                     2022/ШЦТ/870                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга О.Нямгэрэл,

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С ургийн овогт Ш-ийн Н-д холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхай хүнд машин механизмын инженер мэргэжилтэй, “............." ХХК-д угтан авах хяналтын ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо ............. хотхоны 00/0-00 тоотод оршин суух хаягтай,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, С овогт Ш-гийн Н, /РД:НН00000000/,  

           Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

           Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө “Лава" баарны гадна иргэн Э.ийг шаардлага тавьсны хариуд "чамд гэр бүлийн асуудал хамаагүй" гэж түүний толгой болон нүүрэн тус газар цохиж түүний биед баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн талын хоншоорын хөндийн дээд ба гадна хануудын цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын хөндий дэх шингэн, зүүн талын хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн хацар, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд эхнэртэйгээ маргалдсаны улмаас тухайн хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ.

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө “Лава" баарны гадна иргэн Э.Иийг шаардлага тавьсны хариуд "чамд гэр бүлийн асуудал хамаагүй" гэж түүний толгой болон нүүрэн тус газар цохиж түүний биед баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн талын хоншоорын хөндийн дээд ба гадна хануудын цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын хөндий дэх шингэн, зүүн талын хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн хацар, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Иийн өгсөн “...2020 оны 6 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1-р хороо ертөнцийн зүгээр урд талд ганцаараа явж байхад нэг эмэгтэйг нэг эрэгтэй газар чирчихсэн явж байсан. Тухайн хүнд боль гэж хэлэхэд “чи хэн юм бэ пизда минь” гэж орилсон бөгөөд эмэгтэй нь туслаарай гээд байхаар нь “чи эмэгтэй хүн ингэхээ болиоч ээ" гэж хэлэхэд тухайн эрэгтэй нь гүйж ирээд гараараа миний толгойн ар хэсэг рүү 2-3 удаа цохиж, дараа нь баруун гараараа миний нүүрний зүүн хэсэгт нэг удаа цохиж энэ гэмтлүүдийг учруулсан юм. Тухайн үед намайг өөр хүн цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн эрэгтэй, эмэгтэй нар нь эхнэр нөхөр байсныг сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Б-гийн өгсөн “...Нтой маргалдаад, ноцолдоод гараад явсан бөгөөд ажлынх нь гадаа миний куртикнээс барьчхаад тавихгүй байхаар нь би ойр орчимд байсан хүмүүсээс “ирээд салгаад өгчих, би нялх хүүхэдтэй харимаар байна” гэж хэлтэл нэг намхан залуу гартаа пиво барьчихсан гарч ирсэн бөгөөд *******ид хандаж “болиоч” гэж хэлтэл Н түүнд хандаж “чамд гэр бүлийн асуудал хамаагүй” гэж хэлээд хоорондоо маргалдаад бие бие рүүгээ орилж хашхичаад эхэлсэн бөгөөд би шууд хаяад машинаа унаад яваад өгсөн юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/-р тал,

           Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №8517 дугаартай “...Э.Иийн биед баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн талын хоншоорын хөндийн дээд ба гадна хануудын цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын хөндий дэх шингэн, зүүн талын хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн хацар, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч *******ийн тухайд өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмтлийн зэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн ангиллаар тогтоох бөгөөд дараах үндсэн шалгуур шинжээр гэмтлийн зэргийг тогтооно. Үүнд,

           -Амь насанд аюултай эсэх;

           -Эрүүл мэндийн байдлыг сарниулсан хугацаа;

           -Гэмтлээс үүссэн үлдэц уршиг байгаа эсэх;

        -Хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг үндсэн шалгууруудаар гэмтлийн зэргийг тогтоодог.

            Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

     -Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарна.

Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмтэл нь учирсан үедээ хүний амь насанд аюулгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан ноцтой үр дагаварт хүргэхгүй зэргээрээ хүнд гэмтэл учруулахаас ялгаатай ч нөгөөтээгүүр тухайн гэмтэл нь хохирогчийн хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулах буюу, эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулдаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч Э.Иийн эрүүл мэндэд баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн талын хоншоорын хөндийн дээд ба гадна хануудын цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын хөндий дэх шингэн, зүүн талын хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн хацар, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан байх бөгөөд энэ нь хохирогчийн хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15-35 хувь алдагдуулсан хүндэвтэр зэрэгт хамаарах нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд прокуророос  шүүгдэгч *******ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгч *******ийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар торгуулийн биш зорчих эрх хязгаарлах ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн санал зэргийг судалж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, үүргийг хүлээлгэж, ******* нь зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус сануулж шийдвэрлэлээ.

Гурав. Бусад асуудлаар.

Хохирогч Э.Иийн зүгээс Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хандан гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа хүсэлт гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Ш-ийн Н-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооноос гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

  5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.   

  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР