Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2022                 07             06                                          2022/ШЦТ/137                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч Ж.Нямбаяр  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Нямбаярт холбогдох 2230000000203 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Жавхлант-Улз худалдааны төвд худалдагч ажилтай,  ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 36а байрны 15 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ЛЮ93021419, Мах Иддэггүй овогт Жамсрангийн Нямбаяр.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  Ж.Нямбаяр нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Жавхлант дэлгүүр дотор насанд хүрээгүй хохирогч Г.Хонгорын биед халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамар ясны шинэ хугарал, нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Нямбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Ж.Нямбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч Ж.Нямбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хохиролд 300000 төгрөг төлсөн гэв.

 

            Насанд хүрээгүй хохирогч Г.Хонгорын “...Тухайн өдөр 16 цаг өнгөрөөгөөд Жанжинтулга худалдааны төвөөс гараад хойд талын Жавхлант-Улз дэлгүүр лүү орсон. Захирал руу ороод хүргэлт хийе хүн хэрэгтэй байна гэж хэлэхэд захирал Нямбаярыг аваад яв гэж хэлсэн. Тэгээд Нямбаярыг би хүргэлт хийхээр явъя гэж хэлэхэд над руу чи юу хуцаад байгаа юм пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та машин барихгүй дарга өөрөө барина” гэж хэлсэн. Тэгээд би 1 давхар луу буугаад Одгэрэл гэдэг хүүхдэд цуг хүргэлтэд явъя гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүүхэд “Нямбаяр ахад хэлчихье, тэгээд явъя” гэж хэлсэн. Тэгээд Нямбаяр над руу “гичий минь би чиний ажлыг яагаад хийх ёстой юм чи өөрөө ажлаа хий” гэж хэлсэн. Тэгэхээр нь би инээгээд 1 давхар луу буусан. Тэгсэн Нямбаяр араас ирээд дагз руу нэлээн хэд цохисон тэгээр нь би тонгойсон тэгэхэд миний зүүн нүд рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд манай ажлынхан болиулсан байсан. Тэгсэн буцаж ирээд дагз руу цохиод, хамар луу өшиглөсөн. Тэгээд байж байтал захирал намайг өрөө рүүгээ дагуулаад орсон. Тэр үед би нүүрнийхээ цусыг арилгаад сууж байхад Нямбаяр орж ирсэн. Тэгээд намайг сууж байхад Нямбаяр дахиад зодох гээд дайрсан. Тэр үед захирал Нямбаярыг боль гээд болиулсан. Тэр өдөр дарга намайг Нямбаяр, Одгэрэл 2-ын аль нэгийг аваад хүргэлтэд яваа гэж хэлэхэд нь би Нямбаярыг явъя гэж хэлсэн.Тэгтэл Нямбаяр “би чиний ажлыг яахаараа хийдэг юм бэ, өөрийнхөө ажлыг өөрөө хий гэж” хэлээд намайг зодсон. Эмчид үзүүлэхэд миний толгой доргисон, хамрын яс хугарсан гэж хэлсэн. Бага зэргийн согтолттой байсан. Өмнө нь бид 2 муудаж маргалдаж байгаагүй. Бид хоёр хамт ажлаад 2 сар болж байна. Толгой дүүрэн гэтэж өвдөнө, алхахаар хамар өвдөнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 х/,

 

            Хууль ёсны төлөөлөгч М.Чимгээгийн “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажилладаг манай бага хүү Г.Хонгор ээжээ би хүнд зодуулчихлаа эмнэлэг дээр байна гэж хэлсэн, яагаад зодуулчихаа гэсэн чинь миний ажилладаг Жавхлант-Улз дэлгүүрийн ажилтан Нямбаярт дарга чи бид хоёрыг хүргэлтээр юм хүргэж өг гэж байна гэж хэлсэн чинь пизда минь би яваад байхдаа яадаг юм гээд намайг зодчихлоо гэж утсаар хэлсэн. Миний бие 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймагт ирээд хүү Хонгорыг эмнэлэгт үзүүлсэн чинь хамрын салст яс нь хугарсан, тархи доргилттой гэж хэлсэн. Миний бие хамт байгаагүй болохоор мэдэх зүйл байхгүй байна. Гомдолтой байна, үзүүлж харуулж байгаад эмчилгээний зардал хэдэн төгрөг болно тэр зардлыг нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 х/,

 

            Хууль ёсны төлөөлөгч М.Чимгээгийн “...би хүү Г.Хонгорын эмчилгээнд Аймгийн нэгдсэн эмнэлэгт чих хамар хоолойн тасагт 150,000 төгрөгөөр хамар ясны хугарлыг нь засуулсан. Мөн эмчилгээнд нь хэрэглэсэн эм, мөн нүдний дусаагуур худалдан авсан баримт байгаа...надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 13 х/,

 

            Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 272 дугаартай “...Г.Хонгорын биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамар ясны шинэ хугарал, нүдний алимны доргилт бүхий гэмтэл учирчээ...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...Цаашид дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 22-23 х/,

 

            Яллагдагч Ж.Нямбаярын “... 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед миний ажилладаг Жавхлант-Улз дэлгүүр дээр тавилгын тасагт хүргэлт гарсан юм. Тэр үед намайг Г.Хонгор нь хамт хүргэлтэнд явъя гэсэн. Тэгэхээр нь би машины үнэмлэх байхгүй би чамтай хамт явахгүй гэж хэлэхэд над руу Г.Хонгор нь дарга чамтай хамт яв гэсэн ш дээ гэж хэлэхэд нь чи явахгүй гээд байхад яах гээд байгаа юм бэ гээд бид Г.Хонгортой муудаад гараараа хоёр удаа, хөлөөрөө толгой руу нь өшиглөсөн. Тэгээд бид хоёрыг ажлынхан салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 х/

 

            Хохирогчийн эмчмлгээ хийлгэсэн баримтууд / хх-ийн 27 х/

 

Шүүгдэгч Ж.Нямбаярын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 х/

 

Шүүгдэгч Ж.Нямбаярын  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42 х/

 

Шүүгдэгч Ж.Нямбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44х/

 

Хохирогч Г.Хонгорыг насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 150-51 х/

 

Шүүгдэгч Ж.Нямбаярын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт                   / хх-ийн 52 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 53-55 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 66 дугаартай санал /хх-ийн 71 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Нямбаяр нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Жавхлант дэлгүүр дотор насанд хүрээгүй хохирогч Г.Хонгорын биед халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамар ясны шинэ хугарал, нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч Г.Хонгор,   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чимэгээ нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 272 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.НямбаярХ.Энхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч Ж.Нямбаяр нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч Г.Хонгортой маргаж түүний толгой ар дагзанд гараараа цохиж, нүүр рүү өшиглөж түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамар ясны шинэ хугарал, нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч  Ж.Нямбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Нямбаярыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Ж.Нямбаярын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Хонгорын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч  “гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж  хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Ж.Нямбаярыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Ж.Нямбаярт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан  хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Ж.Нямбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ж.Нямбаярт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ж.Нямбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  Ж.Нямбаярт  мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч  Ж.Нямбаярт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мах Иддэггүй овогт Жамсрангийн Нямбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нямбаярыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Нямбаярт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нямбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ж.Нямбаярт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Г.Хонгор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чимэгээ нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

7. Шүүгдэгч  Ж.Нямбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Ж.Нямбаяр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыгтус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР