Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00101

 

Х.Т-ний нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03474 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Т нэхэмжлэлтэй, хариуцагч П.Э-д холбогдох

240 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Т, хариуцагч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч П.Э-тай 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нийтийн байранд амьдран суух зориулалтаар түрээсийн гэрээ байгуулж, 3 сарын түрээсийн төлбөрт 360 000 төгрөгийг төлсөн бөгөөд нүүж ороход хүн амьдрах боломжгүй, дээврээс ус тусдаг, хүйтэн байсан. Би 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус өрөөнөөс гарч, менежер гэх эмэгтэйд түлхүүрийг хүлээлгэн өгч, хариуцагчтай энэ талаар ярилцахад 7 хоногийн дараа ирж, түрээслээгүй сарын төлбөрт 280 000 төгрөгийг буцаан аваарай гэсэн юм. Гэтэл намайг 7 хоногийн дараа очиход хариуцагч тохиролцоогоо зөрчиж, төлбөрийг буцаан өгөөгүй ба миний амьдарч байсан өрөөнд өөр хүн оруулж, тэдгээрээс төлбөрийг нь авсан байсан тул хариуцагчтай зөрүү төлбөрийн тухай ярилцаад хэрэв мөнгийг өгөх боломжгүй бол өрөөндөө буцаж орох санал тавихад тэрээр өөр хүн оруулчихсан учраас боломжгүй гэсэн. Би тус байранд 1 сар хүрэхгүй хугацаанд амьдарсан атлаа 360 000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагчаас 280 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өмчилдөг нийтийн зориулалттай тус байранд ямар нэгэн доголдол байхгүй, дулаан, тохь духтай орон сууц бөгөөд удаан хугацаанд бусдад түрээслүүлж байхад ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хэрэв түрээслэгч тал түрээсийн зүйлийг хугацаанаас өмнө орхин явсан тохиолдолд зөрүү төлбөрийг буцаан төлөхгүй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй. Би энэ нийтийн зориулалттай орон сууцыг бусдад түрээслүүлэх үйл ажиллагааг шууд хариуцдаггүй, миний томилсон менежер эмэгтэй бүх асуудлыг зохицуулдаг бөгөөд Х.Т-ийг гарсны дараагаар удалгүй өөр хүмүүсийг оруулсан боловч тухайн этгээд төлбөрийг төлөхгүй байсан тул гаргасан. Гэрээнд түрээсийн байрыг хугацаанаас өмнө хүлээлгэн өгсөн тохиолдолд зөрүү төлбөрийг буцаан өгөхгүй гэж тохирсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг үндэслэн П.Э-аас 280 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Т-д олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 7 850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Бизнесийн эрэлт хэрэгцээтэй үед Х.Т өрөө түрээсэлсэн бөгөөд гэрээгээ албан ёсоор дуусгавар болголгүй орхиж явсан. Гэрээний төгсгөл хэсэгт хугацаанаас өмнө гарсан тохиолдолд төлбөрийн зөрүүг олгохгүй, түрээслэгч авахгүй гэж тохиролцсон байтал гэрээгээ зөрчсөн. Зөвхөн өөрийн эрх ашгийг баримталж бусдын ажилд саад учруулсан. Эрэлт хэрэгцээ бага үед түрээслэгч олоход хүндрэлтэй байдаг. Тиймээс энэ асуудлыг хоёр талын өнцгөөс харж шийдвэр гаргана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Х.Т хариуцагч П.Э-д холбогдуулан орон сууцны өрөөны түрээсийн төлбөрт төлсөн 240 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах орон сууцны 1-19 тоотын 1 өрөөг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл  3 сарын хугацаатай түрээсэлж, түрээслэгч Х.Т урьдчилгаанд 360 000 төгрөг төлсөн. Түрээслэгч нь түрээсийн гэрээ хэрэгжих явцад буюу 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс гэрээнээс татгалзаж, түрээсийн өрөөнөөс гарсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч талууд маргаагүй, харин байрнаас гарсан шалтгааны талаар маргажээ.

Нэхэмжлэгч өрөөний дээрээс маш их ус алдаж, хүйтэн, чийгтэй байсны улмаас уг өрөөнөөс гарсан гэж тайлбарласныг хариуцагч нь манай байр цэвэрхэн дулаан, тав тухтай бөгөөд өрөө түрээслэх гэрээний 4.2-т  өөрсдийн санаачилгаар байрнаас гарах тохиолдолд гэрээний хугацаан дахь төлбөрийн зөрүүг түрээслэгчид буцаан олгохгүй, түрээслэгч авахгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрийн санаачилгаар байрнаас гарсан тул 240 000 төгрөгийг олгох үндэслэлгүй гэж маргажээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан “жижүүр эмэгтэй тэр өрөөнд өөр хүн оруулсан боловч төлбөрөө төлөхгүй хөөгдөж гарсан” гэх тайлбарыг нэхэмжлэгчийн “7 хоногийн дараа ирж мөнгөө аваарай гэсэн боловч очиход мөнгө өгөөгүй, харин байранд өөр хүн оруулж  төлбөрийг нь авсан байсан” гэх тайлбартай харьцуулан үзэхэд нэхэмжлэгч орон сууц хөлсөх гэрээнээс татгалзсаныг зохигчдын хэн аль нь зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах үндэслэлтэй.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, баримтаа шүүхэд гаргаагүй байна.

Түүнээс гадна талуудын байгуулсан гэрээний 4.2 дахь хэсэгт заасан заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д заасан аль нэг талын эрхийг буюу үүргээ гүйцэтгэхээс татгалзах хуулиар олгосон эрхийг хязгаарласан үгүйсгэсэн нөхцөл нь хүчин төгөлдөр бус байх заалттай нийцсэн буюу гэрээний стандарт нөхцлийг зөрчжээ. Иймд гэрээнээс татгалзсан тохиолдолд төлбөрийн зөрүү олгохгүй гэх хариуцагчийн татгалзал Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасантай нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлд талууд гэрээний үүрэгтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээний дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэйг зохицуулсан тул хариуцагч П.Э-ийн татгалзал үндэслэлгүй. Иймд шүүх хариуцагчаас 240 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв.

Анхан шатны шүүх талууд гэрээнээс татгалзсан байхад Иргэний хуулийн 302 дугаар 302.1 дэх заалтыг баримталсан буруу. Уг заалтаар гэрээнээс татгалзсны улмаас орон сууцны түрээсийн төлбөрт төлсөн мөнгөө буцаан авах талаар зохицуулаагүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг нэмж, өөрчлөлт оруулах боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/03474 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “302.1” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцгагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

                                                                                                        Д.БАЙГАЛМАА