Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2019/ДШМ/809

 

106/2019/0467/Э

 

 

 

 

2019          8            8                                        2019/ДШМ/809

                                                       

Ч.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Х.Шинэцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Х.Шинэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Эод холбогдох эрүүгийн 1705001710402 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Ч-ын Э, 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 11 дүгээр гудамжны 351 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Ч.Э нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, "Их баялаг" зочид буудалд тус зочид буудлын ресепшн Т.Ттэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эод оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ч.Эын цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ч.Эоос 870.230 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Тт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж, хохирогч Т.Т нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Шинэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэтэл шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тодорхой хэсгийг барагдуулсан, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлийг хэрэглээгүй байна. Анхан шатны шүүх ял хөнгөрүүлэх боломж байхад 4 жилийн хорих ял оногдуулсан нь хүндэдсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Ч.Э нь тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг үндэслэн нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Ч.Э нь торгох ял оногдуулах хуулийн шалгуурыг хангасан. Хувийн компанид борлуулалтын менежер ажилтай, тодорхой цалин хөлс орлоготой болно. Торгох ялыг төлж барагдуулах боломжтой. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөр 1.000.000 төгрөгийг төлсөн. Гэм буруугийн шүүх хурал дээр 870.000 төгрөгийг буруу ойлгоод хохирол төлбөр авах 5 хоногийн завсарлагааг алдсан. Үүнийг шүүх бодож үзэхийг хүсэж байна. Хохирол төлбөрийг шүүх хуралдааны явцад барагдуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэтэл шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн тодорхой хэсгийг барагдуулсан, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлийг хэрэглээгүй. Иймд шүүгдэгч Г.Ч.Э нь тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах заалтыг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчоос чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. ...” гэв.

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Үүнтэй санал нэг байгаа. Хуульд заасан ялыг оногдуулсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хохирол, хор уршгийн талаар заасан. 800.000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн нь гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг арилгасан гэж үзнэ. Харин хохирогчийн биед учирсан гэмтэл арилаагүй ба одоог хүртэл биеийн байдал хүнд байгаа. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Ч.Э нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, "Их баялаг" зочид буудалд тус зочид буудлын угтагч Т.Ттэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Тийн: “...2017 оны 5 сарын 31-ний өдөр 13 цаг 30 минутын орчим 2 залуу гаднаас орж ирээд 303 тоот өрөөнд найз дээрээ орно гэхээр нь би оруулахгүй гэтэл орно гээд ... 303 тоот өрөө рүү явсан. Тэгэхээр нь би дагаж өрөө рүү нь ороод “одоо өрөөнөөс гар тооцоо авахгүй” гэтэл гаднаас орж ирсэн 2 залуугийн дунд зэргийн нуруутай, нүүр нь халцархай шархтай, 27-28 орчим насны залуу нь нэг шил “Хараа архи авчихсан "сүртэй пизда авгай вэ энийг уугаатахъя" гэхээр нь эгч нь мөнгө авахгүй одоо гарчих гэтэл "цувчихмаар авгай вэ, мөнгийг чинь өгчихнө" гээд хэрэлдэж байтал хамт байсан 2 залуу нь өрөөнөөс гарч доошоо буусан. ...Ингээд доошоо нэг давхар руу бууж та нар хаалга эвдчихлээ гээд тэр залуучууд руу гараараа заатал нүүр нь халцархай залуу зочид буудлын гадаа миний энгэр рүү гараараа нэг удаа цохиод би зочид буудлын өндөр шатнаас доош унатал миний нүүрэн дээрээс 1 удаа дэвссэн. ...” /хх 21, 81, 125/,

гэрч М.Түвшинбилэгийн: “...Өдрийн 14 цагт ээж маань над руу залгаад "ээж нь нөгөө нэг өрөө авсан хүмүүст нь зодуулчихлаа" гэж хэлэхээр нь шалгалтаа өгөөд 16 цаг өнгөрөөгөөд ээж дээрээ ирэхэд ээжийн зүүн шанаа орчим нь нэлэнхүйдээ хавдсан. Бүр тэгширсэн байсан. ...Би буудал руу 16 цагт орсон. ...Ээжээс юу болсон талаар асуухад “наад хүмүүсийг чинь гарчихаа, эгч нь та нарт үйлчлэхгүй” гэж хэлэхэд нөгөө залуус нь эсэргүүцээд ээжийг доромжилж янхан авгай цуварна гэх зэргээр айлгасан гэсэн. Тэгээд би ... камерийн бичлэг шүүхэд хоёр давхрын коридорт ээж рүү нэг намхан залуу орилж дайраад, доошоо шатаар буугаад явж байгаад ээжийг араас нь дагаад буух үед шат руу түлхээд дээрээс нь дэвсэж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан...” /хх 77/,

гэрч Ж.Ариунбатын “...2017 оны 5 дугаар сарын 31-ний өглөө Ууганбаяр бид 2 Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Их баялаг” зочид буудлаас өглөөний 10 цагийн орчимд хоол идэх гээд гадаа замын хойно “Глади” төвийн үүдний шатан дээр Ч.Этой таарсан. ...Хоол идчихээд ганц шил архи хуваагаад уучихъя гээд өөрсдийн авсан байсан өрөө рүүгээ Ч.Эыг дагуулаад орсон. Гаднаас 0.75 литрийн архи авч ороод ... задлаад уух гэж байтал ресепшн эмэгтэй орж ирээд Ч.Э руу заагаад "энэ хүнийг гарга, эсхүл та гурав гурвуулаа гар" гэж хэлсэн. Тэгсэн Ч.Э "та яагаад намайг гаргадаг юм" гээд ресепшн эмэгтэйтэй хэрэлдэж эхэлсэн. Тэгсэн нөгөө эгч Ч.Эын шилбэ рүү нь хөлөөрөө өшиглөөд байхаар нь би өөрөө Ууганаад хандан “энэ чинь бөөн хэрүүл зодоон болох юм байна гаръя” гээд доошоо буугаад урд талын хаалгаар гадагш гарсан. ...Ч.Э нөгөө эгчтэй маргалдаж байсан. Хохирогч эмэгтэй өөр хүнтэй ерөөсөө маргалдаагүй. Тийм болохоор Ч.Э уг гэмтлийг учруулсан байх өөр хүн угаасаа байгаагүй...” /хх 79-80/,

гэрч Ц.Ууганбаярын "...Би буудлаас түрүүлээд гарсан хойно Ч.Э буудлын ресепшн эгчтэй ноцолдоод байсан. Түлхэж унагах шиг болсон..." /хх 25/,

гэрч М.Розагийн: "...Т.Т эгчийг эмч нар шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Т.Т эгч зодуулсан талаараа “3-4 залуучууд зочид буудалд орж ирээд, бүдүүлэг зан авир гаргаад, нэг залуу нь шатны уруу түлхэж унагаагаад, унасан хойно нь дээрээс нь нэмж зодсон” гэж ярьж байсан...” /хх 127-128/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7514 дугаартай “Т.Тийн биед гавлын суурь ясны зүүн их далавч дайрсан шугаман хугарал, баруун зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн бугалга, шуу, баруун, зүүн өвдөгт цус хуралт бухий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон” гэх дүгнэлт /хх-52/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн тэмдэглэл /хх 89-94/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 122/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 123-124/, эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Шүүгдэгч Ч.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй болжээ. 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага ногдуулсан нь хуульд нийцжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Шинэцэцэгийн “...шүүгдэгч Г.Ч.Э нь тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг үндэслэн нийгмээс тусгаарлахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн “...шүүгдэгч Г.Ч.Э нь тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах заалтыг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг тогтоож өгнө үү.” гэсэн утга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: шүүгдэгч Г.Ч.Эын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шинж чанар, хэр хэмжээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн 7514 дугаартай дүгнэлт /хх 52/-ээр тогтоосон хохирогч Т.Тт учирсан “хүнд” гэмтэл хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял тохирсон байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Х.Шинэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Х.Шинэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ