Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0452

 


С.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч С.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 232 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, О.Б, Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2023/1091/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Н нь “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 232 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 /хоёр/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан асуудал тус бүрийг шалган тодруулсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргаас захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон хоёр хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. ... Анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шаардлагатай бүхий л нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн тайлбарт хууль зүйн дүгнэлт өгөх замаар анхан шатны шүүх шийдвэр гаргах боломжтой бөгөөд “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” асуудал шүүх хурал дээр илрээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл эхнээсээ тодорхой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаад нэхэмжлэлийн аль ч үндэслэлд хуулийн талаас дүгнэлт хийгээгүй болно.

3.2. Одоо сахилгын зөрчлийг дахин шалгах боломжгүй гэж үзэж байна. Тодруулбал Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм болон Төрийн албаны тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, сахилгын шийтгэл оногдуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байхад шинээр акт гаргах нь миний эрх зүйн байдлыг илтэд дордуулахаар байна. Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зэрэг дэв бууруулах сахилгын арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 15-нд биеэр эдэлж дууссан, сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа үргэлжилж байгаа бөгөөд дахин шинээр акт гаргах нь нэг зөрчилд 2 удаа хариуцлага тооцогдохоор байна.

3.3. Шүүх Гаалийн Улсын байцаагчийн Сахилгын дүрэм, Төрийн албаны тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх талаар дүгнэлт хийгээгүй, сахилгын зөрчил, ёс зүйн зөрчлийг холбогдох журам, хууль зөрчин шалгасан процесс ажиллагаа, хариуцагчийн тайлбарт бичсэн “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь хууль хэрэглээний алдаагүй явуулсан, зөрчлийг шалгах явцад оролцогчдын эрхийг хангаж, зөрлийн шинж, нөхцөл байдлыг бодитой тогтоосон” гэсэн тайлбар үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Би хуулийн дагуу, албан ёсоор танилцсан 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг эс зөвшөөрч эрх ашгаа хамгаалуулах, хууль бус актыг хүчингүй болгуулахаар шат дараалан холбогдох байгууллагуудад хандсан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ “... 3 сарын дараа, үндэслэлийг агуулгын хувьд өөрчлөн тодорхойлсон” гэсэн өөр агуулга, огноо бүхий, өөр зөрчилд хариуцлага тооцсон тушаал буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй актад дүгнэлт хийж тухайн тугаалд заасан үндэслэлийг дахин шалгуулахаар шийдвэрлэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 хэсэгт заасан” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн.

3.4. 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалд заасан Сахилгын дүрмийн хуулиар олгогдсон эрхийг үл хэтрүүлэх, Ёс зүйн дүрмийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудалд эрх мэдлээ ашиглан дарамт шахалт үзүүлэх зөрчлүүдийг хууль, журамд заасан үндэслэл журмын дагуу шалгасан эсэх, нотлогдсон байдал, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх байсан. Тодруулбал, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15.2.2.4 дэх хэсэг, Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журмын 2.1, 2.2, 3.1 дэх хэсэгт заасны дагуу ажилласан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 382 дугаар тогтоолоор батлагдсан “Бчиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалын тодорхойлолт”-ын 3 дугаар зорилтын 2 дахь заалтуудыг удирдлага болгон өөрийн албан тушаалд шууд харъяалан удирдуулах гаалийн бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагчийн гаалийн бүрдүүлэлт, барааны ангилал, гаалийн үнэлгээ, тариф, гарал үүсэл, гаалийн бүрдүүлэлт, барааны ангилал, гаалийн үнэлгээ, тариф, гарал үүсэл, гаалийн бүрдүүлэлтийн горимтой холбоотой мэргэжил арга зүйн зөвлөмжаар ханган ажилласан гэж” маргасан нь үндэслэлтэй эсэх, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар бүлэг Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 3.1.1-т бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд хөндлөнгөөс оролцох, эрх мэдлээ ашиглан бусдыг басамжлах, нэр төрийг гутаах, дарамт шахалт үзүүлэх” гэж ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг тус тусад нь тодорхойлсон. Гэтэл Б/74 дүгээр тугаалд дээрх ёс зүйн зөрчлүүдийг нэгтгэн бичиж Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэмд байхгүй хэм хэмжээгээр буруутган “бүрэн эрхэд хамаарахгүй асуудалд эрх мэдлээ ашиглан дарамт шахалт үзүүлсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй эсэх.

3.5. Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 6.6 дугаар зүйлд “Сахилгын зөрчлийг ирүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойг 6 сарын илүү хугацаа зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” … гэж заасан. Гаалийн улсын байцаагчийн гаргасан зөрчил эсэхийг үл харгалзан дээрх хугацааны дотор эрх бүхий албан тушаалтан заавал шалгаж шийдвэрлэх ёстой бөгөөд зөрчлийг шалгах шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хууль, дүрмээ хэрэгжүүлэн ажилтан албан хаагч нарынхаа эрхийг хангахад анхаарч ажиллах ёстой. Надад сахилгын шийтгэл оногдуулахдаа дээрх хугацаа, шалгах журмыг баримтлаагүй бөгөөд хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна.

3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 232 дугаар шийдвэр нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлуудыг бүрэн тодруулж, үндэслэл тус бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч С.Н нь “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргад холбогдуулан гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “... сүүлд гаргасан актыг нэхэмжлэгчид гардуулаагүй, энэ талаар мэдэгдээгүй байхаас гадна нэхэмжлэгч нь дээр дурдсан хоёр үндэслэлийн алиныг нь гаргасан болох нь тодорхойгүй байгаа. Хэрэв төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзвэл Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар баталсан журмыг мөрдсөн эсэх нь тодорхойгүй. Түүнчлэн Гаалийн улсын ахлах байцаагч С.Н нь өөрийн хуваарьт ажлын байран дээрээ байхдаа чөлөөтэй байсан гэх Гаалийн улсын ахлах байцаагч Ш.Н-ийн ажлыг түр орлон гүйцэтгэж байсан эсэх, улмаар түүний хяналт тавих гаалийн хяналтын байцаагч Л.С, С.А нарт утсаар чиглэл өгөх эрх хэмжээ олгосон талаар тодорхойгүй … Энэ тохиолдолд шүүх Төрийн албаны тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасныг мөрдсөн эсэхэд шууд дүгнэлт өгөх боломжгүй” гэж дүгнэж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 /хоёр/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2.3. Учир нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлтэй холбогдуулан маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

2.4. Хэрэгт маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаартай хоёр тушаал авагдсан байх бөгөөд уг тушаалуудын баримталсан хуулийн заалтууд өөр байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... бичвэрийн өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийг оруулахдаа өмнөх тушаалыг хүчингүй болгоогүй. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа” гэж, нэхэмжлэгчээс “... Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлд заасныг баримталж эхэлснийг хүлээн авч, маргасан. Сүүлийн гарсан тушаалыг би хүлээн аваагүй” гэж тайлбарлан маргаж байгаа энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, маргаан бүхий актын үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй нь буруу.

2.5. Мөн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ гэж заасныг буруу хэрэглэжээ.

2.6. Учир нь дээрх зохицуулалтыг хэрэглэхийн тулд шүүх нотлох зарчмыг хангалттай хэрэгжүүлсэн ч хэргийн нөхцөл байдал тодорхойгүй байх урьдчилсан нөхцөлтэй, энэхүү маргааны тухайд, тодорхойгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгчээс Улаанбаатар хот дахь Гаалийн газрын тушаалын холбогдох хууль, журам, дүрмийн заалтуудтай холбогдуулан маргасан байна.

2.7. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан “...сүүлд гаргасан актыг нэхэмжлэгчид гардуулаагүй, Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар баталсан журмыг мөрдсөн эсэх, Гаалийн улсын ахлах байцаагч С.Н нь Гаалийн улсын ахлах байцаагч Ш.Наранцэцэгийн ажлыг түр орлон гүйцэтгэж байсан эсэх, улмаар түүний хяналт тавих гаалийн хяналтын байцаагч Л.Саруул, С.Ариунтунгалаг нарт утсаар чиглэл өгөх эрх хэмжээ олгосон талаар тодорхойгүй … Энэ тохиолдолд шүүх Төрийн албаны тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1-д заасныг мөрдсөн эсэхэд шууд дүгнэлт өгөх боломжгүй” гэх дүгнэлт нь маргааны үйл баримтад хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй байх бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн зүйл байхгүй байна.

2.8. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаад нэхэмжлэлийн аль ч үндэслэлд хуулийн талаас дүгнэлт хийгээгүй. Одоо сахилгын зөрчлийг дахин шалгах боломжгүй. Шүүх Гаалийн Улсын байцаагчийн Сахилгын дүрэм, Төрийн албаны тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх талаар дүгнэлт хийгээгүй, сахилгын зөрчил, ёс зүйн зөрчлийг холбогдох журам, хууль зөрчин шалгасан процесс ажиллагаа, хариуцагчийн тайлбарт бичсэн “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь хууль хэрэглээний алдаагүй явуулсан, зөрчлийг шалгах явцад оролцогчдын эрхийг хангаж, зөрлийн шинж, нөхцөл байдлыг бодитой тогтоосон” гэсэн тайлбар үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалд заасан Сахилгын дүрмийн хуулиар олгогдсон эрхийг үл хэтрүүлэх, Ёс зүйн дүрмийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудалд эрх мэдлээ ашиглан дарамт шахалт үзүүлэх зөрчлүүдийг хууль, журамд заасан үндэслэл журмын дагуу шалгасан эсэх, нотлогдсон байдал, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх байсан” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

2.9. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... Уг асуудлыг анхан шатны шүүхэд тодорхой хэлсэн. Тухайн асуудлаар нэхэмжлэгчийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсэн шалгаж байгаа. Үүнийг анхан шатны шүүх анхаараагүй ... Гаалийн ерөнхий газрын зөвлөл 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шинээр акт гаргаад, сонсох ажиллагаа явуулаад нэхэмжлэгчид гардуулж өгсөн байгаа” гэж тайлбарлан маргаж байгаа энэ тохиолдолд уг асуудлыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.10. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээр дурдсан алдаа зөрчлийг зөвтгөн засаж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 232 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                          Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ