Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 129

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн

улсын яллагч Р.Энх-Оюун

иргэдийн төлөөлөгч З.Чагцалмаа

шүүгдэгч Ж.Ганболд, түүний өмгөөлөгч Б.Өлзийхишиг /¹1686/

шүүгдэгч Н.Цагаанчулуун, түүний өмгөөлөгч П.Төрбат /¹0337/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овгийн Жамъянын Ганболд, Боржигон Жижгээ овгийн Нямдоржийн Цагаанчулуун нарт холбогдох 201625031135 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1957 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө 1979 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Шүүхээр Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн 76.6-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1980 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэх ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овгийн Жамъянын Ганболд / РД- ХМ57121171/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй гэх урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон Жижгээ овгийн Нямдоржийн Цагаанчулуун  /РД- ЧП:73092819/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нар нь бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцон 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 35 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ган" бөөний төвийн гадна талд хохирогч Б.Жанчивын эд хөрөнгийг авах зорилгоор түүний хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж нийт 49.500 төгрөгний буюу бага бус хэмжээний тамхи, цөцгий, сүү, боорцог, биет 3.500 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ганболд мэдүүлэхдээ: 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед дэлгүүрээс пиво аваад уугаад зогсож байтал Жанчив өвгөн ирсэн. Би тэгэхээр нь пиво уух уу гэж асуутал пиво уухгүй архи ууна гэж надад хэлсэн. Тэгтэл Цагаанчулуун ирээд тэр өвгөнтэй маргалдсан. Би халааснаас 3500 төгрөг байхаар нь авсан, хэлээд байгаа хохирогч өвгөний тортой зүйлийг аваагүй. Цаашаа яваад 24 дүгээр дэлгүүрээс пиво авч ууж байгаад цагдаад баригдаад эрүүлжүүлэхэд хоносон. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогчоос мөнгө авсан Цагаанчулуун энэ үйлдэлд ороогүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Цагаанчулуун мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

Хохирогч Б.Жанчивын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр...тэтгэвэрээ авч...хүнсний зүйл авахаар 50.000 төгрөг аваад Чингэлтэй дүүргийн 2 дугаар, хуучин бөмбөгөр худалдааны төвөөс ...эд зүйлс худалдан аваад харих гээд Ган бөөний худалдааны гадна явж байхад нэг бор царайтай залуу миний барьж явсан хар өнгийн даавуун торыг булаах гэж татахаар нь би тороо тавиагүй, тэгтэл миний хоолойг боогоод...ухаан балартсан байсан...одоо миний түнхний ясны хугарал, цуурал, баруун нүдний ард хэсэгт гурван оёдол тавиулсан …” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18х/

Гэрч В.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “…хадам аав Жанчив нь Ган бөөний төвийн гадна довжоон дээр сууж байсан. Тэгээд босгох гэтэл босч чадахгүй байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/

 

Гэрч Б.Чулуунбатын мөрдөн  байцаалтад өгсөн: “…бичлэг дээр…сүүлд араас нь гарч ирээд хувцсаар нь боож байгаад татаж унагаад тортой эд зүйлийг аваад явж байгаа залуу нь …Цагаанчулуун байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/

 

Гэрч С.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...бичлэг эхлээд тэр хар хувцастай өвгөнтэй уулзаж байгаа залуу нь Ж.Ганболд байна... араас нь гарч ирсэн саравчтай малгай өмссөн тортой зүйлийг татаад авч байгаа залуу нь Цагаанаа байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ¹7890 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1.Жанчивын биед баруун дунд чөмөгний далд хугарал, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26х/

Яллагдагч Н.Цагаанчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр содон бөмбөгөр худалдааны төвийн орчимд ганцаараа тамхи татаад зогсож байтал Ж.Ганболд ирээд энд тамхи болон цүнхтэй зүйл барьсан согтуу өвгөн явж байна эндээс архины мөнгө гарчих юм биш үү чи очоод боочих гэж хэлэхээр нь би очоод хувцасны захаар нь хоолойг нь боогоод Ганболд халаасыг нь уудалсан. Тэгээд тортой эд зүйлийг нь аваад...явуулын хүнд 20,000 төгрөгөөр зараад Ганболдыг хайгаад олж уулзаад халаасанд нь юу байсан гэж асуухад 3.500 төгрөг байсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51х, 52-53х/

Яллагдагч Ж.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...би халаасыг нь уудлаад үзтэл 500 төгрөг байсан тэрийг л авсан...би өвгөнтэй хамт архи уух талаар яриад сууж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55х, 56-57х/

 

Зургаар хүн таньж олуулсан тэмдэглэл /хх-ийн 12-14х/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-11х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60х, 73х/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нар нь бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцон 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 35 минутын орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ган" бөөний төвийн гадна талд хохирогч Б.Жанчивын эд хөрөнгийг авах зорилгоор түүний хоолойг боож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж нийт 49.500 төгрөгний буюу бага бус хэмжээний тамхи, цөцгий, сүү, боорцог, биет 3.500 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 50-51х, 52-53х/, /хх-ийн 54-55х, 56-57х/ өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Жанчивын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18х/, гэрч В.Эрдэнэсайхан /хх-ийн 22х/, Б.Чулуунбат /хх-ийн 23х/, С.Батсайхан /хх-ийн 24х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ¹7890 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт /хх-ийн 26х/, Зургаар хүн таньж олуулсан тэмдэглэл /хх-ийн 12-14х/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10-11х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Жанчивт гэм хорын хохирлыг бүрэн төлсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн: “нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон бодит хохирол болох 46.000 төгрөгийг шүүгдэгч Н.Цагаанчулуунаас 50.000 төгрөгийг шүүхэд хүлээлгэн өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Ж.Ганболдын урьд 1979 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Шүүхээр Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн 76.6-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн эрүүгийн хэргийн ялтай байдлын хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нарт ял шийтгэл оногдуулахдаа хүнд гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан гэм хорын хохиролыг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэлийг оногдуулж, мөн тэдгээрийн эдлэх ялын дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нь  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД бичлэг нь энэ хэрэгт ач холбогдол бүхий баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржгон овгийн Жамъянын Ганболд, Боржигон Жижгээ овгийн Нямдоржийн Цагаанчулуун нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт  зааснаар Ж.Ганболдыг эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар, 10 /арав/ хоног хорих ял, Н.Цагаанчулууныг эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Ж.Ганболдын цагдан хоригдсон нийт 66 /жаран зургаа/, Н.Цагаанчулууны цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт нь хавсаргасугай.

7.Н.Цагаанчулуунд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн цагдан хорьж, Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нарын эдлэх ялын хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Ганболд, Н.Цагаанчулуун нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ

 

                                         ШҮҮГЧИД                                  Н.БАЯРМАА

 

                                                                                             Б.ХАЛИУН