Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00459

 

Б.Тунгалагмөрөнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01965 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1955 дугаар магадлалтай,

Б.Тунгалагмөрөнгийн нэхэмжлэлтэй,

С.Одонтунгалаг, Ж.Батбаатар нарт холбогдох

Гэрээний үүрэгт 27,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалай, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд: Миний бие С.Одонтунгалагтай олон жил найзалж одоо ч хүртэл нэг байгууллагад ажиллаж байгаа. С.Одонтунгалаг надад бэлэн мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө зээлээч гээд гуйгаад байхаар нь би хадгаламжид байсан мөнгөө зээлсэн. С.Одонтунгалагтай 2005 онд ШУТИС-д нэг ангид орсноос хойш найзалж нөхөрлөж явсан учир би итгэж, С.Отгонтунгалагийн 5622246158 тоот Хаан банкны дансанд 2018.12.20-ны 15:15 цагт 7,500,000 төгрөг, 20 сая төгрөгийг 5029237501 тоот Хаан банкны дансанд 2019.01.18-ны 18:37 цагт тус тус шилжүүлсэн. 20 сая төгрөгийг шилжүүлэхэд С.Одонтунгалаг өөрөө энэ дансруу хийчих манай нагац ахын данс гэж хэлээд Жамц овогтой Батбаатарын данс руу хийлгэсэн. Өөрөө энэ данс руу хий гэсэн мессеж нь байгаа. Би С.Одонтунгалагийг 15 жил найз нөхөд гэж явчхаад намайг ингэж хохирооно гэж бодоогүй итгээд мөнгөө өгсөн. Би ээж, хүүхдийн хамт амьдардаг, ээждээ ч хэлж чадаагүй. С.Одонтунгалагаас мөнгөө авъя гэхээр мөнгө байхгүй гээд явсаар өдий хүрсэн. Найз нөхөд гэж явчхаад ийм байдалд хүрнэ гэж огт санаад ороогүй, ингэж итгэл алдаж, намайг хохироож байгаад их гомдолтой байна. Иймд С.Одонтунгалаг, Ж.Батбаатар нараас 27,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Одонтунгалагийн хариу тайлбарт: Миний бие нь өөрийн нагац эгч болох Жамцын Болортуяагийн охин Б.Батсаруулын 10 жилийн ангийн охин болох Энхтайван овогтой Энхчимэг гэгчид мөнгө олж өгөөд эргээд 14-21 хоногийн хугацаанд өсгөөд өгнө гэдэгт итгэж явсан. Энэ нь өөрийгөө Ж.Баттулга Ерөнхийлөгчийн охин Б.Намуунаагийн туслах хийдэг. Манай ах аялал жуулчлалын компанитай. Би олон улсын аялал жуулчлалын газар ажиллаж байсан. Тэнд байдаг хүнтэй хамтарч аялалын билет хямд авч, бусдад үнэтэй зардаг гэж эгчид хэлдэг байсан. Эгч энэ охинд итгээд 2018.08.25-ны өдрөөс эхлэн хэлсэн мөнгөө өгөөд буцаагаад авдаг байсан. Энэ тухайгаа надад 2018 оны 9 сараас хэлсэн ийм боломж байна чи мөнгө олоод өгөөд эргээд өсгөж авах боломжтой гэж. Би эхлээд итгэхгүй ийм зүйл байхгүй байх гэж боддог байсан бас тэр үед надад асуусан мөнгийг өгөх боломж байгаагүй. Эхлээд энэ тухай өөрийн нөхрийн эгч болох Б.Туулд ярьсан манай хамаатангууд мөнгөө ингэж өсгөж авч байгаа юм байна гэсэн ерөнхий процессыг ярьсан. Удалгүй Б.Туул над руу залгаад ахиж мөнгө асуувал надад хэлээрэй би гаргах боломжтой гэж хэлсэн. Тэгээд би Ж.Болортуяа эгчдээ энэ хүн мөнгө гаргах боломжтой гэнэ гэж хэлсэн. Удалгүй 2018 оны 10 сарын эхээр Ж.Болортуяа эгч надаас мөнгө асуугаад би хадам эгч рүүгээ залгаж хэлсэн. Ингээд 2,500,000 төгрөг өгөөд дараа нь 7,500,000 төгрөг өгөөд 2018.10.16-нд 12,150,000 болгож авсан. Энэ байдлаар хадам эгчтэйгээ хамтран ажиллаж байгаагаа найз Б.Тунгалагмөрөнд хэлсэн тэгээд би ч гэсэн ингэж мөнгөө өсгөж авъя гээд мөнгөө өгөхөөр болсон. Бид 2 хамтраад мөнгөө өгөөд буцаагаад өсгөж авч байсан. Б.Тунгалагмөрөнд энэ байдал нь таалагдаж дахиж асуувал би өгнө шүү гэж ярьж мессеж бичиж байсан.Тэрнээс би Б.Тунгалагмөрөнгөөс зээлийн гэрээ гэсэн утгаар мөнгө авсан удаа байхгүй. Энэ бол намайг гүтгэж байна. Сүүлд 2019 оны 01 сард би эгч Ж.Болортуяатай маргалдаж дахиж надаас мөнгө авахгүй гэж хэрэлдсэн. Энэ тухайгаа Б.Тунгалагмөрөн болон Б.Туул нарт яг тэр өдрөө хэлсэн өөрсдөө ахиж мөнгө өгөхгүй болсондоо харамсаж байсан. Би дараа нь бас ингэж мөнгөө өсгөөд авч байсан өөрийн нагац эгч Ж.Болормаа, Ж.Батбаатар нарт хандаж энэ 2 хүний мөнгийг надаас аваад Э.Энхчимэгийн дансанд хийдэг байсан. Энэ тухай Ж.Болортуяа эгч мэдэхгүй байсан. 7,500,000 төгрөгийг би өөрийн 2,500,000 төгрөгтэй хамт Ж.Болормаагийн дансанд хийгээд эгч Э.Энхчимэгийн дансанд хийсэн. Энэ мөнгөө бага багаар эргүүлж авч байсан. Б.Тунгалагмөрөнд 1,200,000 төгрөг нэг удаа, 2,500,000 нэг удаа тус тус өөрийнх нь хаан банкны 5031240441 дансанд хийсэн. 20,000,000 төгрөгийг Б.Тунгалагмөрөн нь Ж.Батбаатарын дансанд хийсэн яагаад ингэж хийж байгааг өөрөө мэдэж байсан. Энэ тухай бичсэн мессеж хавсаргалаа. Тэрнээс би Б.Тунгалагмөрөнд худлаа ярьж мөнгийг нь аваагүй. Ж.Батбаатар нь Ж.Болортуяагийн дансанд хийсэн. Би эгчтэйгээ хэрэлдсэнээс хойш ахиж мөнгө өгч ингэж авахаа болъё гэж байхад өөрөө Б.Тунгалагмөрөн нь өгөх хүсэлтэй байна намайг өгчхөө гэдэг байсан. Энэ тухай бичсэн мессеж нь мөн байгаа. Би бас өөрөө 2019.02.02-нд Ж.Батбаатарын данс руу нөхрийнхөө данснаас 13,000,000 төгрөг хийж мөн адил Э.Энхчимэгийн данс руу шилжүүлсэн. Энэ үед цуглуулсан 35,000,000 төгрөгийг 2019.02.05-нд гаргаж өгнө урьд нь өгсөн мөнгөнүүдтэй хамт бөөндөө шилжүүлэх болно гэж байсан. Би энэ Э.Энхчимэг гэгчийг өмнө танихгүй мэддэггүй байсан. 02 дугаар сарын 05-нд өгнө гэсэн мөнгө нь хугацаандаа орохгүй цагаан сарын амралтын өдрүүд таараад 02 дугаар сарын 11 болоход Э.Энхчимэг нь компанийн захирал золголтоор хөдөө явсан байна. Захирлын гарын үсэг нь байхгүй болохоор мөнгө гарахгүй гэх мэтээр өдөр хоногийг авсаар байгаад 2019.02.17 өдөр хүрсэн. Би энэ бүх мэдээллийг 2-3 хүн дамжсаны дараа сонсдог тэгээд цааш нь хэлдэг байсан. Б.Тунгалагмөрөн нь өөрөө хүсэж мөнгөө өгчхөөд одоо хүлээж байхаас гэж хэлсэн байсан. Тэгээд 2 дугаар сарын 21-ний өглөө мөнгөө дамжуулж өгсөн Ж.Батбаатар ах Э.Энхчимэгийн гэрт нь байна, энэ охин бид нарт худлаа ярьж байсан байна гэсэн. Тэгээд би Б.Тунгалагмөрөн болон Б.Туул нөхөр Б.Онон нартай хамтдаа гэрт нь очсон. Тэгэхэд бид нараас гадна 20-иод хүн бас мөнгөө өгөөд аваагүй байна гээд зогсож байсан. Энэ бүх процесс үйл явдлаа Б.Тунгалагмөрөн өөрөө бүгдийг мэдэж байгаа. Би мөн адил мөнгө хүнээс зээлээд тухайн охинд өгсөн байсан. Би бас хохирогч болно. Б.Тунгалагмөрөн нь би мөнгөө авчхаад буцаагаад 30 сая болгоод өгье гэж хүртэл ярьж байсан. Энэ мэтээр Э.Энхчимэг гэх охин нь манай ах эгч нараас 196 сая төгрөг аваад буцааж өгөөгүй байгаа болно гэжээ.

Хариуцагч Ж.Батбаатарын хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ж.Батбаатар нь түүний хүсэлтээр дүү С.Одонтунгалагаар дамжуулан 20 сая төгрөгийг өөрийн мөнгөтэй нийлүүлэн өсгөж өгөх зорилгоор Н.Энхчимэг гэх хүний данс руу шилжүүлсэн юм. Н.Энхчимэг нь бусдын мөнгийг аяллын билет худалдаж авч ашиг өгөх нэрээр олон удаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан байна. Бид үнэн байдлыг мэдэлгүй өөрийн болон бусдын мөнгийг түүний данс руу шилжүүлэн давхар хохирсон. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01965 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Одонтунгалаг, Ж.Батбаатар нарт холбогдох 27,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Тунгалагмөрөнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1955 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01965 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэснийг 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.19-ний өдрийн 183/ШШ2019/01965 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.20-ны өдрийн 1955 дугаар магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийг даалгаврын гэрээ хийгдсэн гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдлоор магадлалд өөрчлөлт оруулсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс аль аль хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгч Б.Тунгалагмөрөн нь хариуцагч нарт 27,500,000 төгрөг зээлсэн. Ингэхдээ С.Одонтунгалагийн дансаар 7,500,000 төгрөг, Ж.Батбаатарын дансаар 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээ гэж үзэх хуулийн ямар ч боломжгүй. Учир нь энэ гэрээгээр "даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг зохицуулалттай. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримталсан атлаа хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч Ж.Батбаатар, С.Одонтунгалаг нарын дансанд 23,780,000 төгрөг нэхэмжлэгч Б.Тунгалагмөрөн шилжүүлэн авсан эсэх тал дээр талууд маргадаггүй, С.Одонтунгалагаас 3,780,000 төгрөг, хариуцагч Ж.Батбаатараас 20,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Анх зээлийн гэрээгээр нэхэмжлэлээ гаргасан ч анхан шатны шүүх хуралдаанд шаардлагаа өөрчилж үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар, мөн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 23,780,000 төгрөг болгосон байхад шүүх түүнийг шийдвэрлээгүй орхигдуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь хариуцагч С.Одонтунгалагийн дансны хуулгаар нотлогдож байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хариуцагч Ж.Батбаатарт шилжүүлсэн 20,000,000 төгрөгт яагаад үнэлэлт дүгнэлт өгөхгүй орхигдуулаад байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Б.Тунгалагмөрөн нь хариуцагч нарт мөнгө шилжүүлсэн үү, шилжүүлсэн болзлоо харилцан тохиролцсон уу тохиролцсон. Гэтэл хариуцагч тал тохиролцсон ёсоор үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 -д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл" Иргэний эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болохоор зохицуулсан ба мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан. Хэлцлийн шинж нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хууль зүйн тодорхой үр дагавар бий болгоход чиглэгдсэн, эрх зүйн дагуу, үйлдэл /эс үйлдэхүй/ байдаг

Учир нь нэхэмжлэгч 23,780,000 төгрөгийг хэлцлийн үүргийн дагуу шилжүүлээгүй, хариуцагч нар төгрөгийг Б.Тунгалагмөрөнгөөс шаардах эрх үүсэхгүй байна. Хариуцагч нар нь онгоцны тасалбар олгох эрх бүхий этгээд биш. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан үндэслэлээр Иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Б.Тунгалагмөрөн нь хариуцагч нарт тодорхой үйлдэл хийлгэх зорилгоор буюу мөнгө шилжүүлэн өгсөн нь үнэн. Хариуцагч С.Одонтунгалаг, Ж.Батбаатар нь Б.Тунгалагмөрөнд түүний хүсэлтийн дагуу амлалтаа биелүүлээгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Тунгалагмөрөн нь хариуцагч нараас 23,780,000 төгрөгөө шаардах эрхтэй. Шийдвэрийн үндэслэл болгосон үзлэгийн тэмдэглэл хуульд нийцээгүй. Учир нь шүүгч захирамждаа гар утсанд үзлэг хийхээр шийдвэрлэсэн мөртөө мессенжерт үзлэг хийсэн, үзлэгийн тэмдэглэлд шууд нэхэмжлэгч, хариуцагч гэж нэр заан бичиж хэлсэн зүйлийг зөрүүлсэн, нэхэмжлэгч гээд байгаа нь ямар утасны дугаар, ямар нэршлээр харилцсан мессенжер болохыг тогтоож үзлэг хийгээгүй. Энэ нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан нотлох баримт болохгүй нотолгооны шинж чанараа алдсан баримт юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.19-ний өдрийн 183/ШШ2019/01965 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.20-ны өдрийн 1955 дугаар магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Б.Тунгалагмөрөн нь хариуцагч С.Одонтунгалаг, Ж.Батбаатар нарт холбогдуулан зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр 27,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба Ж.Батбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэжээ. Хариуцагч нар нь уг мөнгийг зээлээгүй, Б.Тунгалагмөрөн нь мөнгөө өсгөх зорилгоор Э.Энхчимэгт мөнгө өгснийг дансаараа дамжуулж шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Тунгалагмөрөнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2019.01.18-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны 5031240441 тоот данснаас 20,000,000 төгрөгийг 5029237501 тоот дансанд шилжүүлэхдээ утгыг оогий билетний мөнгө гэж, 2018.12.20-ны өдөр 7,500,000 төгрөгийг 56 2246158 тоот дансанд утгыг Тунгалагмөрөн гэж тус тус шилжүүлсэн байна./хх-3,4/

Хариуцагчийн хүсэлтээр зохигчдын гар утасны харилцан бичсэн мэдээлэлд шүүхээс үзлэг хийж баримтжуулсан байх бөгөөд уг тэмдэглэлд нэхэмжлэгч нь мөнгөө өсгөх зорилгоор хариуцагч С.Одонтунгалагтай харилцаж Э.Энхчимэгт мөнгө шилжүүлдэг, өсгөсөн байдлаар мөнгөө буцаан авч байсан агуулга тусгагджээ. /хх-80-89/

Түүнчлэн 2018.12.20-ны өдрөөс хойш нийт 37,820,000 төгрөгийг хариуцагч С.Одонтунгалаг нь нэхэмжлэгч Б.Тунгалагмөрөнд шилжүүлсэн баримтын тухайд нэхэмжлэгч нь шүүхэд тайлбарлаж чадаагүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хууль хэрэглээний хувьд маргааны үйл баримтад нийцсэн хуулийг хэрэглээгүй байна.

Шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь зөв боловч анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн гучин зургадугаар бүлгээр даалгаврын гэрээний харилцааг зохицуулсан ба энэ гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй. Даалгавар өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүний өгсөн зааврыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ талаар урьдчилан мэдэгдэх боломжгүй байсан, эсхүл мэдэгдсэн боловч зохих хугацаанд хариу аваагүй бол даалгавар гүйцэтгэгч уг зааврыг өөрчлөх эрхтэй. Даалгавар өгөгч нь өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах, гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй гэсэн гэрээний үүргийн тусгай зохицуулалт хийгджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүрэг гэж тайлбарласан, түүнчлэн хэрэгт даалгаврын гэрээний үүргийн зохицуулалтад хамаарах зохигчийн тайлбар болон даалгавар өгөгчийн даалгавар гэж үзэхээр баримт авагдаагүй байх тул зохигчдын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй юм.

Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдлэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэжээ.

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч нарт мөнгө шилжүүлсэн, 2018.12.20-ны өдрөөс хойш нийт 37,820,000 төгрөгийг хариуцагч С.Одонтунгалаг нь нэхэмжлэгч Б.Тунгалагмөрөнд шилжүүлсэн, нэхэмжлэгч мөнгөө өсгөсөн байдлаар буцааж авч байсан тухай зурвасаар харилцаж байсан баримт хэрэгт авагдсан байх тул шилжүүлсэн мөнгийг хариуцагч нараас шаардах эрхгүй, хариуцагч нарыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1955 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01965 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч С.Одонтунгалаг, Ж.Батбаатар нарт холбогдох 27,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Тунгалагмөрөнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

              Г.ЦАГААНЦООЖ

              Д.ЦОЛМОН

              Х.ЭРДЭНЭСУВД