Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/01822

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Л. Х -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:О. Г -д холбогдох,

            Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Х, хариуцагч О.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.                                                                                                     

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болно шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Л.Х би О.Гтай 2016 оны 10 дугаар сарын дундуур өөрийн Жигжидийн зусландаа 6*9 хэмжээтэй мансардтай 105 мкв талбай бүхий орос дүнзэн байшинг 2017 оны 7 дугаар сард барьж дуусгахаар амаар ярилцаж тохирсон. Улмаар 2016 оны 10 дугаар сарын  21-ний өдөр сууриа тавьж ажлаа эхлэе гэхэд 8.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орос руу дүнзэндээ  явъя гэхэд 10.000.000 төгрөг нийт 18.000.000 төгрөг өгсөн. Тэрээр 10-14 хоног Орос руу явж ирээд гэрээгээ албан ёсоор байгуулна, рублийн ханш нэмэгдэхээс өмнө яваад ирье гэхэд нь итгээд мөнгөө өгч явуулсан билээ. Дүнзэндээ яаралтай явлаа гэж худлаа хэлж мөнгө аваад дүнзэндээ явалгүй 11 сарын 20-ны өдөр болсон. 2016 оны  10 сарын сүүлээр ид хүйтэн байхад тусгай бодис хийгээд тавьж байна гээд суурийг хийсэн. Гэтэл уг дутуу хийсэн суурь нь 2017 оны хавар цас хайлахад шууд гараар барихад нураад эхэлсэн. Бид захиалгаа буцаах тухай 2016 оны 11 дүгээр сарын 15-нд түүнд хэлж, мөнгөө буцааж авъя гэж хөөцөлдөж эхэлсэн. Тухайн үед чанаргүй суурь тавьж, биднийг хуурч байгаа тул мөнгийг буцааж өгч биднийг хохиролгүй болго гэж олон удаа хөөцөлдөж 2017 оны 4 дүгээр сарын  24-ний өдөр 2.000.000 төгрөг буцааж авсан. Үлдснийг удахгүй өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй. Бид энэ хугацаанд дутуу, чанарын шаардлага хангахгүй хийсэн байшингийн суурийг дахин бэхэлж тодорхой хэмжээний зардал гаргасан. О.Гд өгсөн мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг хасаад үлдсэн 16.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Анх хэлцлийг иргэн О.Гтай хийж, түүнд мөнгийг өгсөн тул түүнээс гаргуулна. О.Гын компанийн талаар мэдэхгүй, анхнаасаа дүнзэн байшин барих асуудлаар хувь хүн өөрөө ирж уулзаж байсан. Мөнгө хүлээж авсан баримтад комданийн тамга дарахдаа иргэний хувиар авлаа гэдгээ хэлж байсан. Мөн олон ширхэг тоног төхөөрөмж барьцаалсан зүйл байхгүй. Өөрсдөө хоёр ширхэг шавар зуурагчаа хавар болтол байж байг гээд үлдээгээд явсан нь одоо болтол байгаа. Уг төхөөрөмжөө авч болно. Иймд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Иргэн Л.Х нь 2016 оны 10 сарын дундуур Жигжид зуслангийн өөрийн эзэмшил газарт амины орон сууц барих ажлыг эрхлэн явуулдаг “Нью Хаус Доктор" ХХК-тай тохиролцон орос дүнзээр амины орон сууц бариулахаар болсон. “Нью Хаус Доктор” ХХК-ийг би үүсгэн байгуулж, удирдан ажилладаг. “Нью Хаус Доктор” ХХК нь Оросын Холбооны Улсын “Черемхово Дома Сибири” ХХК-тай хамтран ажиллах гэрээний хүрээнд орос дүнзэн байшингийн түүхий эд материал болох орос дүнзийг ОХУ-аас захиалан авдаг. Нэхэмжлэгч Л.Х нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүнзэн байшингийн ажлын хөлсөнд 8.000.000 төгрөг урьдчилан өгсөн. Иймд манай компани ОХУ-ын "Черемхово Дома Сибири” ХХК-тай 2016 оны 10 дугаар 26-ны өдөр гэрээ байгуулан 420.000 рубль буюу 16.800.000 төгрөгийн үнэ бүхий орос дүнзэн байшингийн 26-ын диаметртэй 35 метр куб бэлдэц дүнзийг захиалсан. Мөн тухайн амины орон сууцны суурь болох арматурчилсан шугаман суурьтай 40 метр куб бетон цутгалтын ажлыг эхлүүлсэн.

Ингээд ажлын явцад дүнз захиалсан компанид урьдчилгаа төлбөр төлөх шаардлагатай болсон тул Л.Хгоос 2016 оны 11 дүгээр зарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг авч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 205.000 рубль буюу 8.200.000 төгрөгийг ОХУ-ын ‘Черемхово Дома Сибири” ХХК руу шилжүүлсэн.

Суурийн ажлыг 14 хоног хийж, Улсын Мэргэжлийн Хяналтын газраас дүнз импортлох зөвшөөрлөө хүлээж байх зуур иргэн Л.Х бидэнтэй тохирсон ажлаа хийлгэхгүй хэмээн хэл амаар дормжилж 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн үед ажлыг болиулсан. Тухайн үед Л.Х нь миний таньдаг хүний шугамаар холбогдож харилцан ярилцаж ажлаа эхлүүлж байсан тул бидний хооронд болон “Нью хаус Доктор” ХХК-тай бичгээр гэрээ байгуулж байгаагүй. Гэхдээ Л.Хгоос мөнгийг хүлээн авахдаа “Нью Хаус Доктор” ХХК-ийн санхүүгийн баримтаар хүлээн авч байсан. Би иргэний хувиар оролцоогүй, харин компаниа төлөөлж оролцсон. Мөн гэрээнд гарын үсэг зураагүй ч төслийг нь нэхэмжлэгчид өгсөн байсан. Уг төсөлд компаниар байгаа.

Мэргэжлийн Хяналтын Газрын дүнз импортлох мэдэгдэл нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гарсан. Нэгэнт захиалсан дүнзийг буцаах талаар оросын компанитай үл ойлголцол гарч бидэнд хохирол учирсан. 2017 оны 4 дүгээр сард ОХУ-ын “Черемхово Дома Сибири” ХХК-иас 2.000.000 төгрөгийг хүлээн авч Л.Хд буцаан өгсөн. Үлдсэн 6.200.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан аваагүй байгаа.

Анх тохиролцохдоо 2 давхар 105 мкв талбайтай дүнзэн байшинг нэг мкв-ыг 800.000 төгрөгөөр тооцон нийт 80.000.000 төгрөгөөр 2017 оны 7 дугаар сард барьж дуусгахаар  тохирсон. Үүнээс суурийн ажлыг 3.500.000 төгрөг байхаар, хэрэв газраас хамаарч далий бол үнэ нэмэгдэхийг хэлж байсан. Газар дээр очиж үзэхэд нэхэмжлэгчийн бариулах гэж буй газар их өндөрлөг газар байсан тул тодорхой хэмжээнд суурийн ажлын зардал өсөхийг хэлсэн. Мөн уг газарт техник очиход хүндрэлтэй байсан тул бетон зуурагч, пум түрээслэсэн.

Манай компани Л.Хгийн амины орон сууцны суурийн ажилд 40 метр куб бетон зуурмагт 4.800.000 төгрөг, пумны түрээсэнд 700,000 төгрөг, бетон зуурагчийн түрээсэнд 300.000 төгрөг, арматур, хомд 400.000 төгрөг, ажлын хөлсөнд 1.200.000 төгрөг, эксковатор суурийн газар шорооны ажилд 150.000 төгрөг, хоол хүнс тээврийн зардалд 300.0000 төгрөг, нийт 7.850.000 төгрөг зарцуулсан.

Мөн Л.Х нь манай компанийн болон түрээслэн ажиллуулж байсан бусдын техник тоног төхөөрөмжийг барьцаалан авч үлдсэн. Үүнд 2.500.000 төгрөгийн үнэ бүхий том бетон зуурагч 1 ширхэг, тус бүрдээ 800.000 төгрөгийн үнэ бүхий жижиг бетон зуурагч 2 ширхэг, тус бүрдээ 100.000 төгрөгийн үнэ бүхий шаврын тэрэг 3 ширхэг болно. Нийт барьцаанд авсан техник тоног төхөөрөмжийн үнэ 4.400.000 төгрөг болно. Үүнээс том бетон зуурагч нь иргэн Б.Гантулгын өмч бөгөөд буцаан өгч чадаагүй тул үнийг төлсөн. Суурийг шаардлага хангаагүй гэж байгаа ч өөрсдөө уг суурийг ашиглан байшингаа барьсан байдаг. Иймд иргэн Л.Хгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иргэний хувиар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин компанийн зүгээс 6.000.000 төгрөгийг төлөх саналтай байгаа гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Х нь О.Гд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргааны үйл баримтын талаар дүгнэвэл: 2016 оны 10 дугаар сард нэхэмжлэгчийн эзэмшлийн Жигжид зуслан дахь газарт 105 мкв талбай бүхий дүнзэн байшинг 80.000.000 төгрөгөөр 2017 оны 7 дугаар сарын дотор барьж дуусгахаар амаар хэлэлцэн тохиролцсон, ажлын хөлс 18.000.000 төгрөг хүлээн авсан, 2016 оны 11 дүгээр сард гэрээ цуцлах талаар мэдэгдсэн, 2.000.000 төгрөг буцаан олгосон үйл баримтуудад маргаагүй байна.

Харин хариуцагч иргэний хувиар нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцааг үүсгээгүй тул хариуцах үндэслэлгүй, хуулийн этгээдийн зүгээс 6.000.000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс нэхэмжлээгүй, иргэний хувьд хэлцлийг байгуулсан үндэслэлээр О.Гаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан тодруулав. Түүнчлэн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч мөн адил шаардлагаа тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч солих, хамтран хариуцагч оролцуулах зэрэг санал хүсэлт гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мөнгө хүлээлцсэн баримтад  “Нью хаус доктор” ХХК-ийн тэмдэг дарж баталгаажуулсан байдал,  хүлээн авсан этгээдийг төлөөлж О.Г гарын үсэг зурсан байдал, түүнчлэн уг баримтын ард тал дахь гэрээний төсөлд Гүйцэтгэгч “Нью хаус доктор” ХХК-г төлөөлж захирал О.Г хэмээн дурдагдсан байдал, тус компанийн бүртгэлийн гэрчилгээнд компанийг шууд төлөөлөх эрх бүхий этгээдийг О.Г хэмээн тэмдэглэсэн байдал зэргээс дүгнэн үзвэл нэхэмжлэгч нь “Нью хаус доктор” ХХК-тай хэлцлийг хийсэн гэж үзэхээр байна.

Иймд иргэн Л.Х, О.Г нарын хооронд ажил гүйцэтгэх харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй, О.Г нь хуулийн этгээдийг төлөөлж хэлцэлд оролцсон байх тул иргэнд холбогдуулан гаргасан энэ нэхэмжлэлийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэгэнт талуудын хооронд харилцаа үүсээгүй тул ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээ цуцлах болсон үндэслэл, ажлын доголдол, ажлын хөлсний талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хуулийн этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар О.Гд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ