Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/875

 

 

 

 

 

 

  2022         09         09                                   2022/ШЦТ/875

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга О.Нямгэрэл,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О Бд холбогдох эрүүгийн ... дугаартай 1 хавтас хэргийг 2022  оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 00 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух үндсэн хаягтай боловч ..........аймгийн ........ сумын 0 дугаар баг, .......... гэдэг газар оршин суудаг гэх, Урьд

-Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-г журамлан 10 сар, 11 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольсон, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 02 жил, 10 сар, 11 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн Б овогт О Б /РД:НН00000000/,

Шүүгдэгч ******* нь нүүр номын цахим орчимд “хонь, хурга зарна” гэж хуурамч зар байршуулан бодит байдлыг нууж, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Баатар хайрхны 0 дугаар хэсэг, 000 тоотод оршин суух иргэн Ө.Б-д итгэл төрүүлэн хуурч, 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 110 ширхэг хурга худалдаж авах урьдчилгаа мөнгө гэж 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Цолмонгийн 00-00 тоотод оршин суух иргэн Л.А-ын цахим сүлжээнд “мал авна” гэх байршуулсан зарынх нь дагуу харилцаж, улмаар “та мал авах уу, яаралтай мөнгөний хэрэг байна, хадам ах маань хагалгаанд орох гээд байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс Төрийн банкны 00000000 дугаартай өөрийн дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “...Бүгд миний буруу. Гэм буруугаа хүлээж байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр мэдүүлэхдээ “... Анх Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн шүүхээс нэг жилийн хорих ялаар шийтгүүлсэн үеэс хойш би өмгөөлж эхэлсэн. Ингэхдээ дараагийнх нь хэрэг дээр яллагдагчаар татсан байсан. Давж заалдах шатны шүүхэд хэргийг нэгтгүүлье гэсэн гомдол гаргасан ч шүүх эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг үндэслэн тусад нь шийдвэрлэсэн. Гэтэл Дорнод аймгийн шүүхээр хоёр удаа шийдвэрлүүлж байхад өнөөдрийн энэ хэлэлцэж байгаа хоёр асуудал илрээгүй байсан. Ямар нэг цагдаагаас дуудсан, өргөдөл гомдол өгсөн зүйл байгаагүй. Гэвч өмнөх шүүх хуралдаан хойшилсны дараа Төв аймгаас яллагдагчаар татсан. Цаг хугацааны хувьд 2021 оны 02 дугаар сар, 2021 оны 04 дүгээр сар, 05 дугаар сарын үйлдлүүд нэг л цаг хугацаанд үйлдэгдсэн энэ хэргүүд дээр шүүгдэгч 3 дахь удаагаа ял шийтгүүлж байгаа тул шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байна. Дээрээс нь харьяаллын асуудал хөндөгдөж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гарсан газар буюу гэмт хэрэг төгссөн газрын шүүх хэргийг шийдэх ёстой. Шүүгдэгч хохирогчийг залилж байгаа үйлдлийг бүрэн хүлээн зөвшөөрч, өөрийнхөө гэм бурууг сайн ойлгож байгаа. Хэрэгт татагдсанаас хойш мөрийтэй тоглоом тоглоогүй, нэг ч хууль бус зүйл хийгээгүй. Одоо ээж, 5 сартай хүүхдийн  хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа. Энэ хэргээс болоод нөхөр нь чамтай амьдарч чадахгүй гээд Дорнод аймагт нэг хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлээр хүсэлт гаргая гэхээр хуульд шүүхийн шатнаас урьдчилан хэлэлцүүлэгт буцаахгүй гэсэн өөрчлөлт орсон учраас дээрх үндэслэлээр хүсэлт гаргах боломжгүй байгаа. Гэвч шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.  

Шүүгдэгч ******* нь нүүр номын цахим орчимд “хонь, хурга зарна” гэж хуурамч зар байршуулан бодит байдлыг нууж, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатар хайрхны 2 дугаар хэсэг, 260 тоотод оршин суух иргэн Ө.Б-д итгэл төрүүлэн хуурч, 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 110 ширхэг хурга худалдаж авах урьдчилгаа мөнгө гэж 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Ц- тоотод оршин суух иргэн Л.А-ын цахим сүлжээнд “мал авна” гэх байршуулсан зарынх нь дагуу харилцаж, улмаар “та мал авах уу, яаралтай мөнгөний хэрэг байна, хадам ах маань хагалгаанд орох гээд байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс Төрийн банкны 000000000 дугаартай өөрийн дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Б-ийн өгсөн “...2022 он 02 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк зараар хонь, хурга зарна гэсэн зар байршуулсан байсны дагуу худалдаж авсан бөгөөд надад зарсан хүн нь хөл хорио тавигдахаар хүргэж өгөхөөр тохиролцсон. Тэгээд 7 хоногийн хугацаа өнгөрсний дараа тухайн хүн утсаа унтраагаад алга болсон. Би мөнгөө О овогтой Б гэх хүний 00000000  дугаарын данс руу шилжүүлсэн бөгөөд цахим хаягаар харилцсан хүн нь .................. гэсэн хаягтай хүн байсан. Худалдан авалтыг тохирохдоо 2.750.000 төгрөгөөр тохироод би 1.000.000 төгрөгөөр тохирсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/-р тал,

Ө-ын Б-ийн Хаан банкны 000000000, О Б-гийн Хаан банкны 00000000 тоот харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 25,47/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.А-ын өгсөн “...Би Сүхбаатар дүүрэгт байрлах гэртээ байхдаа мал авна гэсэн зарын цахим сүлжээнд байршуулсан бөгөөд миний зарын дагуу надтай 00000000 дугаарын утаснаас 30 орчим насны эмэгтэй холбогдож, “Та мал авах уу хадам ах маань яаралтай хагалгаанд орох хэрэг гараад байна, урьдчилгаа 3 сая төгрөг шилжүүлчих гэхээр нь би чамд яаж итгэх вэ гэтэл надтай цахим хаягаар дүрсээ харж ярьсан. Ярьж байхад би худлаа ярихгүй би Дорнод аймгийн төв дээр 9 сартай хүүхэд дээ вакцин хийлгэх гээд энд хөл хорионд орчихсон байна. Энэ миний хүүхэд гээд мөөмөө хөхөж байгаа хүүхдийн зураг харуулаад өөрийнхөө иргэний үнэмлэх  болон хадам аав, ээж, нөхрийнхөө иргэний үнэмлэх болон хүүхдийнхээ төрсний гэрчилгээний зургийг явуулсан. Тэгэхээр нь би итгээд мөнгөө шилжүүлсэн боловч залилуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.У-ын өгсөн “...Би 2021 оны 05 дугаар сарын 04-өөс 05-ны өдрүүдэд Дорнод аймгийн фейсбүүк зарын групп дээр “тугалтай үхэр худалдаж авна” гэсэн зар оруулаад нөхрийнхөө дугаарыг тавьсан. Гэтэл нэг эмэгтэй манай нөхрийн дугаар руу залгаад манайх Дорнод аймгийн Дашбалбар суманд амьдардаг, би хүүхдээ аваад Дорнод аймгийн төв дээр ирсэн байна, манай хадам хагалгаанд орох гээд манайх үхрээ зарах гэж байгаа, урьдчилгаа 3 сая төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би танай хадмуудтай болон нөхөртэй чинь ярья гэтэл манай хадмууд сүлжээгүй газар байгаа, манай нөхөр үдээс хойш тантай ярина гэсэн гээд өөрийнхөө болон нөхрийнхөө, хадам аав, ээжийнхээ цахим иргэний зургийг явуулахаар нь би итгээд Б гэх эмэгтэйн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/-р тал,

Яллагдагч *******-гийн Төрийн банкны 000000000 тоот дансанд 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийн орлого орсон, мөн Л.А-ын Хаан банкны 00000000 тоот данснаас 3.000.000 төгрөгийн зарлага гарсан гэх дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 77-80/-р тал зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 Аливаа юмс үзэгдэл, үйл явц нь тодорхой шалтгааны улмаас бий болдог бөгөөд энэхүү ойлголт нь гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох бөгөөд Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд ач холбогдолтой.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь аливаа гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог нэгэн төрлийн зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

Түүнчлэн гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар гадны ямар нэгэн нөлөөгүйгээр тухайн хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг.

Шүүгдэгч ******* нь хуурч, бодит байдлыг нуух замаар өөртөө байхгүй эд хөрөнгийг байгаа мэтээр бусдад ойлгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан дээрх үйлдэл нь өөр бусад хүмүүсийн үйлдэл эс үйлдэхүйтэй холбоотой үйлдэгдсэн гэж дүгнэх боломжгүй.

Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагддаг бөгөөд залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт мал зарна гэж хийсвэр зүйлийг бодит мэтээр ойлгуулж, тэдгээрийн эд хөрөнгийг залилан авч хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******гийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл ******* нь анхнаасаа хохирогч нарт мал зарах боломжгүй гэдгээ өөрөө мэдсээр байж мал зарна гэсэн хуурамч итгэл үнэмшил төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байгаа шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч *******г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Өмнөх зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэргээс үүдсэн хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх бүрэн боломжтой. Хохирол төлбөрөө төлөхийг илэрхийлсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгчийн зүгээс “...нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хохироос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргажээ.  

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх аливаа гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдсөн эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тус зүйл хэсэгт заасан ялын төрлүүдээс сонгон оногдуулах бөгөөд тухайлан сонгон оногдуулж буй ял нь тухайн этгээдийн хувийн байдалд хамгийн зүй зохистой байдлаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Залилах гэмт хэргийг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөөгүй байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч *******гийн хувийн байдал, түүний гэр бүлийн байдал, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид ажил хөдөлмөр эрхэлж үр хүүхэд, гэр бүлээн тэжээн тэтгэх талаар хариуцлага хүлээж байгаа байдал зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Нөгөөтээгүүр шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан буюу залилах гэмт хэргийг 3 дахь удаагаа шүүхээс гэм буруутайд тооцогдож байх бөгөөд шүүхээс шүүгдэгч *******д хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж байгаа нь түүнд итгэл хүлээлгэх замаар нийгэмд зөв зүйтэй ухамсраар ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг олгож байгаагийн нэг хэлбэр мөн бөгөөд цаашид ******* нь өөрийн гэм буруутай үйлдэлд үнэлэлт, дүгнэлт өгөх замаар хуулиар тогтоосон нийтээр дагаж мөрдвөл зохих ёс зүйн болоод зан заншлын хэм хэмжээг өөрийн амьдралд хэвшил болговол зохино.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг өнөөдрийн байдлаар нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч *******гаас нийт 4.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ө.Б-д 1.000.000 төгрөгийг, хохирогч Л.Ат 3.000.000 төгрөгийг олгуулах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О Бг үргэлжилсэн үйлдлээр, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /Дөрвөн зуу/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас нийт 4.000.000 /Дөрвөн сая төгрөг/-г гаргуулж, хохирогч Д овогт Ө-ын Б /РД:НН00000000/, 1.000.000 төгрөгийг, хохирогч О овогт Л-ийн А /РД:НН00000000/-д 3.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ИДЭР