| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2018/00392/И |
| Дугаар | 183/ШШ2018/02487 |
| Огноо | 2018-11-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2018/02487
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б
Хариуцагч: Н.Ч
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, /13361/, Б.Доржийн гудамж, *********** тоот, 35 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Б намайг тогтоож, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Б миний нэр дээр гаргуулахыг даалгаж, Н.Ч, Б.Б нарын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж, ***** тоот хаягт байрлах нэг өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Бби 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.Ч захиралтай ******** ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж урьдчилгаа төлбөр 15 000 000 төгрөг төлж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд баригдаж байгаа 5 давхар 30 айлын барилгын 17 тоот 1 өрөөг захиалсан. Гэрээний дагуу байр ашиглалтанд орох хүртэл сар бүр 2 000 000 төгрөг төлж, нийт 26 600 000 төгрөгийн төлбөрөө 100 хувь төлөөд 2010 онд байрандаа нүүж орсон. Гэтэл захиалагч миний зүгээр дээрх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн байтал, харин гүйцэтгэгч “********” ХХК-ийн захирал Н.Ч нь гэрээнийхээ үүргээ зөрчиж орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхгүй олон жил чирэгдүүлж хохирооосоор байгаа юм. Мөн энэхүү хугацаанд ******** ХХК-ийн захирал Н.Ч, н.Д, П.А нарт холбогдох эрүүгийн 20935612 тоот хэрэг шалгагдаж, эцэслэн шийдвэрлэгдэхгүй олон жил дамсан бөгөөд сая 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 36 тоот Нийслэлийн Прокурорын газрын прокурорын “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гарч иргэний шүүхэд хандах эрх нээлттэй болсон. “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу захиалагч Г.Б би гэрээний үүргээ биелүүлсэн гэдэг нь миний ******** ХХК-тай байгуулсан гэрээ болон гэрээний дагуу захиалагч Г.Б миний зүгээр мөнгө тушаасан баримтууд, мөн байранд нүүж орон үед төлбөр бүрэн төлсөн гэдгийг нотлох “50 дугаар байрны 17 тоот Б тооцоогүй” тухай бор дэвтэр дээрээ тодруулж тэмдэглэж бичсэн зэрэг баримтуудаар төлбөр нотлогдож байна. Иймд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, /13361/, Б.Доржийн гудамж, *********** тоот, 35 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Бнамайг тогтоож, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Бминий нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү. Хэдийгээр миний бие Г.Бнь ******** ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан боловч 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/12249 тоот Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар ******** ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр татан буугдсан байх тул ******** ХХК-ийн захирал Н.Чад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч талын зүгээс Н.Ч, Б.Бнарын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж, ***** тоот хаягт байрлах нэг өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Г.Бтай байр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан боловч байрны үлдэгдэл төлбөр 5 600 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, нийт 8 600 000 төгрөгийг төлөлгүйгээс гэрээний маргаан үүсч, байр худалдах, худалдан авагчаас байрны төлбөрийн үлдэгдлийг олон жил төлөхийг шаардсан боловч төлөхгүй байсаар манай компанийн талаас гэрээнээс татгалзаж, энэ тухайгаа 2014 онд нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч Г.Бнь маргасаар өдийг хүрсэн. Иймээс манай компани тус байрыг төлбөр тооцоонд үндэслэж бусдад шилжүүлсэн бөгөөд одоо нэхэмжлэлд дурдсан байр нь гуравдагч этгээдийн өмчлөлд байгаа болно. Мөн бидний хувьд гэрээнээс татгалзсан гэрээ цуцлагдсан тул Г.Бын байр худалдан авсан мөнгөн төлбөрийг буцааж төлөх үүрэгтэй болно гэжээ.
Хариуцагч 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Иргэн Гомбосүрэн овогтой Б нь ******** ХХК-тай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 50 дугаар байрны 17 тоотыг худалдан авахаар тохиролцож, орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байсан. Гэхдээ Г.Ббайрандаа нүүж ороод 3-4 жил амьдарсан боловч гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Байрны үлдэгдэл төлбөр болох 6 000 000 төгрөгийг төлөх боломжгүй гэж компанитай маргах болсон юм. Г.Б П.А гэгчид үлдэгдэл төлбөрөө өгсөн учир байрны тооцоо дууссан гэж ярьдаг. Гэтэл Г.Бнь байр захиалагчийн хувьд өөрийн захиалсан байрны үлдэгдэл төлбөр тооцоог компанийн дансаар юм уу, санхүү хариуцсан ажилтанд мөнгөө тушаах үүрэгтэй. Энэ үүргээ зөрчиж хэн нэгэнд өгсөн юм уу зээлдүүлсэн мөнгөө компанийн орлогод тооцуулах гэж компанийн удирдага болон санхүүгийн захиралтай маргах болсон. Сүүлдээ бусдыг заналхийж ална хядна гэдэг болсон учир арга буюу 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр компанитай байгуулсан гэрээний 3.1.9 дэх хэсэгтзаасан үндэслэлээр компанийн зүгээс гэрээнээс татгалзаж байгаагаа албан ёсоор Г.Бд мэдэгдэж, тус гэрээ цуцлагдсан. Харин Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлстээс П.Атай холбоотой гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийг хэргийг шалгагдаж дуустал байрнаас нь нэг ч хохирогч гаргаж болохгүй гээд байрнаас нь гаргуулаагүй. ******** ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах Г.Бын гэрээ 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон. Нэгэнт гэрээ дуусгавар болсон учир тус байрыг компанийн зүгээс гуравдагч этгээдийн өмчлөлд шүүхийн шийдвэрээр шилжүүлсэн. Мөн нөгөө талаас Цагдаа, прокурорын байгууллагаас манай компанид Г.Бнь үлдэгдэл төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож өөрт учирсан хохиролыг шүүхийн журмаар П.Ааас гаргуулж, авах тухай прокурорын тогтоол гарсан байгаа. Мөн ******** ХХК-тай Г.Бын байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр цуцлагдаж дуусгавар болсон байхад надаас Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол /13361/, Б.Доржийн гудамжны *********** тоот, 35 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Г.Быг тогтоож, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Г.Бын нэр дээр гаргуулахыг надад даалгаж байгаа нь боломжгүй юм. Учир нь ******** ХХК-тай байгуулсан гэрээний үр дагаврыг миний бие хариуцахгүй. Компанийн тухай хуулиар тухайн аж ахуйн нэгж нь үүсгэн байгуулагдсанаар эрх зүйн субъект болж татан буугдсанаас дуусгавар болдог хуультай гэж ойлгож байна. Иймд Г.Баас гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, /13361/, Б.Доржийн гудамж, *********** тоот хаягт байрлах, 35 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж, ***** тоот хаягт байрлах нэг өрөө орон сууцыг Н.Чаас Б.Б-дбэлэглэсэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор хариуцагч Н.Чаас шаардаж байна.
Хариуцагч Н.Ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд Г.Бтай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний оролцогч биш, иргэн надтай гэрээ байгуулаагүй, Их-Өвөр ХХК-тай гэрээ байгуулсан, компани татан буугдаж, маргааны зүйл болох орон сууц гуравдагч этгээд Б.Б-ийн өмчлөлд шилжсэн ба энэ үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, нэхэмжлэгч орон сууцны төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул гэрээ цуцлагдсан, “Их-Өвөр” ХХК-ийн менежер П.А хуурамч бичиг баримт үйлдэж нэхэмжлэгчээс төлбөр авсан тул энэ хэргийн хариуцагч биш гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Гуравдагч этгээд Н.Б: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансар хотхонд байрлах 136 айлын орон сууцыг иргэн Н.Ч захиалан бариулж, барилга угсралтын ажлыг Нарантээл ХХК гүйцэтгэснийг 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдөр улсын комисс 431/2012 тоот актаар байнгын ашиглалтад хүлээн авсан, үүнээс хойш маргаан бүхий 50 дугаар байрны 17 тоот орон сууц нэхэмжлэгч Г.Бын эзэмшил ашиглалтанд байгаа бөгөөд орон сууцны өмчлөх эрх 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Н.Чын өмчлөлд бүртгэгдэж, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрэгээр Н.Б т шилжиж тэрээр мөн өдрөө өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Н.Чын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхоны 50 дугаар байрны 17 тоот орон сууцыг Н.Бт бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд 102/ШШ2018/00736 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, өнөөдрийн байдлаар ******** ХХК татан буугдсан зэрэг үйл баримт тогтоогдох ба эдгээрт талууд маргаангүй. /хх-17, 18,19, 22, 23, 55-56, 208-211 ху/
Харин орон сууц захиалан бариулах гэрээ иргэд хооронд эсхүл иргэн хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан эсэх, уг гэрээ цуцлагдсан эсэх, орон сууцны төлбөрийг зохих этгээдэд төлсөн эсэх, нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэх талаар маргаантай.
Нэхэмжлэгч Г.Б, ******** ХХК нарын хооронд 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар 30 айлын орон сууцны 5 дугаар давхрын 17 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг 26 600 000 төгрөгөөр захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан ба уг гэрээг шүүх шинжлэн судлаад, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар бичгээр илэрхийлж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнээд, маргаан бүхий орон сууцыг 2012.12.03-ны өдөр улсын комисс хүлээн авсан, талууд гэрээгээр барилгын материалыг гүйцэтгэгч тал бэлдэх, өрөөний зохион байгуулалтанд захиалагчийн санаачилгаар өөрчлөлт оруулах тохиолдолд холбогдох зардлыг өөрөө хариуцах талаар заасан зэргийг харгалзан үзээд эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна гэж дүгнэлээ. /хх 11-14 ху/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хариуцагч, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний оролцогч биш гэж маргах боловч “Их-Өвөр” ХХК нь 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд нэг үүсгэн байгуулагчтайгаар бүртгэгдсэн ба хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь Н.Ч болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогддог бөгөөд өнөөдрийн байдлаар ******** ХХК татан буугдсан гэж тайлбарлаж байна. /хх 22-23 ху/
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж заасан.
Хариуцагч Н.Ч ийнхүү компанийн хөрөнгө болон хувийн эд хөрөнгөө хэрхэн заагласан нь тодорхойгүй, маргаан бүхий орон сууцны барилга болох 136 айлын орон сууцны барилгыг иргэнийхээ хувиар захиалан бариулсан нь улсын комиссын актаар нотлогдож байгаа тохиолдолд хариуцагчийг эрх зүйн харилцааны оролцогч биш гэж үзэхгүй бөгөөд гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. /хх 208-211 ху/
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, маргаан бүхий орон сууц ашиглалтанд орсноос хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Г.Бын эзэмшилд байгаа болох нь орон сууц ашиглалтын зардал төлсөн баримтаар нотлогдох ба гэрээний 1.5-д төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэжээ. /хх 49-157 ху/
Гэтэл хариуцагч Н.Ч дээрх үүргээ биелүүлээгүй нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгүүлснээр тогтоогдох бөгөөд захиалагч хөлс төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээг цуцалсан гэж маргах боловч хэрэгт авагдсан гэрээ цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх, гүйцэтгэгч гэрээг цуцлахдаа хуульд заасан журмыг баримталсан зэрэг нь нотлогдохгүй байна. /хх 65 ху/
Мөн нэхэмжлэгч гэрээний дагуу 26 600 000 төгрөг төлсөн гэж тайлбарлаад тайлбараа нотлохоор 2009.12.12-ны өдөр 15 000 000 төгрөг, 2010.01.25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2010.03.04-ний өдөр 2 000 000 төгрөг, 2010.03.29-ний өдөр 2 000 000 төгрөг, 2010.06.25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2010.08.16-ны өдөр 1 000 000 төгрөг, 2010.05.04-ний өдөр 2 000 000 төгрөг төлсөн баримууд ирүүлснийг нэгтгэхэд 26 000 000 төгрөг байх ба хариуцагч 21 000 000 төгрөг төлсөн гэж маргах боловч нэхэмжлэгчийн ирүүлсэн дээрх баримтыг няцааж чадаагүй тул орон сууцны үнийг дутуу төлсөн гэх татгалзал үндэслэлгүй гэж дүгнэлээ. /хх 15-16 ху/
Улмаар, хариуцагчийн захиалагч орон сууцны төлбөрийг эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн гэх татгалзлыг мөн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, ******** ХХК-ний менежерээр ажиллаж байсан П.А орон сууц захиалан бариулах гэрээ болон орон сууц түрээслэхээр мөнгөө өгсөн 23 иргэний 111 010 000 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-т заасан гэмт хэрэгт шалгагдаад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 275 тоот прокурорын тогтоолоор нотлогдож байна.
Дээрхээс үзэхэд П.А нь ******** ХХК-ний менежерээр ажиллаж байсан үйл баримт тогтоогдох ба захиалагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтанд орон сууцны үнийг төлсөн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй тул гүйцэтгэгчийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээс чөлөөлөхгүй юм. Харин тухайн аж ахуйн нэгж, эсхүл түүний эрх залгамжлагч байгууллагын итгэмжлэгдэн хариуцсан этгээд эд хөрөнгө завшсан, үрэгдүүлсний улмаас учирсан хохирлоо зохих этгээдээс шаардах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй.
Хариуцагч Н.Ч, гуравдагч этгээд Н.Б нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар 30 айлын орон сууцны 5 дугаар давхрын 17 тоот хаягт байрлах, 35 м.кв талбай бүхий, 25 000 000 төгрөгийн үнэтэй, 1 өрөө орон сууцыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагын тухайд,
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байдлаар шаардлагаа нэмэгдүүлсэн ба бэлэглэлийн гэрээний талууд, бэлэглэлийн гэрээг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж маргадаг.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Н.Ч, Н.Б нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэргээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж, 280 дугаар зүйлийн 280 дугаар зүйлд бэлэглэлийн гэрээг хүчингүй тохиолдлыг тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгч дээрх бэлэглэлийн гэрээг сонирхогч этгээдийн хувиар, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэсэн үндэслэлээр гаргасан нь маргааны зүйл, түүний үндэслэлийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан гэх хариуцагчийн татгалзалд хамаарахгүй.
Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байгуулагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус байхаар тус тус заасан бөгөөд хууль зөрчсөн гэдгийг хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй, тухайн зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан ба хариуцагч Н.Ч хуульд заасан энэхүү үүргээ зөрчиж гуравдагч этгээдэд маргааны зүйл болох орон сууцыг бэлэглэсэн нь хэлцлийн үндэслэлтэй байх эрх зүйн зарчимд нийцэхгүй байна.
Иймд бэлэглэлийн гэрээ хариу төлбөргүй нэг талын гэрээнд хамаарах тул энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагаварыг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдаад Н.Ч, Н.Б нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэргээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ.
Эцэст нь дээрхийг нэгтгэвэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргийг гүйцэтгэгч зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнээд Г.Быг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар 30 айлын орон сууцны 5 дугаар давхрын 17 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204054707 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэлээ.
Түүнчлэн, Г.Бын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийг бүртгэж гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай шаардлага нь өмчлөх эрхийг баталгаажуулахтай холбоотой буюу бие даасан шаардлага гэж үзэхээргүй байх тул шүүх бие даасан шаардлагын хэмжээнд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг дурдаж байна.
Мөн шүүх,
-нэхэмжлэгч Г.Бын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг маргаан бүхий орон сууцтай холбоотой гомдлоо эрүүгийн журмаар шалгуулж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосноор тасалдсан, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байх зохицуулалтад хамаарна гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн,
-Хариуцагчид тухайн өдрийн шүүх хуралдааны товыг 2018.10.24-ний өдөр биечлэн, гуравдагч этгээдад утсаар тус тус мэдэгдсэн ба 2018.11.07-ны өдрийн 09.00 цагт товлогдсон хуралдааныг 09.15 минутад нээхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хуралдаан давхцсан үндэслэлээр, хариуцагч, гуравдагч этгээд нар ирээгүй, ямар нэг хүсэлт баримт ирүүлээгүй байсан тул шүүх ирцийн асуудлыг шийдвэрлэхээр хуралдааныг завсарласан. Ингээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаан давхцсан болох нь нотлогдохгүй, хариуцагч, гуравдагч этгээд нар хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжүүлэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захиарамжийг уншиж сонсгоход хариуцагч Н.Ч шүүх хуралдааны танхимд орж ирсэн ба нэхэмжлэгч нэгэнт хариуцагч шүүх хуралдаанаас хоцорсон тул түүний эзгүйд хуралдааныг үргэлжүүлэх санал гаргаснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-д тус тус зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Н.Чаас Н.Бт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, /13361/, Б.Доржийн гудамж, *********** тоот, 35 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204054707 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Г.Быг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 640 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 640 900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ