Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221002880333 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

мөн Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 137 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж байсан, Бодонгууд овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, 21 дүгээр байрны зүүн талын зогсоолд зогсож байсан 51-91 ДОР улсын дугаартай машинаас хохирогч туслах явцдаа түүний эзэмшлийн “iPhone-Х” загварын гар утсыг хулгайлж бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ээжийнхээ гэрт хоночихоод архи авахаар өглөө эрт дэлгүүр гарсан. Тэр үед нэг эмэгтэй намайг дуудаад “Миний гар хөл татаад байна, та машин бариад эмнэлэг хүргээд өгөөч” гэж гуйсан. Би архи уучихсан байсан тул машин барихгүй гэж хэлээд нөгөө эмэгтэйн гар хөлийг илж өгсөн боловч татаад зүгээр болохгүй байсан. Ингээд би дэлгүүр орж нөгөө эмэгтэйд ундаа авч өгсөн. Машинд ороод суухад жолоочийн эсрэг талын суудлын хажууд гар утас байхаар нь би аваад халаасандаа хийсэн. Тэгтэл тэр эмэгтэй “миний утас байхгүй байна, та залгаад өгөөч” гэхээр нь би утасгүй гэж хэлээд явсан. Би 20 дугаар байрны сүүдрэвчинд архиа ууж дуусгаад утсыг нь эргүүлж өгөхөөр очиход тухайн хүн байгаагүй. Би тэр өдөр ангийн уулзалттай байсан болохоор 16 дугаар байшинд байх ээжид утсыг аваачиж өгсөн. Би ээжид “хүний утас шүү, залгавал авч утсыг эргүүлж өгөөрэй” гэж хэлээд утсыг орхиод явсан. Би Улаанбаатар хотод 20 гаруй хоног ажил хийж байгаад ирэхэд намайг цагдаагаас дуудсан” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний бие өвдөөд байсан тул эгчийндээ очиж тариа хийлгэхээр 51-91 ДОР тээврийн хэрэгсэлтэй явсан. Эгчийн гэр рүү явж байхад миний бие өвдөөд машинаа барьж чадахгүй болоод замаасаа гараад 21 дүгээр байрны баруун хойд талд зогсоод тэнд явж байгаа хүмүүсээс тусламж гуйхад саарал өмд, хар куртик, хар малгайтай 50 орчим насны эрэгтэй хүн ирсэн ба би тэр хүнд хандаж “миний бие өвдөөд, гар татаад байна, та миний машиныг бариад гэрт хүргээд өгөөч” гэхэд тэр ах машин барьж чадахгүй гээд миний гарыг барьж өгч байгаад ус аваад ирье гээд явсан. Тэгээд ирэхдээ нэг жижиг ундаа, нэг жижиг архи авч ирээд архиа өөрөө уугаад намайг уух уу гэхээр нь би уугаагүй. Тэр үед машины голын хайрцаг дотор байсан утас байхгүй байхаар нь ахад хандаж “миний утас руу залгаад өгөөч” гэж хэлтэл би утасгүй гэж хэлээд их яарсан байдалтай “ах нь бие засаад ирье” гэж хэлээд машинаас буугаад 21 дүгээр байрны баруун талаар урагшаа гүйгээд явсан. Би машин дотроо хэсэг сууж байгаад очтол тэр хүн байгаагүй. Миний машинд тэр хүнээс өөр хүн суугаагүй. Би утсаа машиныхаа голд тавьсан. ...өөрийн алдсан гар утсаа хүлээж авсан тул надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 12-14, 15-16/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...21 дүгээр байшингийн баруун хойд буланд явж байсан чинь тээврийн хэрэгсэлтэй үл таних эмэгтэй надад хандаж “Ахаа та хүрээд ирээч, миний гар хөл татаад байна, та миний машин бариад эмнэлэгт хүргээд өгөөч” гэж гуйсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир түүнийгээ хэлээд машин барьж чадахгүй гэж хэлсэн. Дараа нь түүний гар хөлөнд иллэг хийж өгсөн боловч сулрахгүй байхаар нь би түүнд уух юм аваад ирье гэж хэлээд 24 дүгээр байрны дэлгүүр лүү явж 200 граммын архи, жижиг ундаа 1 ширхгийг аваад  нөгөө эмэгтэйд ундаа өгөөд архи уух уу гэхэд үгүй гэж хэлсэн. Ингээд би машинд ороод жолоочийн эсрэг талын суудалд суухад суудлын хажуу талд гар утас байхаар нь аваад халаасандаа хийсэн. Бид хоёр хэсэг юм яриад сууж байхад нөгөө үл таних эмэгтэй “Ахаа миний гар утас байхгүй байна, та залгаад өгөөч” гэхээр нь би гар утасгүй явж байсан учир түүнийгээ хэлээд ах нь шээгээд ирье гэж хэлээд машинаас гарч 21 дүгээр байшингийн баруун талаар тойрч урагш гарч яваад 20 дугаар байрны саравчинд очиж архиа ууж дуусгаад машин дотор байсан гар утсыг буцааж өгөх гэж ирсэн боловч нөгөө эмэгтэй машинтайгаа явчихсан байсан. Үүний дараа ээж Цэрэндуламын гэрт буцаж очоод “Энэ гар утас дуугарах юм бол аваад гэрээ зааж өгөөд, авна гэсэн хүнд нь өгөөрэй” гэж хэлээд үлдээгээд явсан. Би тухайн өдөр ангийнхаа уулзалтанд оролцохоор Улаанбаатар хот явсан...” гэжээ. /хх-ийн 36-37/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

Гар утас хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тайлан /хх-ийн 25-32/

*******ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 39-40/

*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 50/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/

Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 71/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Бодонгууд овогт ******* ******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 06 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны зүүн талын зогсоолд байсан 51-91 ДОР улсын дугаартай Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслээс хохирогч эзэмшлийн “iPhone X загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн “...Машинд ороод суухад жолоочийн эсрэг талын суудлын хажууд гар утас байхаар нь би аваад халаасандаа хийсэн. Тэгтэл охин “миний утас байхгүй байна, та залгаад өгөөч” гэхээр нь би утасгүй гэж хэлээд явсан. Би 20 дугаар байрны сүүдрэвчинд архиа ууж дуусгаад утсыг нь эргүүлж өгөхөөр очиход тухайн хүн байгаагүй. Би тэр өдөр ангийн уулзалттай байсан болохоор 16 дугаар байшинд байх ээжид утсыг аваачиж өгсөн. Би ээжид “хүний утас шүү, залгавал авч утсыг эргүүлж өгөөрэй” гэж хэлээд утсыг орхиод явсан. Би Улаанбаатар хотод 20 гаруй хоног ажил хийж байгаад ирэхэд намайг цагдаагаас дуудсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...Тэр үед машины голын хайрцаг дотор байсан утас байхгүй байхаар нь ахад хандаж “миний утас руу залгаад өгөөч” гэтэл би утасгүй гэж хэлээд их яарсан байдалтай ах нь бие засаад ирье гээд машинаас буугаад 21 дүгээр байрны баруун талаар урагшаа гүйгээд явсан. Би машин дотроо хэсэг сууж байгаад очтол тэр хүн байгаагүй. Миний машинд тэр хүнээс өөр хүн суугаагүй. Би утсаа машиныхаа голд тавьсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гар утас хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч *******өд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх”-ийг хянаж, үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулах атал прокуророос шүүгдэгч *******тэй хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг тохиролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Гэвч энэхүү хуулийн буруу хэрэглээг зөвтгөж шийдвэрлэх нь прокурорын шүүгдэгчтэй тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналд нөлөөлөхгүй тул шүүхээс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хууль бусаар авсан эд зүйлийг буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч 550,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчийн “iPhone X загварын гар утсыг буцаан хүлээлгэн өгч, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******өд тэнссэн 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******өд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА