Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/314

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Мд холбогдох эрүүгийн 2234000000298 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бага боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, охины хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,  урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Т.М.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 1-р ферм А8-3-2 тоотод байх өөрийн гэртээ хүргэн Ю.Мөнхбаяртай хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нуруун тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

   Шүүгдэгч Т.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр хүргэн Баяраа хоёр үхэр авахаар манайд ирсэн. Манай гэрийн бүрээс унасан байхаар нь миний хүү гэрийн бүрээс янзалчих, аав нь гар хөл муу гэж хэлсэн. Тэгээд янзлаагүй байсан. Тэрнээс болж хэрүүл маргаан болсон. Учир нь цагаан давуу байхгүй гэр норчих гээд байсан юм. Тэгтэл хүргэн чадахгүй гэж уурлаад маргалдсан гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 1-р ферм А8-3-2 тоотод байх өөрийн гэртээ хүргэн Ю.Мөнхбаяртай хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нуруун тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000298 дугаартай хэрэгт авагдсан

 

            Хохирогч Ю.Мөнхбаярын өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хотоос малжуулах төслөөс өгсөн хоёр тооны үхэр авах зорилгоор хотоос хадам аав Т.Мгийнд ирсэн. Оройтоод хадам аав, ээж хоёртой нэг шил архи хувааж уугаад амарсан. Тэгээд өглөө нь босоод 306-р дугаар зөрлөгт байх хадам ах Бөхөөнийд очиж бас архи уугаад орой гэрт ирсэн. Явахдаа хадам аав ээжийн хамт явсан ба хамт архи уусан. Тэгээд буцаад гэртээ ирсэн. Хадам ээж замаасаа нэг шил архи авсан байсан ба түүнийгээ гэрт ирээд хадам ээж ганцаараа шахуу уусан би амрах гээд газар ор засаад унтсан. Тэгсэн гэнэт охин маань таны нуруунаас цус гараад байна гэхээр нь босоод харсан чинь зүүн далны доод талаас цус гарч байсан. Тэгээд эмнэлэгт цус алдаад байна хутгалуулчихлаа гэсэн дуудлага өгсөн..., тухайн үед би согтуу байсан болохоор санахгүй байна..., хадам ээжтэй хардаж хутгалсан гэсэн..., гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-12 тал/,

 

            Сэжигтнээр Т.Мгийн өгсөн: Өчигдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өглөө хүргэн Мөнхбаярт “чи гэр орноо цэвэрлэхгүй архи уугаад байх юм гэж” хэлсэн. Тэгсэн “хөгшин кулказ битгий хуцаад байгаарай” гэхээр нь “за, за” юм хэлж болохоо болчихсон юм байна гэж бодоод тэгээд 306 дугаар зөрлөг рүү үхэр ачиж ирэхээр хүргэн Мөнхбаяр хүнтэй хамт явсан. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад үхрээ аваад согтуу ирээд архи гаргаж ирээд манай эхнэртэй хоёулаа уугаад байсан. Миний бие өвдөөд орон дээр хэвтэж байтал янз бүрийн үгээр дайраад л байхаар нь босоод чи одоо боль гэж хэлтэл надруу агсараад өдөөд дайраад байхаар нь “за согтуу хүнтэй юу ярих бэ” гэж бодоод тоохгүй байж байтал гадаа гараад намайг өдөөд хэрүүл өдөөд тэгснээ тоосгоор миний толгой орчим цохихоор нь чи ер нь намайг яаж дээрлэхэх гэсэн юм бэ гээд гэр лүү орж шүүгээн дээр байсан хутгыг авч нурууруу нь нэг удаа хатгасан. Тэгээд холдоод явсан. Цагдаа ирэхээр нь буцаж ирсэн..., бусдын биед хутгаар гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-н 16-17 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаартай “1. Ю.Мөнхбаярын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт/хх-19-20 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, эд зүйл эд мөрийн баримтаар хураасан тэмдэглэл /хх-н 5 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Т.М гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ю.Мөнхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Т.М малчин, Төв аймаг, Батсүмбэр суманд ам бүл 3, эхнэр, охины хамт оршин суудаг, одоо 62 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Ю.Мөнхбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн/хх-14 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2234000000298 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогч Ю.Мөнхбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч Т.Мд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогч Ю.Мөнхбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Мд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН