| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0299/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/316 |
| Огноо | 2022-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Шүүгдэгч А.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Мт холбогдох эрүүгийн 2234000000281 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, А.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Мнь согтуугаар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут 3 дугаар багийн нутагт өөрийн гэрийн гадаа Г.Батбилэгтэй маргалдаж улмаар Г.Батбилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч А.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Мнь согтуугаар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут 3 дугаар багийн нутагт өөрийн гэрийн гадаа Г.Батбилэгтэй маргалдаж улмаар Г.Батбилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн 2234000000281 дугаартай хэрэгт авагдсан
Хохирогч Г.Батбилэгийн өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 8 цагийн үед үхрээ хайгаад Мөнхөөгийнд орсон. Тэгээд үхрээ асуугаад байхгүй болохоор нь Тээлийн гол явсан. Тээлд хайж байгаад буцаж байтал Мөнхөө ах намайг дуудсан. Яваад очтол надад архи хийж өгөхөөр нь уухгүй гээд тэрнээс болж муудалцсан. Мөнхөө миний нуруу, толгой зэрэг газруудад удаа дараа өшиглөсөн.” гэх мэдүүлэг/хх-9 тал/,
Гэрч Ц.Ганбаатарын өгсөн:...худаг дээр байхад Билгээ гэх залуу ирээд Мөнхөө гэх залуутай муудалцсан байсан.., юунаас болж муудалцсаныг мэдээгүй гэх мэдүүлэг /хх-12-13 тал/,
Шүүгдэгч А.Мөнхбаатарын яллагдагчаар өгсөн: Би Төв аймгийн Угтаалцайдам 3 дугаар баг Садрах гэх газар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ байж байхад 11 цагийн үед Батбилэг гэх нэг нутгийн залуу манайд ирээд манай үхрийг харсан уу гэж асуугаад яваад 1 цаг гарны дараа Батбилэг намайг худаг дээр мал услаад байж байхад ирээд намайг “та үхэр авчихлаа” гээд хэлээд намайг хулгайд хардаад би буцааж өөрийн малыг яая гэж байхад чиний малаар яадаг юм гээд хэрэлдээд бид хоёр хоорондоо маргалдаад барилцаж аваад ноцолдож байхдаа би Батбилэгийн зүүн шанаа орчим руу нэг удаа цохиод, нуруу болон бие рүү хоёр удаа цохисон, Батбилэг ч гэсэн миний бие рүү цохиж харилцан ноцолдоод салсан. Батбилэг тухайн үед согтуу морьтой ийш тийшээ яваад байсан гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйгийн өгсөн:...Иргэн А.Мнь Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут 3 дугаар багийн нутагт 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.Батбилэгийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулж хохирогч Г.Батбилэг нь 2022 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Гэмтэл Согог сэргээх Үндэсний төвийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 214.000 төгрөгний зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч А.Мөнхбаатараас гаргуулж Эрүүл Мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэх /хх-47-48 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 292 дугаартай “1.Г.Батбилэгийн биед зулайд шарх, зүүн дал, мөрөнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, Зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт. Зүүн бугалганд цус хуралт. Баруун зовхи, зүүн өвдөг, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хх-17-18 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч А.Мгэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Батбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч А.Мнь малчин, Төв аймаг, Угтаалцайдан суманд ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, одоо 48 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч А.Мнь хохирогч Г.Батбилэгт 1.000.000 төгрөг төлсөн гэж шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн 2234000000281 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч А.Мнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатарыг 600/зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Мнь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч А.Мт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Мнь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Батбилэгт 1.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505-д зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатараас 214.000 төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Мөнхбаатарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН