Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/318

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уранчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

Хохирогч Д.Наранцэцэг,

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Сд холбогдох эрүүгийн 2234002020274 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

Төв аймгийн хэсгийн ардын 7 дугаар шүүхийн 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Төв аймгийн хэсгийн ардын 1 дүгээр шүүхийн 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаартай, Д.С.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Босгын гүүр” гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Наранцэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар данхны таг авч шидэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            Шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид хоёр уснаас болж, муудалцсан. Нуруу хүзүүний гэмтэл нь малын хашаанд үхэрт дайруулсан. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

  Хохирогч Д.Наранцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Босгын гүүр” гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Наранцэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар данхны таг авч шидэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234002020274 дугаартай хэрэгт авагдсан

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 тал/,

Эд мөрийн баримт хураа авсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 тал/,

Хохирогч Д.Наранцэцэгийн өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 12-ны орой Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар баг “Босгын гүүр” гэх газарт манай хамтран амьдрагч Сайнжаргал бид хоёр гэртээ байж байхад 21 цагийн үед гаднаас Сайнжаргалын найз Гансүх болон Парван гэж дууддаг найз нар нь ирээд хоол идчихээд 21 цаг өнгөрч байхад бид 4 унтсан. Тэгээд өглөө 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө бүгд босоод би хоол хийж өгөөд байж байхад Гансүх, Парваан хоёр цагаан өнгийн шуудайн дотроос 0.5 граммын “Х” архи гаргаж ирээд Гансүх, Сайнжаргал, Парваан бид дөрөв хувааж уугаад ойр зуурын юм ярьцгаагаад байж байгаад архи дууссан чинь Гансүх шуудайнаасаа дахин нэг шил архи гаргаж ирээд тэгээд дөрвүүлээ хувааж уугаад байж байтал Сайнжаргал намайг ус халаа манай хоёр найз толгой хүзүүгээ угааг гэхээр нь би наад хоёр чинь гар хөлгүй байгаа биш өөрсдөө халааж толгойгоо угаана биз гэтэл Сайнжаргал зуухны хажууд байсан төмөр данхны таг аваад над руу шидээд миний нүүрний баруун хэсэгт оносон. Тэгээд би шууд гарч гүйгээд зугтаагаад Ганболд гэх айлд ороод утсаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж эмнэлэг дуудсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Шүүгдэгч Д.Сын сэжигтнээр өгсөн “...Би хамтран амьдрагч Наранцэцэгийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар баг  “Босгын гүүр” гэх газар өөрийн гэртээ 2022 оны 03 дугаар сарын 12-ны орой байж байхад гаднаа манай найз Гансүх, Бат-Эрдэнэ орж ирээд гэрт хоол хийсэн байсныг идээд хувцас хунараа угаах  болоод ус халаах гэж байгаад болиод бүгд унтсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө босоод Гансүх авч явсан шуудаатай хувцаснаас 1 шил 0.5 граммын “Х” архи гаргаж ирээд Гансүх, Бат-Эрдэнэ, Наранцэцэг бид 4 хувааж уугаад дуустал тэр хоёр дахин нэг шил 0.75 граммын Хараа архи гаргаж ирээд дахин бид 4 хувааж уугаад дуусаад би Наранцэцэгт хандаж зуухан дээр түмпэнд ус хийгээд тавьчих халахаар Гансүх, Бат-Эрдэнэ нар толгой хүзүүгээ угааг гэтэл Наранцэцэг намайн чи өөрөө хийхгүй юу би үхэр тугалаа янзлах гээд байна гэж хэлэхээр нь би гадаа гарч үхрийн баасаа цэвэрлэмээр байна гэж маргаад үүсээд би ширээн дээр байсан төмөр данхны тагыг аваад Наранцэцэг рүү шидтэл нүүр хэсэгт нь оноод цус гараад байсан. Наранцэцэг гараад явчихсан. Бид 3 манайд байж байтал өдөр эмнэлэг цагдаа ирээд аваад явсан. Өөр асуудал болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “1. 2. Д.Наранцэцэгийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 тал/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/,

Зөрчлийн талаарх бүртгэл /хх-ийн 56-57 тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 58-59 тал/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 60-68 тал/,

Хохирогч Д.Наранцэцэгийн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-ийн 69 тал/,

Шүүгдэгч Д.Сын согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-ийн 70 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч П. Сайнжаргал нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Наранцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 700 нэгжээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Д.С нь малчин, Төв аймаг, Эрдэнэ сум Чулуут 2 дугаар багт хамтран амьдрагч Д.Наранцэцэгийн хамт оршин суудаг, одоо 54 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

 

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 700 нэгжээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Д.Наранцэцэг нь хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн /хх-16-17 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлнө гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн гэж үзлээ.

 

Эрүүгийн 2234002020274 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогч Д.Наранцэцэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг данхны тагийг устгахыг Шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Чухал овогт Довдоны Сайнжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Д.Сд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Наранцэцэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг данхны тагийг устгахыг Шүүхийн Тамгын газарт даалгасугай.  

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Сд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ДЭЛГЭРМӨРӨН