| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2018/02108/И |
| Дугаар | 181/ШШ2018/01918 |
| Огноо | 2018-09-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2018/01918
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д. Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: НШШГГ миний өмчийг 150.000.000 төгрөгөөр үнэлж анхны дуудлага худалдаанд оруулсан ба, хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгсөн. Уг бичигт төлбөр авагч “Мөнгөн буудай ББСБ” ХХК болон төлбөр төлөгч Д.Д биднийг үл хөдлөх хөрөнгийн үнийн саналын талаар тохиролцсон хэмээн бичсэн байна. Би “Мөнгөн буудай ББСБ” ХХК-тай үнийн саналын талаар ямар ч тохиролцоонд хүрээгүй. Гэтэл НШШГГ миний өмчийг өөрсдийн үзэмжээр 150.000.000 төгрөгөөр үнэлсэн ба, уг үнэлгээг тогтоосон он сар өдрөө мэдэгдэлээ бичээгүй байна. Энэ нь Иргэний хууийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан шаардлагатай нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлнө” гэж заасан. Гэтэл үнэлгээний талаар тэмдэглэл хөтлөөгүй. Хэрэгт баримтаар ирүүлсэн тэмдэглэл дэх гарын үсэг нэхэмжлэгчийнх биш. Ийнхүү тэмдэглэл хөтөлж баталгаажуулаагүйгээс мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хураагдсан хөрөнгийг өөрөө худалдан авах эрхээ эдлэх боломж олгоогүй, эрхийг хаасан. Иймд НШШГГаасСүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, 45 дугаар байр, 17 тоотод байрлах, эрхийн улсын Ү-2203006254 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 150.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 10759 тоот шийдвэрээр 6045 тоот төлбөр төлөгч Дашдоржийн Даас 50.256.408 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006254 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага, тойруу 45 дугаар байр, 17 тоот, 41 мкв талбайтай, хувийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Д.Дд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Д.Дын өмчлөлийн эрхийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203006254 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, бага, тойруу 45 дугаар байр, 17 тоот, 41 мкв талбайтай, хувийн орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 153/12/13 тогтоолоор битүүмжилж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 153/17281122 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Д.Дыг 88112930 дугаарын утсаар дуудан ирүүлж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад 150.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч талд мэдэгдэхэд хүлээн зөвшөөрсөн.
Төлбөр төлөгч Д.Дд 2018 оны 6 дугаар сарын 15-нд 4/010181 дугаартай үнэлгээний мэдэгдэлийг гардуулж өгсөн. Улмаар тэмдэглэл үйлдсэн. Тэмдэглэл дэх гарын үсэг биш гэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн өдөр төлбөр төлөгч манай албаны байран дахь миний өрөөнд ирэхэд мэдэгдлийг гардуулж, тэмдэглэл үйлдэн, өөрөөр нь гарын үсэг зуруулсан. Мөн анхны албан дуудлага худалдаанд оруулах тухай 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4/10984 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлсэн. Талуудын харилцан тохиролцсон үнэ болох 150.000.000 төгрөгийн 70 хувь болох 105.000.000 төгрөгөөр 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны харилцан тохиролцсон үнэ болох үнэ болох 150.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 75.000.000 төгрөгөөр 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 75.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Д нь НШШГГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2017/10759 дүгээр захирамжаар Д.Даас 50.256.408 төгрөг гаргуулж, “Мөнгөн буудай ББСБ” ХХК-д олгохоор, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээс хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-22/
Тус газар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэж, улмаар барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006254 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 45-17 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 153/12/13 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 153/17281122 дугаар тогтоолоор хураажээ. /хх 21-31/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахад төлбөр төлөгч Д.Даас 150.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрч талууд харилцан тохиролцжээ. /хх 36, 38/
Дээр дурдсан ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, үнийн санал өгсөн үйл баримтад шүүх хуралдаанд маргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудын тохиролцсон үнийн 70 хувь буюу 105.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох үнийг тогтоож, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4/010181 дүгээр мэдэгдлээр хүргүүлж, энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу мөн өдрөө тэмдэглэл хөтөлж, төлбөр төлөгч Д.Д гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /хх 32,33/
Улмаар 2018 оны 7 дугаар сарын 06-нд анхны албадан дуудлага худалдаанд, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 27-нд, 7 дугаар сарын 25-нд тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар баталгаат шуудангаар хүргүүлжээ. /хх 34, 40,41/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4/010181 дүгээр мэдэгдлийн ард талд зурсан гарын үсэг, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дэх гарын үсэг нэхэмжлэгч Д.Дынх биш гэж тайлбарлаж байх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй. /хх 32,33/
Хэрэгт баримтаар ирүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн бусад баримт дахь гарын үсэг нэхэмжлэгчийнх мөн гэдэгт маргаагүй бөгөөд дээрх хоёр баримт дах гарын үсэг бусад баримт дахь гарын үсгээс илэрхий зөрүүтэй гэх тайлбараа нотлохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаагүйг дурдав.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д үнэлгээг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан байхад нэхэмжлэгч үнэлгээг 2018 оны 6 дугаар сарын 15-нд мэдсэн ч гомдлоо 2018 оны 8 дугаар сарын 03-нд гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2018/09223 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ