| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2018/02106/И |
| Дугаар | 181/ШШ2018/02030 |
| Огноо | 2018-10-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2018/02030
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их наран-9, 16 тоотод байрлах, “ХТ” ХХК /Регистрийн дугаар:5757312/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34-2 тоотод байрлах, “ӨФ” ХХК /Регистрийн дугаар:5461944/-д холбогдох
Гэрээний үүрэгт 59.350.500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнгөнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай “ХТ" ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “ӨФ” ХХК-тай 16/08 тоот “Лифт нийлүүлэх, угсралт суурилуулалтын ажлын гэрээ" байгуулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Монтед-84 орон сууцны барилгад 2 ширхэг лифт нийлүүлэх, угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Уг гэрээний дагуу 2 ширхэг лифтийг гэрээнд заасан хугацаанд угсарч суурилуулан холбогдох байгууллагад шалгуулан ашиглах зөвшөөрөл авсан. Гэрээнд заасны дагуу захиалагч тал буюу “ӨФ" ХХК нийт 165.737.000 төгрөгийн төлбөр төлөхөөс 126.170.000 төгрөгийн төлбөрийг бартераар тооцож авсан. Үлдэх 39.567.000 төгрөг төлөгдөөгүй байна. Уг төлбөрийг гэрээнд заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Бид гэрээний үүргээ биелүүлэн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж нэхэмжлэх хүргүүлж байсан боловч өгөөгүй тул “ӨФ” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 39.567.000 төгрөг, алданги 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс хойшхи хугацааны алдангийг тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 50 хувиар тооцон 19.783.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 454.702 төгрөг, нийт 59.805.200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барилгын салбарын хууль, “Лифт төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-р лифтийг мэргэжлийн хяналтын газраас ашиглах зөвшөөрөл өгч паспорт олгосноор ажлыг гүйцэтгэж дууссан гэж тооцдог. Манай зүгээс тухайн хоёр лифтийг 2018 оны 2 дугаар сард МХЕГ-с паспортыг авч ашиглах зөвшөөрлийг олгосон. Одоо уг лифтүүдийг ашиглаж байгаа. Тухайн барилгыг бүхэлд нь улсын комисс одоогоор аваагүй байгаа гэсэн. Бид гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “ХТ” ХХК нь “ӨФ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59.350.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэг талаас “ӨФ” ХХК, нөгөө талаас “ХТ” ХХК нар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь захиалагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалтай барилгад стандарт, чанарын шаардлага хангасан 2 ширхэг хүн тээврийн лифтийг нийлүүлэх, угсарч, суурилуулан хүлээлгэн өгөхөөр, Захиалагч нь ажлын хөлсөнд 165.737.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 28-ны дотор үе шаттайгаар төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр НТ/16/10 тоот “Лифт нийлүүлэлт, угсралт, суурилуулалтын ажлын гэрээ”-г байгуулжээ. /хх 8-12/
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 2 дугаар сарын 08, 09-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас суурилуулсан лифтүүдэд техникийн магадлал хийн “ӨФ” ХХК-г эзэмшигчээр бүртгэж, ашиглалтад оруулахыг зөвшөөрч улмаар 5473, 5474 дугаарт бүртгэж “лифтний паспорт”-ыг олгожээ. /хх14-18/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.11-т “лифтийг хүлээлгэн өгөх, хүлээн авахад комисс гарган акт үйлдэх”-ээр, мөн гэрээний 4.12-т “Лифтийг угсруулж, хүлээн авсны дараа эрх бүхий байгууллагатай Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу ашиглах үйл ажиллагааг зохион байгуулах”-аар тус тус зохицуулжээ.
Талууд гэрээний 4.11-т заасны дагуу ажлыг хүлээлцсэн акт үйлдээгүй байх боловч мөн гэрээний 4.12-т заасны дагуу Гүйцэтгэгч байгууллагын суурилуулсан лифтийг ашиглах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгосон байх тул Гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлсний үлдэгдлийг шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан “ӨФ” ХХК-иас нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2018/0016 дугаар албан бичигт ажлын хөлсний үлдэгдэл “39.567.000 төгрөг байгаа” болохыг дурдсан, уг баримтад хариуцагч маргаагүйгээс гадна 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч амаар гаргасан тайлбартаа энэ талаар мөн маргаагүйг дурдав.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т ажлын хөлс төлөх хугацааг 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэж тодорхойлсон, нэхэмжлэгч уг өдрөөс хойш алданги тооцон нэхэмжилж байх боловч гэрээний 5.8-д “үе шат бүрийн төлбөрийн нэхэмжлэгчийг ажлыг бүрэн гүйцэтгэж, ажил дууссан тухай акт үйлдсэний дараа ирүүлэх”-ээр тохиролцсон байна.
Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид “2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцоход татгалзахгүй” талаар 2018 оны 3 дугаар сарын 05-ны бичгээр хүргүүлсэн байх тул шүүх үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг талууд тогтоосон гэж үзэн мөн хугацаанаас хойшхи алдангид 12.582.306 төгрөг /2018.04.16-2018.08.03 хүртэлх 106 хоног* нэг өдрийн 118.701 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүргэсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “ӨФ” ХХК-иас 52.149.306 /тавин хоёр сая нэг зуун дөчин есөн мянга гурван зуун зургаан/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХТ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7.655.894 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457.002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 418.696 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ