Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0435

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Зүүн өлзийт уул” гэх газарт олгогдсон Д-0Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулахаар гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 116/2023/0050/З  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн  Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан “Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Зүүн өлзийт уул” гэх газарт олгогдсон Д-0Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулахаар гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгуулах”-аар маргасан байна.   

2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д  заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Зүүн өлзийт уул” гэх газарт олгогдсон ДО-010Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулахаар гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгаж” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Дорнод аймгийн Засаг дарга 2023 оны А/584 дүгээр захирамжийг гаргах болсон үндэслэл нь нэхэмжлэгч “Т” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсонтой шууд холбоотой болно. Тус шийдвэрийг гаргахаасаа өмнө Захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, тус хайгуулын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, дүгнэлт гаргуулах болон тус “Т” ХХК-иас тайлбар, нотлох баримтыг гаргуулах зэрэг нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсноос хойш 13 сарын хугацаа өнгөрсөн нөхцөл байдал тогтоогдсон тул аймгийн Засаг даргын 2023 оны А/584 дүгээр захирамжаар нэхэмжлэгч байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай шийдвэрийг гаргасан.

3.2. Мөн шүүхийн шатанд цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаагүй талаар нотлох баримт авагдаагүй тул “Тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэсэн хуулийн үндэслэлээр нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

3.3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Дорнод аймгийн Засаг дарга 2023 оны 1/90 дугаартай мэдэгдэлд Түгээмэл тархацтай ашигг малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.3 дахь заалтын дагуу МУ-017191 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах болсныг мэдэгдэж байна гэсэн боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай шийдвэр байна” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

3.4. Хэрлэн сумын Засаг даргаас аймгийн Засаг даргад хандан 2023 оны 1/20 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ирүүлж, тус байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын даргын зүгээс нэхэмжлэгчид хандан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/90 дүгээр албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн санал, тайлбар гаргах боломжоор хангасан.  Аймгийн Засаг даргын 2023 оны 1/90 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-иас аймгийн Засаг даргад хандан 2023 оны 2212/04 дүгээр албан бичгээр тайлбар ирүүлсэн болно. Дээрх аймгийн Засаг даргад хандан ирүүлсэн Хэрлэн сумын Засаг даргын 2023 оны 1/20 дугаар албан бичиг болон “Т” ХХК-ийн 2023 оны 2212/04 дүгээр албан бичгээр ирүүлсэн мэдээллүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулсан. Тус ажиллагаагаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 07 дугаар сарын 31- ний өдөр буюу дуусгавар болсноос хойш 13 сарын хугацаа өнгөрсөн байсан тул аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1/2325 дугаар албан бичгээр “Т” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай шийдвэрийг гаргасан болсон тухай” мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

3.5. Мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-ийн зүгээс аймгийн Засаг даргад хандан 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2310/17 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбартаа “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын хугацаа дуусгавар болсон, түүний сунгасан эсэх талаар үндэслэл бүхий нотлох баримт, тайлбар”-ыг захиргааны байгууллагад ирүүлээгүй тул аймгийн Засаг даргын 2023 оны А/584 дүгээр захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгох тухай шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийг гаргахдаа аймгийн Засаг дарга нь 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2310/17 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг үндэслэсэн болно. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхээс аймгийн Засаг даргын 2023 оны А/584 дүгээр захирамжийг гаргахдаа 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/90 дүгээр албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг үндэслэсэн гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

3.6. Иймд Захиргааны хэргийн шүүхэд цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацаа дуусгавар болсон бөгөөд тус хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг баримтлан аймгийн Засаг даргын зүгээс 2023 оны А/584 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/247 дугаар “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт Зүүн өлзийт уул гэх газарт байрших ... 26,2 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т” ХХК-д олгож, Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/269 дүгээр “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай” захирамжаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “Зүүн өлзийт уул” гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Т” компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар сунгасан байна.

2.2. Улмаар Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаар “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээх тухай” захирамжаар Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2021 оны 02/378 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г үндэслэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “Зүүн өлзийт уул” гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын Д-ОХ дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 14 сарын хугацаагаар сэргээж, Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/584 дүгээр захирамжаар Т” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосноор маргаан үүссэн байна.

2.3. Анхан шатны шүүх “... “Т” ХХК-аас 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2310/17 дугаартай албан бичгээр Дорнод аймгийн Засаг даргад хандаж шалтгаанаа тайлбарлаж, бодит нөхцөл байдлыг дурдаад байхад энэхүү хүсэлтэд дурдсан асуудлыг урьдчилан шалгаж тогтоохгүйгээр, шийдвэр гаргахад ач холбогдолгүй гэж үзсэн нь захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Захиргааны байгууллагаас тухайн шийдвэрийг гаргахдаа ямар бодит нөхцөл байдлыг тогтоогоод шийдвэр гаргахад ач холбогдолгүй гэж үзсэн нь ойлгомжгүй, бодит нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2.4. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан.

            2.5. Нэхэмжлэгч “Т” ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2310/17 дугаар албан бичгээр ямар арга хэмжээ авсан зэрэг нөхцөл байдлыг тайлбарлаж, бодит нөхцөл байдлыг дурдсан байхад энэ талаарх ажиллагааг огт хийж, шалган тогтоолгүйгээр шууд шийдвэр гаргахад ач холбогдолгүй гэсэн дүгнэлтийг хийж, хариуцагчаас маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 18-ныөдрийн А/584 дүгээр захирамжийг гаргаж байгаа нь дээрх хуульд нийцэхгүй байна.

            2.6. Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2024 ны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2401/01 дүгээр албан бичгээр Дорнод аймгийн Засаг даргад хандан “... “Т” ХХК-д олгосон Д0-010Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчилж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

            2.7.  Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

            2.8. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй хуулийн заалтын баримталсан байх тул “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1” гэж заасныг хассан өөрчлөлтийг тогтоох хэсэгт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1” гэж заасныг хасч өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах

 

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ