Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0387

 

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0387

Улаанбаатар хот

 

 

“Мэргэ ван” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, гуравдагч этгээд “Сод монгол групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Идэрсайхан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлоор, “Мэргэ ван” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “МИАТ” ТӨХК, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МИАТ ХК-иас зарласан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах МИАТ 08/2015 дугаар тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Тендерийн баримт бичгийг баталсан “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/2510 дугаар албан бичиг болон “Мэргэ ван” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, дээрх тендерийн бичиг баримтыг дахин боловсруулж тендер шалгаруулалтын үйл ажиллагааг дахин явуулахыг “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захиралд даалгах, Үнэлгээний хорооны 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 02/2509 тоот зөвлөмжийг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч “МИАТ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “..."МИАТ" ТӨХК-иас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр "Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгч компанийг сонгон шалгаруулах тухай" 08/2015 тоот 6 багц бүхий тендерийг Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэл, өрсөлдөөнийг бий болгох, нэг аж ахуй нэгжийн хараат байдлаас гарах үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарласан: Үүнд:

Багц №1 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх,

Багц №2 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх,

Багц №3 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх,

Багц №4 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх,

Багц №5 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх,

Багц №6 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх тендер болно.

Тендерийг хянан үзэж шалгаруулалт явуулахад "Магнай трейд" ХХК /1, 3-р багцад/, "Мэргэ ван" ХХК /2, 5, 6-р багцад/, "Сод монгол групп" ХХК-р багцад/ тус тус шалгарсан болно.

Хоёрдугаар багцад хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг "Магнай Трейд' ХХК ирүүлсэн боловч шатахуун нийлүүлж эхлэх хугацааг 30 хоногийн дотор гэж заасан нь нислэг үйлдвэрлэлийг тасралтгүй хэвийн явуулах, шатахууны хоёрдогч эх үүсвэр бүрдүүлэх тухай Засгийн газраас өгсөн чиглэл, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасанчлан өөрийн эдийн засгийн үр ашигт нөлөөлөх хүчин зүйлс, бараа хүргэх хугацаа, хүндэтгэн үзэх нөхцөл шалтгааныг харгалзан гэрээ байгуулснаас хойш 1 хоногт нийлүүлэх боломжтой, бусад багц тендертэй шууд хамаарал бүхий үнийг санал болгосон “Мэргэ ван” ХХК-ийг шалгаруулсан.

Гуравдугаар багцад хамгийн бага харьцуулах үнэ ирүүлсэн "Сод монгол групп" ХХК-ийн тендерийн баталгаа саналын 2%-д хүрээгүй тул хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасны дагуу тендерээс татгалзаж, удаах харьцуулах бага үнэтэй тендер ирүүлсэн "Магнай трейд" ХХК-ийг тус тус шалгаруулж, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай тухай мэдэгдсэн.

"Мэргэ ван" ХХК-ийн гомдолд нэг компаниар нэг мөр гүйцэтгүүлэх нь үнэ өртөг багасах талаар дурдсан нь хэт өрөөсгөл ойлголт бөгөөд тендер сонгон шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцэж буй ба энэхүү хууль тогтоомжуудад заасанчлан шаардлага хангасан хамгийн бага үнэ өгсөн тендерт оролцогчийг сонгон шалгаруулсан болно. Багц бүрт “Мэргэ ван" ХХК нь оролцсон ч түүний өгсөн үнэ нь өндөр байсан тул шаардлага хангасан хамгийн бага үнэ ирүүлсэн холбогдох багцыг нь сонгон шалгаруулсан болно.

“МИАТ” ХК нь 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийсэн хэмээн нэхэмжлэгч тал бодит байдлыг мушгин гуйвуулж байгаа нь үндэслэлгүй. Учир нь

Нэгд: “МИАТ” ХК нь сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангасан.

Хоёрт: Тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлдсэн.

Гуравт: Тендерийг нээх, хянан шалгах үнэлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

Дөрөвт: “МИАТ” ХК нь багц тус бүрт үнэлгээ хийж тухайн тендер шалгаруулалтын дүнгээр байгуулах бүх гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг сонгосон нь хууль зөрчөөгүй байхад нэхэмжлэгчтэй шууд гэрээ байгуулах ёстой байсан мэтээр шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Тендерийг олон багц болгож хуваасан нь үнийг өсгөх бус харин өрсөлдөөнийг бий болгож, өөрийн давамгай байдлаа ашигладаг, монополь байдлаас зайлсхийхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн бөгөөд шаардлага хангасан хамгийн бага үнэ ирүүлсэн хуулийн этгээдийг сонгосон. Гэтэл "Мэргэ ван" ХХК нь өөрийн ялсан 2, 5, 6 дугаар багцуудад бус нийт 6 багцуудад гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд гэрээ байгуулах, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 137/15 дугаар албан бичгээр тендерт шалгарсан үнээр бус өөр үнээр гэрээ байгуулах талаар албан бичиг ирүүлсэн нь хууль тогтоомжийг зөрчиж буй бөгөөд тендерийн баталгааг улсын орлого болгох, улмаар тендерээс татгалзаж удаах үнийн санал ирүүлсэн компанийг сонгох нөхцөл байдлыг хүртэл бий болгож байсан.

Харин "Мэргэ ван" ХХК нь хэдий хуульд заасны дагуу гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй ч энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.5 "ноёлох үйл ажиллагаа гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бутээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг гэж заасны дагуу өөрийн давамгай байдлаа ашиглан, хэрэглэгчийг хясан боогдуулж байгаа бөгөөд энэхүү үйлдэл нь цаашид Үндэсний агаарын тээвэрлэгч компанийн нислэгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгож байна.

1-р багцад шалгарсан компани нь агаарын хөлгийн ТС-1 шатахууныг оруулж ирэх талаар тендерт дурдсан, энэ нь "Мэргэ ван” ХХК-ийн нийлүүлдэг шатахуунтай стандарт адил бөгөөд хадгалалт, шатахууны чанар, нислэгийн аюулгүй байдал зэргийг хянах бүрэн боломжтой юм.

Мөн Америкийн Нэгдсэн Улсын иргэний нисэхийн байгууллага, Боинг, shell global компаниудаас гаргасан стандарт шаардлага, зөвлөмжөөс үзэхэд агаарын хөлгийн шатахуун үйлдвэрлэгчээс үл хамааран ТС-1, JЕТ А1 шатахууныг хэрэглэж болох талаар зөвлөсөн байдаг.

Тус тендер шалгаруулалттай холбогдуулан "Мэргэ ван" ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас холбогдох материалыг хянаж үзээд "Мэргэ ван" ХХК-иас ирүүлсэн гомдол үндэслэлгүй тул "МИАТ" ХК-ийн шийдвэрийг хэвээр үлдээж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг зохих журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 5/4812 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгч "Мэргэ ван" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..."МИАТ"  ТӨХК-иас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр "Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгч компанийг сонгон шалгаруулах тухай" 08/2015 тоот 6 багц бүхий тендерийг Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэл, өрсөлдөөнийг бий болгох, нэг аж ахуй нэгжийн хараат байдлаас гарах үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Зарласан. Үүнд:

Багц №1 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх,

Багц №2 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахуун Улсын хил нөхцөлөөр нийлүүлэх,

Багц №3 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх,

Багц №4 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахууныг Дамжуулан хадгалах, агуулахын үйлчилгээ үзүүлэх,

Багц №5 Агаарын хөлгийн 7,700 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх,

Багц №6 Агаарын хөлгийн 3,300 тонн шатахууныг тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх тендер болно.

Хууль зүйн үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар худалдан авах ажиллагааны гол зарчим нь Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх, бөгөөд "МИАТ" компанийн 08/2015 тоот тендерийн баримт бичиг нь дээрх зарчмын шаардлагад нийцсэн.

Худалдан авах ажиллагааны журмыг сонгох талаар хуулийн 8 дугаар зүйлд тодорхой зохицуулагдсан. 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараах босго үнийг тогтооно гэсний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор Босго үнэ шинэчлэн батлагдсан. Энэхүү тогтоолд зааснаар “МИАТ” ХК-ийн 08/2015 тоот тендерийн бүх багц нь 50,000,000 төгрөгөөс дээш буюу нээлттэй тендер шалгаруулалтад хамаарч байгаа.

Түүнчлэн хуулийн 8.5-д босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж, хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно гэсэн ба манай 08/2015 тоот тендерийн баримт бичиг нь нээлттэй тендер шалгаруулалтад хамаарч байгаа тул хуульд яв цав нийцэж байгаа. Харин ч хуулийн 8.6-д “Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно” гэсэн заалтын дагуу 6 багцад хувааж тендер шалгаруулалт явагдсан болно. Дэлхийн зах зээлийн туршлага, FАА, Воеing компанийн заавар, үйлдвэрлэгчийн зааварт зааснаар агаарын хөлгийн шатахуун нь ТС-1 болон Жет А-1 гэсэн хоёр төрөлтэй байдаг бөгөөд эдгээр шатахуунуудыг “МИАТ” ХК-д ашиглаж байгаа Боинг агаарын хөлгүүдэд ашиглах боломжтой. Эдгээр агаарын хөлгүүдийн шатахууныг агаарын хөлгийн шатахууны саванд хольж сумлаж болдог боловч тээвэрлэх, хадгалахад хольж болдоггүй. "Мэргэ ван" ХХК нь манай багцалсан тендерийг анхнаас нь хүлээн зөвшөөрч тендерийн материалыг худалдан авч, тендерээ ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцсон нь багцалсан талаар цаашид гомдол гаргах хууль зүйн үндэслэл байхгүй ба уг асуудлаар тендерийн хуулийн 54-55 дугаар зүйлд заасны дагуу захиалагч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад хуулийн хугацаанд нь гаргаж тавих боломжтой байсан.

"Мэргэ ван" ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд нь бүх тендерт ялаагүй тул шалгарсан тендертээ гэрээгээ байгуулаагүй, бүх тендерт гэрээ хийх тохиолдолд шатахуун нийлүүлнэ гэсэн хууль бус шаардлага хүртэл тавьж, компанийн шахаж байсан болно.

Буянт-Ухаад шатахууны сумлагааны үйлчилгээ үзүүлдэг 2 компани буюу "А жет лимитед" ХХК, "Мэргэ ван" ХХК-иуд үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд өмнөх жилүүдэд "Мэргэ ван" ХХК-иас ТС-1, А Жет Лимитед ХХК-иас Жет А-1 шатахуун авч байсан бөгөөд өнгөрсөн жил шатахууны нэг эх үүсвэртэй тохиолдолд нийлүүлэгчээс үнээ дураараа нэмэх, шатахуун нийлүүлэлтийг зогсоож, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн нислэг, техникийн үйл ажиллагаанд саад учруулах зэргээр хүндрэл учруулах нөхцөл байдал үүсгэж байсан. Иймд ийм эрсдэл гаргахгүйн тулд одоо байгаа дэд бүтцийн хүрээнд өрсөлдөөнийг дэмжиж, үнэ бууруулах чанартай шатахуун авах зорилгоор хуулийн дагуу тендер зарласан.

Иймд тус компанийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус үндэслэлгүй тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Сод монгол групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..."Мэргэ ван" ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбар, холбогдох шаардлага нь үндэслэлтэй үнэн байна гэж ойлголоо. “Мэргэ ван” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй байгаа болохыг Зам тээврийн сайдын бичиг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бичиг ч гэрчилж байна. Иймд нэхэмжлэлийг “МИАТ ХК”-иас зөвшөөрч, эсхүл шүүхээс шүүхийн шийдвэрийг "Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах" тендерийг дахин зарлахад манай талаас уг тендерт дахин оролцох боломжтой гэдгээ илэрхийлж байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Сод монгол групп” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “..."МИАТ" ХК нь Монгол Улсын шатахууны нийт хэрэглээний нэгхэн хувь болох арван мянган тонн агаарын хөлгийн шатахууныг импортолж, Буянт-Ухаад агаарын хөлгийг сумлах иж бүрдэл ажлыг олон багц болгон хуваахдаа тендерийг ижил тэнцүү тоо хэмжээнд хуваагаагүй, өөр өөр стандартын эсхүл стандартад нийцээгүй шатахууныг нийлүүлэхэд бусад авиа компаниудад үүсэх үр дагаврыг тооцоолоогүй зэргээс харахад "Мэргэ ван" ХХК-ийн нэхэмжлэлдээ үндэслэж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно." болон "8,7.1. Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо бүх багцын нийлбэр өртгийг үндэслэл болгох" хэсэгт заасан заалтуудыг илт зөрчсөн гэж үзэж болохоор байна.

Түүнчлэн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална." гэж заасан байдаг.

Гэтэл уг тендер шалгаруулалт нь нэг зориулалтаар хэрэглэгдэх нэг төрлийн бараа ажил үйлчилгээг нэг аж ахуй нэгжээр иж бүрэн хариуцлагатайгаар гүйцэтгүүлж, үр дүнг хүлээн авч болох байтал "МИАТ" ХК нь хэт нэг талыг барьж, олон улсын жишигтэй харьцуулахад маш бага хэмжээгээр авах шатахууныг тэгш өрсөлдөх боломжгүй, тэнцүү биш олон багц болгосон нь тендерийг үр ашиггүй, хэмнэлтгүй болгож хуулийн гол зарчмыг зөрчсөн юм.

Мөн Үнэлгээний хорооны зөвлөмжид "Магнай трейд" ХХК-ийг 1-р багц тендерт шалгаруулсан байсан бөгөөд тус компаний өгсөн шатахуун нийлүүлэх хямд үнийн санал нь хилийн үнээс даруй 40 гаруй ам.доллараар бага эх үүсвэр нь тодорхойгүй, шатахууны чанар стандартад нийцэх эсэх нь баталгаагүйг Үнэлгээний хороо нягталж, тогтоолгүй шалгаруулсан зэргээс Үнэлгээний хороог хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэлийг манай "Содмонгол групп" ХХК бүхэлд нь дэмжиж буйгаа илэрхийлж байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Магнай трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “...Бид “МИАТ” ТӨХК-иас зарласан агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх "МИАТ 1/2015" дугаартай тендерийн 1-4 дүгээр багцад баримт бичгийг бүрдүүлэн оролцсон боловч 1, 3 дугаар багцад шалгаран гэрээ байгуулсан болно.

Дээрх нээлттэй зарлагдсан тендер шалгаруулалт нь хуулийн хүрээнд явагдсан бөгөөд манай компани нь хууль ёсны дагуу бичиг баримтыг бүрдүүлэн оролцсон. Иймд “Мэргэван” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 8.7.1, 8.7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Мэргэ ван” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “МИАТ” ХК-иас зарласан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах МИАТ 08/2015 дугаар тендер шалгаруулалт болон Үнэлгээний хорооны зөвлөмжийг бүхэлд нь хүчингүй болгож, Тендерийн баримт бичгийг баталсан МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015.07.23-ны өдрийн 01/2510 дугаар албан бичиг болон Мэргэ ван ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, дээрх тендерийн бичиг баримтыг дахин боловсруулж тендер шалгаруулалтын үйл ажиллагааг дахин явуулахыг “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захиралд даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 265 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт: /15-ртал/

1. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу байгуулагдсан Үнэлгээний хорооны баталсан МИАТ08/2015 дугаар тендерийн баримт бичиг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан "төрийн болон холимог өмчийн үйлчилгээг нь нийтээр заавал хэрэглэдэг байгууллага"-ын гаргасан, гадагш чиглэсэн захиргааны акт гэж үзэж байгаа учраас "МИАТ" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан "...шүүхийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой" гэсэн тайлбар үндэслэлгүй болохыг тэмдэглэж байна" хэмээн дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Учир нь тус хуулийн заалтад “төрийн болон холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргааны байгууллага” гэж тодорхой заасан байхад "МИАТ" компанийг буюу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг захиргааны акт хэмээн дүгнэж түүнтэй холбоотой гомдлыг Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдэх маргаан гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

2.  "Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” МИАТ 08/2015 тендерийн бичиг баримт болон тус тендерийн бичиг баримтыг үндэслэн явагдсан тендер    сонгон шалгаруулалтыг бүхэлд нь мөн 2015-07-23-ны өдрийн 02/2509 тоот Үнэлгээний хорооны зөвлөмжийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгохдоо

а. Үнэлгээний хороо нь гүйцэтгэх захирлын тушаалтай зөрчилдсөн,

б. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6.1, 8.4, 8.5, 8.7.1, 8.7.2, 8.7.4 дэх заалтуудыг зөрчсөн хэмээн хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн. Гэтэл "МИАТ" ХК-ийн захирлын тушаал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.10 дахь заалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.4 "худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах" заалтуудыг тус тус үндэслэж гарсан байх бөгөөд худалдан авалт бүрээр үнэлгээний хороо байгуулж, ажиллахыг үүрэг болгосон байна. Гэтэл анхан шатны шүүх Үнэлгээний захирлын тушаалыг зөрчиж батлагдсан төсвөөс хэтрүүлж, үр ашиггүй тендерийн бичиг баримт боловсруулж, сонгон шалгаруулалт явуулсан мэтээр үндэслэлгүй хийсвэр дүгнэлт хийсэн. Учир нь:

А. “МИАТ"”ХК нь босго үнэд багтаах зорилго агуулж, нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер зарлаагүй бөгөөд худалдан авалтын төлөвлөгөөнд нийцүүлж 6 багц бүхий нээлттэй тендер зарлаж, сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулсан.

 Батлагдсан төсөвт өртөг: 27,451,000,0 мянган төгрөг.

Нийт 6 багцын нийлбэр дүн: 16,505,703,026 төгрөг.

/1-р багц : 9,794,235,990 төгрөг, 2-р багц: 4,587,000,000 төгрөг, 3-р багц: 268,767,036 төгрөг , 4-р багц: 95,700,000 төгрөг, 5-р багц: 1,232,000,000 төгрөг, 6-р багц 528,000,000 төгрөг/

Б. “МИАТ ХК” нь тендерийн урилга болон тендерийн баримт бичигт багцуудын талаарх мэдээлэл болон тендерт оролцогч бүр нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлэх боломжоор бүрэн хангаж худалдан авах ажиллагаанд өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй байсан нь тодорхой байхад хариуцагч үндэслэл бүхий тайлбар гаргаагүй гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж. нөгөө талаар гүйцэтгэх захирал тендерийн бичиг баримт боловсруулсан мэтээр дүгнэлт хийхдээ ямар нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна. /13-р тал/ Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 265 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч анх Захиргааны хэргийн шүүхэд хандаж “МИАТ ХК-иас зарласан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах МИАТ 08/2015 дугаар тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Тендерийн баримт бичгийг баталсан МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/2510 дугаар албан бичиг болон “Мэргэ ван” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, дээрх тендерийн бичиг баримтыг дахин боловсруулж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг дахин явуулахыг МИАТ ХК-ийн гүйцэтгэх захиралд даалгуулах” шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Үнэлгээний хорооны 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 02/2509 тоот зөвлөмжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. “Мэргэ ван” ХХК-ийн нэхэмжлэлийн дээрх шаардлагуудад анхан шатны шүүх нэг бүрчлэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Хариуцагчаас давж заалдах гомдолдоо дурдсан “...шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь төрийн өмчит МИАТ компанийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулсан үйл ажиллагаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр үүссэн маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй. Иймд шүүхийн харьяалал зөрчсөн талаарх  хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн давж заалдах гомдолд дурдсан  “...шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар pзүйлийн 6.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь уг хуулийн 8 дугаар зүйлд 6.1 дэх заалт байхгүй бөгөөд байхгүй заалтыг шүүх буруу хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.

Мөн давж заалдах гомдолдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно”, 8.5-д “Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно”,  мөн зүйлийн 8.7.1-т “тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо бүх багцын нийлбэр өртгийг үндэслэл болгох”, 8.7.2-т “захиалагч тендерийн урилга болон тендерийн баримт бичигт багцуудын талаарх мэдээлэл, тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болохыг заах”, 8.7.4-т “тухайн тендер шалгаруулалтын дүнгээр байгуулах бүх гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг сонгох” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж хуулийг буруу хэрэглэсэн гэжээ. 

Хариуцагчийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд “хуулийг буруу хэрэглэсэн” гэдэг үндэслэлээ “...талуудын маргаантай харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар гомдлын дээрх үндэслэл үгүйсгэгдэж байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно гэж, мөн хуулийн 8.5-д энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах... зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно гэж заасан ба мөн хуулийн 8.7.1-д тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо бүх багцын нийлбэр өртгийг үндэслэл болгох, 8.7.2-т захиалагч тендерийн урилга болон тендерийн баримт бичигт багцуудын талаарх мэдээлэл, тендерт оролцогч бүр нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болохыг заах, 8.7.4-т тухайн тендер шалгаруулалтын дүнгээр байгуулах бүх гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг сонгох шаардлагыг хангасан тохиолдолд тендер шалгаруулалтыг багцад хувааж болохоор зохицуулжээ. Үүнээс үзвэл хариуцагч Тендерийн үнэлгээний хороо уг тендер шалгаруулалтыг багцад хувааж явуулахдаа хуульд заасан дээрх тодорхой шаардлагыг хангасны үндсэн дээр хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д зааснаар өрсөлдөөнийг дэмжих зорилгоор, бараа ажил үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан... явуулах боломжтой байсан боловч агаарын хөлгийн 11000 тонн шатахууныг 7700, 3300 гэсэн тэнцүү бус хэмжээнд болон олон үйлдэлд хуваасан нь худалдан авах ажиллагаанд...өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим алдагдсан, ингэснээр мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/11 дугаар бүхий “Худалдан авалтын төлөвлөгөө батлах тухай” тушаал түүний хавсралтад зааснаар нийт 26,714.000 00 төгрөгийн үнийн дүн бүхий агаарын хөлгийн шатахууныг улсын хил нөхцөлөөр нийлүүлэх /11 000 тн/, агаарын хөлгийн шатахууныг улсын хилээс тээвэрлэх, хадгалах, агуулахын ачих үйлчилгээ үзүүлэх /11 000 тн/, агаарын хөлгийн шатахууныг тээвэрлэх, хадгалах, сумлах үйлчилгээ үзүүлэх /11 000 тн/ гэж заасан, өөрөөр хэлбэл 3 багц байхаар зохицуулж тендерийг хуулийн дагуу зохион байгуулахыг тендерийн үнэлгээний хороонд даалгасан гэж ойлгогдохоор байгааг дурдах нь зүйтэй. 

Нэхэмжлэгчээс гаргасан “МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/2510 дугаар албан бичиг болон “Мэргэ ван” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, дээрх тендерийн бичиг баримтыг дахин боловсруулж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг дахин явуулахыг МИАТ ХК-ийн гүйцэтгэх захиралд даалгуулах” шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт талуудын хэн аль нь гомдол гаргаагүй тул үнэлэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                  ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

                                     ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ

                                     ШҮҮГЧ                                                   Э.ЗОРИГТБААТАР