Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/323

 

2022         9              29                                  2022/ШЦТ/323

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,   

улсын яллагч Л.Э,

шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Г.Ш-т холбогдох эрүүгийн 2225004090335 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Г.Ш

Шүүгдэгч Г.Ш нь 2022 оны 3 дугаар сарын сүүлээр Булган аймаг Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодис буюу “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн 2 дугаар жагсаалтад хамаарах дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхийг эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 70-05 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Ш “...2022 оны 3 дугаар сарын сүүлээр, яагаад толгойд ийм зүйл хийх бодол орж ирсэн юм бол мэдэхгүй байна, erdenetinfo.mn-д зураглаачаар ажилладаг байсан бөгөөд цэргээс халагдаж ирээд ээж, аавтайгаа ч уулзаагүй гэртээ ганцаараа байдаг байсан. Яагаад ийм юм хийсэн юм бол, үүндээ маш их харамсаж байгаа, би бусдад дамжуулаагүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед;

Г.Ш-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирээд мансууруулах үйлчилгээтэй өвс хэрэглэж эхэлсэн. 2022 оны 3 дугаар сарын сүүлээр Булган аймаг Ингэт /Сэлэнгэ/ сумаас түүж бэлтгэсэн, ... гэртээ байсан өвсийг түүхдээ ганцаараа явсан. Би өөрийн төрсөн эх Ц.Ганчулууны 12-31ОРО улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг унаж яваад нэг торны хэмжээтэйг түүж, гэртээ авч ирээд хэрэглэж байгаа юм. Өнөөдөр манай гэрээс хурааж авсан өвс бол мансууруулах үйлчилгээтэй өвсний ургамал, 2022 оны 3 дугаар сарын сүүлээр түүж бэлтгэсэн өвсний үлдэгдэл. Би гэртээ ганцаараа хэрэглэдэг, сав цоолж бонго гэх зүйл хийж, цаасанд ороож татаж, тухайн өвс рүү шахаад гарсан усыг нь ууршуулж шавар гарган авч хэрэглэдэг.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

“...2022 оны 6 дугаар сарын 13-ны орой 16.00 цагийн үед гэртээ ганцаараа байхдаа ургамалыг тогоо хийх аргаар хэрэглэчихээд байж байсан юм, орой 21.00-22.00 цагийн хооронд гэрийнхээ нэгдүгээр давхарт компьютер тоглоод сууж байтал цагдаагийн алба хаагч гаднаас орж ирээд...“хоёрдугаар давхарт чинь юу байгаа юм” гэж хэлээд хоёрдугаар давхар луу гараад миний өрөөний ширээн дээр байсан мансууруулах ургамал болон түүнийг хэрэглэхдээ ашигласан тогоо, хуйлсан мөнгө зэргийг олсон, ...өвсийг өөрөө хэрэглэх зорилгоор түүж бэлтгэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3404 дугаартай; “...1.2.Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Ширээн дээрээс” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гаанс мэт зүйл, “2 дугаараар тэмдэглэсэн хэсгээс” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн нунтаг зүйл, цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн бор шаргал өнгийн нунтаг зүйл, цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидоканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ийн Конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.

“2 дугаараар тэмдэглэсэн хэсгээс” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн мөнгөлөг цаас, “5 дугаараар тэмдэглэсэн хэсэгт байх зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай шингэн, хуйлсан АК9822223 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, мөнгөлөг цаас зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

3.“2 дугаараар тэмдэглэсэн хэсгээс” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 0.8213г, цэвэр жин нь 0.1321г, цэнхэр өнгийн гялгар уутанд хийсэн бор шаргал өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 130.1г, цэвэр жин нь 119.8г, цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 84.9г байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 28-30, 31-33 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3405 дугаартай; “...1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Г.Ш УШ96123119 2022.06.14” гэсэн хаягтай шээснээс  тетрагидоканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 37-38, 39 дэх тал/,

          Ц.Энхжингийн “Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 70-05 тоотод сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд хадгалж, хэрэглэж байж болзошгүй хүмүүс байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 70-05 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8, 9-11 дэх тал/,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15, 16 дахь тал/,

          Г.Ш-ын гэрээс хураан авсан цагаан өнгийн гялгар ууттай 95.2гр ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн гялгар ууттай 120.7гр ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан гялгар ууттай 0.8гр шавар мэт зүйл, шаргал өнгийн гаанс, 2 гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас, шар өнгийн тагтай “Vita” гэсэн бичигтэй хуванцар савыг доод хэсэгт нь цоолж авсан төгрөгийн мөнгөн дэвсгэртийг ороон мөнгөлөг цаасаар дээд талд нь тогоо хийсэн хэрэглүүр зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Г.Ш-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44, 45 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Г.Ш-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 62, 63-64 дахь тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Д.Одончимэг, Ш.Сугармаа, Я.Ганхүү нарын гаргасан 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “...1.Г.Ш нь каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. 2.Г.Ш нь өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож удирдах чадвартай байна. 3.Г.Ш нь болж өнгөрсөн үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.Г.Шын дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. 5.Г.Ш нь каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Ш нь иргэний журмаар сэтгэл заслын болон эмийн эмчилгээ хийх шаардлагатай байна. 6.7.Г.Ш нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Харин каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. 8.Г.Ш нь каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Ш нь иргэний журмаар сэтгэл заслын болон эмийн эмчилгээ хийх шаардлагатай байна. Хэдий хугацаанд эмчлэгдэх эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. 9.Г.Ш нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хуудас дугааргүй/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, Г.Шаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Г.Ш-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.Ш нь 2022 оны 3 дугаар сарын сүүлээр Булган аймаг Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөт бодис буюу “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн 2 дугаар жагсаалтад хамаарах дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхийг эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 70-05 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

Г.Ш-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирээд мансууруулах үйлчилгээтэй өвс хэрэглэж эхэлсэн. 2022 оны 3 дугаар сарын сүүлээр Булган аймаг Ингэт /Сэлэнгэ/ сумаас түүж бэлтгэсэн, ... би гэртээ ганцаараа хэрэглэдэг, сав цоолж бонго гэх зүйл хийж, цаасанд ороож татаж, тухайн өвс рүү шахаад гарсан усыг нь ууршуулж шавар гарган авч хэрэглэдэг. ...2022 оны 6 дугаар сарын 13-ны орой...цагдаагийн алба хаагч гаднаас орж ирээд...“хоёрдугаар давхарт чинь юу байгаа юм” гэж хэлээд хоёрдугаар давхар луу гараад миний өрөөний ширээн дээр байсан мансууруулах ургамал болон түүнийг хэрэглэхдээ ашигласан тогоо, хуйлсан мөнгө зэргийг олсон.” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3404 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 3405 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

          Ц.Энхжингийн “Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 70-05 тоотод сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд хадгалж, хэрэглэж байж болзошгүй хүмүүс байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,  

Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 70-05 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд,

Г.Ш-ын гэрээс хураан авсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

Г.Ш-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Д.Одончимэг, Ш.Сугармаа, Я.Ганхүү нарын гаргасан 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Г.Ш шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоож, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрсөн байх бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хадгалах” гэдгийг уг бодисыг санаатайгаар орон байр, тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж хадгалах, өөрийн бие, тээврийн хэрэгсэл, цүнх, сав зэрэгт агуулж хадгалахыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Шын орон байрандаа хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан.”-аар хэргийн бүрдэл хангагдана.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Шыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх түүнийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан. гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Г.Ш-ын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Г.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан.гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагч Л.Энхтайван “...шүүгдэгч Г.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг гаргаж,  

шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...би эрх чөлөөтэй, цагаа бүртгүүлээд явмаар байна.” гэсэн болно.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадварыг муутгаж,  уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлалаар үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд, өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор,

мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Г.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Бусад асуудал;

          Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн,

          шүүгдэгч Г.Шын гэрээс хураан авах үед;

          95.2гр байсан, шинжилгээ хийгдээд буцах үеийн цэвэр жин нь 84.7гр болсон цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл,

120.7гр байсан, шинжилгээ хийгдээд буцах үеийн цэвэр жин нь 119.6гр болсон цэнхэр өнгийн гялгар ууттай бор шаргал өнгийн нунтаг зүйл,

0.8гр байсан, шинжилгээ хийгдээд буцах үеийн цэвэр жин нь 0.0321гр болсон гялгар ууттай хар өнгийн нунтаг шавар мэт зүйл,

          хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас,

          шар өнгийн тагтай “Vita” гэсэн бичигтэй хуванцар савыг доод хэсэгт нь цоолж авсан төгрөгийн мөнгөн дэвсгэртийг ороон мөнгөлөг цаасаар дээд талд нь тогоо хийсэн хэрэглүүр,

          хуйлсан АК9822223 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт,

          шаргал өнгийн гаанс мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоигдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, 

шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Г.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай 84.7гр ногоон өнгийн ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн гялгар ууттай 119.6гр бор шаргал өнгийн нунтаг зүйл,          гялгар ууттай 0.0321гр хар өнгийн нунтаг шавар мэт зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг цаас, шаргал өнгийн гаанс, шар өнгийн тагтай “Vita” гэсэн бичигтэй хуванцар савыг доод хэсэгт нь цоолж авсан төгрөгийн мөнгөн дэвсгэртийг ороон мөнгөлөг цаасаар дээд талд нь тогоо хийсэн хэрэглүүр зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ