Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/345

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А холбогдох 2234005020357 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын эдийн засагч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 2, эхийн хамт ..... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ж.А.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлах 404 дүгээр байрны 8 тоотод хамтран амьдарч байсан иргэн М.Хоролгаравтай утасны кодоо гарга, нөгөө залуутай чинь очиж уулзъя гэх хоорондын таарамжгүй харьцаатай улмаас маргалдаж, түүний хацар, шанаа, толгойн тус газарт гараараа цохиж гарыг нь мушгиж чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч Ж.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                        

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Ж.А нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлах 404 дүгээр байрны 8 тоотод хамтран амьдарч байсан иргэн М.Хтай утасны кодоо гарга, нөгөө залуутай чинь очиж уулзъя гэх хоорондын таарамжгүй харьцаатай улмаас маргалдаж, түүний хацар, шанаа, толгойн тус газарт гараараа цохиж гарыг нь мушгиж чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234005020357 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч М.Хын өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг 30 минутын үед Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Гэр бүл хүүхэд залуучуудын байран дээр байхад Алтанхуяг миний гар утас руу залгаад хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би ажил дээрээ байна гэж уулзах хэрэгтэй байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн Алтанхуяг ирэхгүй удаад байхаар нь би дулаан эрчим хүчний газарт очиж цахилгаан хэрэглээний мөнгийг төлөөд буцаад ажил руу алхаад явж байхад Алтанхуяг нь манай ажлын гадна машины зогсоол дээр машинтайгаа зогсож байсан. Би хүнтэй уулзаад зогсож байхад Алтанхуяг нь сигналдхаар нь би машины арын хаалгыг нь онгойлгоод арын суудал дээр нь суугаад манай гэр лүү явсан. Бид нар манай гэрийн гадна очоод машин дотор нь ярилцсан. Би арын суудал дээр сууж байсан Алтанхуяг өөрөө жолооны ард сууж байсан. Би Алтанхуягт хандан чи орой үдэш битгий залгаад бай, битгий мессеж бичээд бай би өөр хүнтэй болсон, чи өмнө надад гар хүрч байсан одоо чамтай цаашдаа хамт амьдрахгүй гэж хэлсэн. Тэгсэн Алтанхуяг одоо ахиж ингэхгүй эргээд нийлье, би хариуцлагаа үүрнэ, чамаас салмааргүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтанхуягт хандан чи бид хоёр угаасаа бүтэхээр байсан бол бүтэх хугацаа боллоо, болж бүтэхгүй байна, үр хүүхэдтэй ч болохгүй байна, одоо эвээр салъя гэж хэлээд машинаас нь буугаад гэртээ орсон. Би гэртээ ороод цайгаа уучхаад гарч ирэхэд Алтанхуяг машинтайгаа зогсож байхаар нь би тойроод өөр газраар ажил руугаа явсан. Би орой ажил 18 цаг өнгөрч байхад тараад гэр лүүгээ явсан. Тэр хооронд Алтанхуяг нь видео чатаар залгасан би аваагүй. Би орой ажил тараад гэртээ алхаад харьсан. Намайг гэртээ ирсний дараа миний найз Цэндмаа, Хулан хоёр оройн 20 цаг 24 минутад ирсэн. Би хоёр найздаа хоол хийж өгөөд юм ярьж сууж байгаад 23 цаг 40 минутын үед манай хоёр найз явахаар болоод би гаргаж өгсөн. Би хоёр найзаа машины зогсоол хүргэж өгчхөөд эргээд орц руугаа орох гээд явж байхад Алтанхуяг нь манай гэрийн байрын орцны зүүн талд тамхи татчихсан зогсож байсан. Тэгээд би Алтанхуягийг араас орж ирнэ гэж мэдээд шатаараа гүйгээд гэртээ ороод хаалгаа түгжсэн. Тэгсэн Алтанхуяг нь хаалга нүдэж, цохиод шавар болсон машин яриад тэр хүн чамтай уулзах гэж ирсэн байх машины гэрэл тусгаж харсан чинь зугтаагаад явчихлаа гээд орцоор нэг орилоод, хаалга балбаад байхаар нь би хаалгаа тайлж өгөөд Алтанхуягийг гэртээ оруулсан. Алтанхуяг гэрт орж ирээд үүдэнд байсан сандал дээр сууж байхаар нь би Алтанхуягт хандан чи сая харсан байх, би хоёр найзаа гаргаж өгөөд орж ирсэн, чи согтуу байна чамтай яриад байх юм байхгүй гэж хэлсэн чинь Алтанхуяг нь тиймээ андуурсан байна гэж хэлсэн. Би Алтанхуягт хандан чи согтуу байна харьж амар, би чамтай хамт амьдрахгүй гэж хэлсэн. Өмнө нь Алтанхуяг нь эмэгтэй хүнтэй харилцаа үүсгэж байсан, намайг мөн цохиж зодож байсан тийм болохоор одоо явчих, би одоо өөр хүнтэй болсон гэж хэлсэн. Тэгсэн Алтанхуяг тэр хүн чинь хэн юм бэ надад хэлчих тэгвэл би гараад явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэрийг нь хэлсэн чинь Алтанхуяг нь миний гар утсыг булааж аваад та хоёрыг яаж харьцдагийг үзнэ гээд миний утасны кодыг тайл гээд байсан. Тэгэхээр нь би утасны кодоо тайлж өгөөгүй. Тэгээд би жижиг өрөөндөө ороод хаалгаа түгжихэд Алтанхуяг нь хүчээр хаалга өшиглөж эвдээд ороод ирсэн. Алтанхуяг нь намайг түлхээд газарт шалан дээр унагасан. Тэгэхээр нь би хаалгаар гараад зугтаах гэсэн боловч гаргалгүй орон дээр дарж унагаад миний гарыг мушгиж миний баруун гарын эрхий хурууг өөрөө барьж нугалж, хумс хугалаад миний утасны кодыг тайлаад тэгээд миний цээжин дээр мөрдөж суугаад миний чатыг уншиж байхдаа миний зүүн талын шанаа хэсэгт 1 удаа гараараа, баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Намайг цохисны дараа Алтанхуягт хандан би амьсгалж чадахгүй байна намайг босгочих би толгойндоо доргилт авч болохгүй, намайг босгочих би хажууд чинь зэрэгцэж сууж байгаад цаатаа уншуулъя гэж хэлсэн. Тэгсэн Алтанхуяг миний дээр суусан байснаа боссон. Тэгээд Алтанхуяг нь нөгөө залуутай чинь очиж уулзъя гээд намайг гараас барьж чирээд хаалгаар дагуулж гараад манай байрны цонхны доор зогсож байгаад ахин хүчээр чирээд машин дээрээ очсон. Тэгээд машин дээр нь очиход машиных нь түлхүүр байгаагүй учир ахин миний гарыг зуруулж бариад орцны хаалгаар ороод дээшээ манай гэр луу чирээд явсан. Тэгээд гэрийн хаалгаар ороод жижиг өрөөний тэнд очсоноо Алтанхуяг нь миний гарыг тавиад орны араар унасан байсан машины түлхүүрээ авахаар явахад нь би гэрээсээ гуйж гараад эсрэг талын байрны цаана гараад зогссон. Алтанхуягийн ах нь манай хажуу талын 400 дугаар байранд байдаг болохоор нь би ахад нь хэлдэг юм билүү гэж бодоод зогсож байтал Алтанхуяг нь гэрийн хаалга онгорхой яваад өгсөн байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод цагдаад дуудлага өгөхөөр утсаа хайсан боловч миний утас байгаагүй миний гар утсыг аваад явсан байсан. Тэгсэн маргааш нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр миний төрлийн Дашка ахтай тааралдахад чиний утас манай гэрийн хашааны тэнд байна лээ хүүхдүүдээс асуусан чинь Хорлоо эгчийн утас байна гэж хэлсэн. Тэгээд би утсаа олж авсан. Өдөр 14 цагт цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн байгаа. Бид хоёр хамт амьдраад тогтмол 1 жил л байсан. Би 2017 оноос хойш Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 1000/мянган/ айлын байранд орсон тэрнээс хойш Алтанхуяг хааяа ирдэг байсан хамт амьдардаггүй байсан. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Миний хоёр хацар хэсэгт 2 удаа, толгойн тус газарт 1 удаа цохисон. миний гараас дугтарч базаж сэгсэрсэн, гар хөхөрч хавдсан байсан. Мөн хоёр чамархай хэсгээс гараараа шахаж өргөсөн. Намайг өөр хүнтэй болсон гэж хэлэхэд уурлаж цохиж зодсон байх гэж бодож байна. 2017 онд 1000/мянган/ айлын 35 тоотод, 2020 оны 01 дүгээр сарын 01-нд, 2020 оны 11 дүгээр сарын 20-нд, 2021 оны 11 дүгээр сарын 11-нд 400 дугаар байранд зодож байсан. Миний гар утсыг булааж аваад цагдаад дуудлага өгүүлдэггүй, гэр дүү маань хүртэл яриулдаггүй байсан. Би гомдолтой байна. Би утас, хаалгаа янзлуулна, томографикийн мөнгө болон эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг/хх-14-15 тал/,

 

   Гэрч Ц.Цэндмаагийн өгсөн: “Хорлоогаравыг танина төрөл садны холбоо байхгүй. Бид нар нэг байгууллагад хамт ажиллаж байсан Алтанхуяг гэх хүнийг танихгүй. Би хамгийн сүүлд 2022 оны 7 дугаар сарын 19-ны орой 21 цагийн орчим хамт ажилладаг Хулантай хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт тэр нь байдаг хамт ажилладаг Хорлоогаравын гэрт очсон. Тэгэхэд гэрт нь Хорлоогарав эгч ганцаараа гэртээ байсан. Бид нар тэнд хоол идээд жаахан юм ярьж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явахаар гарсан ба Хорлоогарав нь гэрээсээ гаргаж өгсөн. Бид нарыг гаргаж өгөөд Хорлоогарав машиныхаа зогсоол дээрээс гэр лүүгээ орохоор явсан. Тэрнээс хойш Хорлоогаравын гэрт очоогүй. 2022 оны 7 дугаар сарын 20-нд Хорлоогарав нь ажил дээр ирээд та нарыг явсны дараа манай байрны орцны үүдэнд Алтанхуяг тамхи татаад зогсож байсан. Би гэрт ороод хаалгаа түгжиж амжаагүй байхад Алтанхуяг гэрт орж ирээд миний утсыг булааж аваад, миний цээжин дээр гарч суучхаад миний хацар луу алгадаад байсан гэж хэлсэн. Тэр үед Хорлоогаравын гар нь бугалга, шуу хэсэгтээ хөхөрсөн байсан. Манай ажлын Хулан бид хоёр сонсож байсан. Бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хоол хийж идээд гарсан....” гэх мэдүүлэг/хх-19-20 тал/,

 

Гэрч Б.Хулангийн өгсөн: “Би хамгийн сүүлд 2022 оны 7 дугаар сарын 19-ны орой 21 цагийн орчим хамт ажилладаг Цэндмаагийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байдаг хамт ажилладаг Хорлоогаравын гэрт очсон. Хорлоогарав эгч ганцаараа гэртээ байсан. Бид нар тэнд хоол идээд жаахан юм ярьж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явахаар гарсан ба Хорлоогарав гэрээсээ гаргаж өгсөн. Бид нарыг гаргаж өгөөд Хорлоогарав эргээд гэр рүүгээ орохоор явсан. 2022 оны 7 дугаар сарын 20-нд Хорлоогарав нь ажил дээр ирээд та нарыг явсны дараа манай байрны орцны үүдэнд Алтанхуяг тамхи татаад зогсож байсан. Би гэрт ороод хаалгаа түгжиж амжаагүй байхад Алтанхуяг гэрт орж ирээд миний утсыг булааж, миний цээжин дээр гарч суучхаад миний хацар луу алгадаад байсан гэж хэлсэн. Хорлоогаравын хацар нь нэлээн улайсан, баруун гарын бугалга хэсэг нь маажсан шархтай байсан.” гэх мэдүүлэг /хх-22 тал/,

 

   Шүүгдэгч Ж.Аийн сэжигтнээр өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 19-өөс 7 дугаар сарын 20-нд шилжих шөнө би өөрийнхөө утасны кодыг гаргуулмаар байна гэж Хорлоогаравт хэлэхэд намайг яваад ир гэж хэлэхээр нь түүний амьдарч байсан Зуунмод сумын 1 дүгээр баг 401 дүгээр байранд 23 цаг өнгөрч байхад очсон. Би байрных нь гадна очоод байж байхад Хорлоогарав гаднаас гэр лүүгээ орж байсан. Хорлоогарав нь түрүүлээд гэртээ орсон. Тэгээд би араас нь гэрт нь ороход хаалгыг нь тогшиход Хорлоогарав хаалгаа тайлж өгсөн. Тэгээд гэрт нь ороход Хорлоогарав гэртээ ганцаараа байсан. Хорлоогарав бид хоёр хамт амьдарч байсан тухайгаа яриад байж байхад Хорлоогарав нь сална гэж хэлсэн. Тэгэхээр нь би салахгүй, яагаад салж байгаа юм бэ гэж асуугаад хамт амьдарч байсан 10 жилийн амьдралаа үрмээргүй байна гэж хэлсэн. Тэгтэл Хорлоогарав би өөр хүнтэй болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар хүн байдаг юм бэ харъя гэж хэлсэн, миний хувьд тусдаа хөдөө амьдраад 1 сар болсон болохоор ийм хурдан өөр хүнтэй болно гэж бодоогүй, итгэж өгөөгүй тэгсэн Хорлоогарав надад хэлэлгүй нуугаад байсан юм. Тэгэхээр нь тэр хүнийхээ зургийг харуулчих гэж хэлтэл Хорлоогарав нь өөрийнхөө утсан дээр үзүүлэхгүй миний утасны кодыг гаргаад миний утсан дээр нөгөө хүнийхээ зургийг харуулсан Тэгэхээр нь би ийм зүйлд итгэхгүй байна, чи өөрийнхөө утсан дээрээс харилцсан харилцаа, цаатаа гаргаад ир гэж хэлсэн. Тэгсэн Хорлоогарав гаргаж өгөхгүй байсан. Тэгсэн Хорлоогарав нь босоод жижиг өрөө рүүгээ ороод хаалгаа түгжсэн. Тэгэхээр нь би жижиг өрөөний хаалгыг нь баруун хөлөөрөө жийхэд уг өрөөний хаалганы хүрээ мод нь салаад хаалга нь онгойсон. Би жижиг өрөөнд ороод орны дэрэн доор байсан Хорлоогаравын гар утсыг нь авсан. Би утсыг нь аваад утасныхаа кодыг гаргаад өгчих, чамтай хэрэлдэж муудалцмааргүй байна гэж хэлсэн. Тэгсэн Хорлоогарав нь утасны кодоо гаргаж өгөөгүй, би зөндөө гуйсан. Тэгэхээр нь би баруун гараас нь татаад долоовор хуруугаар нь утасных нь фингер дээр нь дархад утасных нь түгжээ тайлагдаагүй. Тэгсэн Хорлоогарав нь утсаа авах гэж миний өөдөөс дайраад надтай ноцолдсон. Би ахин Хорлоогарав хандан чамтай хэрэлдэж маргалдмааргүй байна гэж хэлээд Хорлоогаравыг орон дээр нь дараад цээжин дээр нь мордоод суусан. Би ахин Хорлоогаравт хандан утасныхаа кодыг гаргаад өгчих чаатыг чинь хараад энэ залуутай үнэхээр харилцаатай байх юм бол би явлаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр муудалцаад сүүлдээ Хорлоогарав нь өөрөө утасныхаа кодыг гаргаж өгсөн. Утасныхаа кодыг гаргаж өгснийх нь дараа утасных нь чаат руу ороод Хосбаяр гэх хүнтэй харилцсан мессеж, чат болон зургийг нь харахад Хосбаяр болон Хорлоогарав нарын шалдан нүцгэн зураг байсныг нь хараад би уурлаад баруун гараараа зүүн хацар хэсэгт нь 2 удаа алгадсан. Тэгээд би Хорлоогаравт хандан энэ залуутай чинь уулзана хамт явъя гэж хэлэхэд Хорлоогарав гарахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хорлоогаравын гараас нь бариад гэрээс гарч шатаар буухад Хорлоогарав нь ноцолдоод байсан. Бид нар гэрээс гараад гадна байсан миний машинд суух гэхэд миний машины түлхүүр байхгүй, Хорлоогаравын гэрт унагасан байсан юм. Тэгээд ахин Хорлоогарав бид хоёр хоёулаа ахин машины түлхүүр авахаар гэрт нь орсон. Тэгэхэд тэр Хорлоогаравын гар хөхөрсөн байсан. Бид хоёр ахин Хорлоогаравын гэрт ороод жижиг өрөөнд нь байсан миний машины түлхүүрийг авах үед Хорлоогарав нь гэрээсээ ганцаараа гараад гүйсэн. Тэгээд би гэрээс нь гарч машинаа асаагаад хөдөө Алтанбулаг сум руу явсан. Ийм л зүйл болсон. Бид хоёр 2012 оноос хойш хамт амьдарч байгаа. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Хорлоогарав нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байсан болохоор нь хэрэлдэж муудалцсан. Хорлоогаравын зүүн шанаа хэсэгт нь би хоёр удаа баруун гараараа алгадсан байгаа. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Хэрэлдэж муудалцсан үед Хорлоогарав жижиг өрөөндөө ороод хаалгаа түгжчихээр нь хаалгыг нь онгойлгох гэж жийж өшиглөсөн байгаа. Би эрүүл байсан. Бид хоёр сүүлийн 1 сар тусдаа амьдарч байна.” гэх мэдүүлэг/хх-26-27 тал/,

  

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 407 дугаартай “1.М.Хын биед зүүн шанаа, хацар, баруун, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ар дагз, цээж, баруун шуунд цус хуралт, баруун, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт/хх-31-32 тал/,

   Хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /хх-03 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

   Шүүгдэгч Ж.А гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ж.А нь НИК Петровист түгээгч ажилтай, .... оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 31 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Эрүүгийн 2234005020357 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, хохирогч М.Хт 600.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ат оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч Ж.Ат оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Хт 600.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ат авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Ат урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН