Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/02512

 

2018 оны 10 сарын 23 өдөр

    Дугаар 183/ШШ2018/02512

         Улаанбаатар хот

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу шороотын ам, *********** ХХК-ийн байранд байрлах, “Ф ” ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Эв нэгдлийн гудамж ************* байранд байрлах, “Н ” ХХК-д холбогдох, 

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 37 281 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.                                                                                                                                                                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ф ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Н ” ХХК нь 2012 онд манай компаниас нийт 74 563 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг хүлээн авч, манай зүгээс тохирсон бетон зуурмагийг хүлээлгэж өгөхөөр талууд харилцан тохиролцсон. Талуудын эрх бүхий албан тушаалтнууд 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөр дээр Тооцоо нийлсэн акт үйлдэж, Н  ХХК нь хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн бичилтээр 37 281 500 төгрөгийн үнэ бүхий тооцоо гарсныг баталгаажуулан, харилцан гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэгээр баталгаажуулсан. Гэтэл дээрх актын дагуу “Н ” ХХК нь төлбөрөө төлөөгүй, төлнө гэсээр 2018 он болсон, 2015 онд үйлдсэн дээрх актын дагуу нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Бидний зүгээс хүлээцтэй хандаж, төлбөр төлөхийг шаардаж байсан ба 2018 оны 5 дугаар сарын 10-нд төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдлийг тус компанид хүлээлгэж өгсөн. Гэтэл тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул хуульд заасан шаардах эрхийн дагуу нэхэмжилж байна. Уг нэхэмжлэлээр 37 281 500 төгрөгийг шаардаж байгаа тул шүүх шийдвэрлэж өгнө үү гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Хариуцагч “Н ” ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр гардан авч, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

           Хариуцагч “Н ” ХХК-д холбогдуулан  нэхэмжлэгч “Ф ” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 37 281 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хавтаст хэргийн 5-34 дүгээр талд авагдсан бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт, 35 дугаар талд авагдсан  тооцоо нийлсэн актаар  2012 оноос 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг дуусталх тооцоог хоёр талын байгууллагын нягтлан бодогч нар нийлж хариуцагч “Н ” ХХК нь нэхэмжлэгч “Ф ” ХХК-нд 37 281 500 төгрөгийн өглөгтэй болсон байна.

             Уг тооцоо нийлсэн акт нь зохигч байгууллагуудын санхүүгийн ажилтнууд гарын үсэг зурж, тамга болон санхүүгийн тэмдэгийн дардасаар баталгаажуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан баримт байхаас гадна  хариуцагч нь мэтгэлцэх, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, дээрх барааг хүлээн аваагүй, төлбөрийн үлдэгдэл зөрүүтэй эсэх талаар шүүхэд маргаагүй болно.

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба дээрх баримтыг үндэслэн талуудын хооронд үүссэн харилцаа нь худалдах-худалдан авах гэрээний  харилцаа үүсэж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

             Иргэний хуулийн 75 дугаар зүйлйин 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хоёр байгууллага 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөр тооцоо нийлсэн байх тул уг өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна гэж шүүх үзлээ./х.х-ийн 35-р тал/

         Иймд  Иргэний хуулийн 243  дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н ” ХХК-иас худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 37 281 500 төгрөг гаргуулж   нэхэмжлэгч “Ф ” ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

         Мөн хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Н ” ХХК-иас худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 37 281 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ф ” ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжинд 344 358 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ