Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/324

 

2022         09            29                                   2022/ШЦТ/324

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Л.Э,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.А-ад холбогдох эрүүгийн 2225000000387 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Г.А

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр наадмын талбайн орчимд Н.Э-г зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун чихний ар хэсэг, зүүн нүдний гадна булан, зүүн шанаа, эрүү, нуруу, хоёр гарын бугалга, тохой, баруун гарын шуу, зүүн өгзөг, хоёр гуя, өвдөгт маш олон тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.А “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Н.Э-н “...Би тухайн үед согтуу байсан, шаргал өнгийн саравчтай малгайтай, шар өнгийн ноосон цамцтай, хар бараан өнгийн өмдтэй, туранхай биетэй бор царайтай залуу надтай юм ярьж сууж байгаад “гэртээ харилаа” гэхэд уурлаж, зодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

“...Миний биед үүссэн баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун чихний ар хэсэг, зүүн нүдний гадна булан, зүүн шанаа, эрүүнд үүссэн гэмтлийг Г.А гэх залуу миний нүүр болон толгой хэсэгт цохиж алгадахдаа үүсгэсэн. ... хоёр гарын бугалга, тохой, баруун гарын шуунд үүссэн гэмтлийг Г.А намайг цохиж унагаачихаад босгох гэж байхдаа гараас хүчтэй бариад тавихгүй байсан тэр үед үүссэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

Г.А-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн үед ажлын ах Мөнхбаярын хамт “Богд гол”-ын 2 давхарт байрлах караокед орсон. ...манай хажуу талын ширээн дээр сууж байсан 5-6 эмэгтэй ах бид хоёрыг дуудаж хамт нэг ширээнд сууж, дуулж архи уусан. Удалгүй уг караокены хажууд байрлах баар луу бид нар бүгд орж, би ахтай хамт тусдаа ширээн дээр суугаад пиво ууж байтал зөөгч ирээд “тооцоо хий” гэж хэлсэн, тэгэхэд бид хоёрыг дуудаж суулгасан эмэгтэйчүүдийн нэг нь “чи манай тооцоог хийчих баарнаас гараад хоёулаа хамт явья” гэсэн. ...хэсэг сууж байгаад “надтай хамт гарья” гэсэн эмэгтэйг дагуулж гадагшаа гараад “буудал орьё” гэхэд уг эмэгтэй “буудал орохгүй, хоёулаа наадмын талбайн хажуу талд очьё” гэж хэлээд зам хөндлөн гарч яваад доошоо харанхуй газар луу унасан. ...бид хоёр өвсөн дээр юм ярьж сууж байгаад хоорондоо маргалдаж би Эрдэнэбилэг гэх эмэгтэйн нүүр хэсэгт 2-3 удаа цохичихоод явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

“....Эрдэнэбилэгийн биед үүссэн баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун чихний ар хэсэг, зүүн нүдний гадна булан, зүүн шанаа, эрүүнд цус хуралт гэмтлүүдийг би нүүр хэсэгт нь цохиж, алгадахдаа үүсгэсэн. Харин хоёр гарын бугалга, тохой, баруун гарын шуунд үүссэн гэмтлийг Эрдэнэбилэг нь газар уначихаад босохгүй байхаар нь татаж босгох гэж гар болон шуунаас нь татахад хөхөрсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,   

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 639 дугаартай; “...1.Н.Эрдэнэбилэгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун чихний ар хэсэг, зүүн нүдний гадна булан, зүүн шанаа, эрүү, нуруу, хоёр гарын бугалга, тохой, баруун гарын шуу, зүүн өгзөг, хоёр гуя, өвдөгт маш олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх цус хуралтууд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Уг цус хуралтууд нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 4.Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсэн байхаар байна. 5.Уг гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

хохирогч Н.Э-н “...Орхон аймаг Баян-Өндөр сум наадмын талбайн хажуу талд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн үед үл таних хүн миний эрх чөлөөнд халдаж намайг зодож, гэмтэл учруулсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

хохирогч Н.Э-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

хохирогч Н.Э-н өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10, 11, 12, 13-14 дэх тал/,

Г.А-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15, 16-17 дахь тал/,

Г.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/,

яллагдагч Г.А-ын “...Миний бие Эрдэнэбилэгийн биед нь халдаж гэмтэл учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 65 дахь тал/,

хохирогч Н.Э-н “...Г.А-ад зодуулсан гэх хэрэгт ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, мөн Г.А-аас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Нэг: Шүүгдэгч Г.А-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.А нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр наадмын талбайн орчимд Н.Эрдэнэбилэгийг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун чихний ар хэсэг, зүүн нүдний гадна булан, зүүн шанаа, эрүү, нуруу, хоёр гарын бугалга, тохой, баруун гарын шуу, зүүн өгзөг, хоёр гуя, өвдөгт маш олон тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Н.Э-н “...шаргал өнгийн саравчтай малгайтай, шар өнгийн ноосон цамцтай, хар бараан өнгийн өмдтэй, туранхай биетэй бор царайтай залуу надтай юм ярьж сууж байгаад “гэртээ харилаа” гэхэд уурлаж, зодсон.” гэх,

Г.А-ын “...бид хоёр өвсөн дээр юм ярьж сууж байгаад хоорондоо маргалдаж би Эрдэнэбилэг гэх эмэгтэйн нүүр хэсэгт 2-3 удаа цохичихоод явсан. ...Эрдэнэбилэгийн биед үүссэн баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, баруун чихний ар хэсэг, зүүн нүдний гадна булан, зүүн шанаа, эрүүнд цус хуралт гэмтлүүдийг би нүүр хэсэгт нь цохиж, алгадахдаа үүсгэсэн. Харин хоёр гарын бугалга, тохой, баруун гарын шуунд үүссэн гэмтлийг Эрдэнэбилэг нь газар уначихаад босохгүй байхаар нь татаж босгох гэж гар болон шуунаас нь татахад хөхөрсөн.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 639 дугаартай дүгнэлт, хохирогч Н.Э-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүний “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч Г.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Г.А-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Г.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулав.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч Н.Э нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг гаргаагүй байх бөгөөд хавтаст хэргийн 66 дахь талд авагдсан түүний “...Г.Аад зодуулсан гэх хэрэгт ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ