Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/01358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ДГ” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер стоун 2 хотхон, 26Б дүгээр байр, 2 дугаар орц, 00 тоотод байрлах, /

 

Хариуцагч: Энх овогтой, Дагвадоржийн Нарантуяад холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер стоун 2 хотхон, 26Б дүгээр байр, 1027 тоотод оршин суух, /

 

Хариуцагч: Тарган овогтой, Л.Б-д холбогдох,

/Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр гудамж, 157 тоотод оршин суух, /

 

Гэм хорын хохиролд 800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар, Д.Мөнгөнцэцэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал, гэрч Б.Сэрээтэр, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Нн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 17-ны шөнийн 04 цаг 32 минутад 26Б дүгээр байрны 2 дугаар орцны лифтэнд 1027 тоотын оршин суугч Д.Н нь гацсан байсныг 04 цаг 38 минутад мэдэж, 526 тоотын оршин суугч болон 324 тоотын оршин суугч нар харуулд мэдэгдсэн. Уг дуудлагын “Хайрхан занги” ХХК-ийн гэрээт харуул А.Бямба нь Онцгой байдлын албыг дуудсан. Энэ үед гаднаас нөхөр Л.Б нь согтуу ирээд, хаалгыг хөшиж, лифтний мэдрэгчийг эвдсэн. Тухайн үед харуул А.Бямба нь “та яаж байгаа юм бэ, лифт эвдчихлээ боль, хариуцлагыг хэн хүлээх юм” гэж удаа дараа шаардахад “яадаг юм бэ, би төлбөрийн чадвартай, хариуцлагыг нь өөрөө хүлээнэ” гэж хэлээд мэдрэгчийг 2 хэсэг болгон тасдаад гаргаад ирсэн. Ингээд 06 цаг 01 минутад Онцгой байдлын аврах 105 дугаар ангийн 4 хүн ирж, хаалгыг онгойлгож, Д.Нг лифтнээс гаргасан байсан. Бид эвдэрсэн лифтний хаалга болон мэдрэгчийг “Шримекс” ХХК-иар засварлуулан, хэвийн ажиллагаанд оруулсан. Иймд бусдын буруутай үйлдлээс болж учирсан хохирол болох лифтний мэдрэгч 850.000 төгрөг, үйлчилгээний төлбөр 150.000 төгрөг, НӨАТ 110.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж лифтний мэдрэгчийн үнэ 800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Н, Л.Б нар нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 цаг 30 минутын орчимд гэртээ ирсэн бөгөөд нөхөр Л.Б нь автомашинаа байрлуулаад гэртээ орох гэтэл эхнэр Д.Н нь лифтэнд гацсан, харуул нь лифтний хаалганд мод хавчуулчихсан, онгойлгохыг оролдоод зогсож байсан. Ингээд Онцгой байдлын албанаас ирж, лифтний хаалгыг хүчээр онгойлгоод, Д.Нг лифтнээс гаргасан. Д.Н, Л.Б нарын хувьд лифтний хаалга, мэдрэгчийг эвдлээгүй бөгөөд тухайн үеийн камерын бичлэгийг гаргуулж үзнэ гэсэн боловч өгөөгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“ДГ” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.Н, Л.Б нарт холбогдох, гэм хорын хохиролд 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ДГ” СӨХ-ны төлөөлөгч Г.Нн “...лифтний хаалганы мэдрэгчийг эвдсэн гэм хорын хохиролд 800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Н, Л.Б нар хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...лифтийг эвдээгүй, гэм буруугүй” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

Зохигчид “...Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер стоун 2 хотхон, 26Б дүгээр байр 2 дугаар орцны цахилгаан шат /лифт/ нь заримдаа гацдаг, ...тухайн орон сууцны оршин суугч Д.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны шөнийн 04 цаг 32 минутын орчимд уг лифтэнд гацаж, түүний нөхөр Л.Б ирэхэд лифтний хаалганы завсараар мод хийсэн байсан, ...Онцгой байдлын аврах 105 дугаар ангиас 4 хүн ирж, хаалгыг онгойлгон Д.Нг лифтнээс гаргасан” үйл баримтаар талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч талын “...Д.Нг лифтэнд гацахад түүний нөхөр Л.Б ирээд, хаалгыг хөшиж, лифтний мэдрэгчийг эвдсэн” гэсэн тайлбар, гэрч Б.Сэрээтэрийн “...Д.Нг лифтэнд гацахад түүний нөхөр Л.Б гаднаас орж ирээд, хаалгыг хөшиж, лифтний мэдрэгчийг хугалсан” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул хариуцагч Д.Н, Л.Б нарыг нэхэмжлэгч “ДГ” СӨХ-д гэм хор учруулсан буюу Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер стоун 2 хотхон, 26Б дүгээр байр 2 дугаар орцны лифтний хаалганы мэдрэгчийг эвдсэн гэх боломжгүй юм.

 

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байх бөгөөд “ДГ” СӨХ-оос шүүхэд ирүүлсэн нэг баримт болох “СӨХ-д өдөр бүр танилцуулж байгаа мэдээ” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэхээргүй байна.

 

Учир нь дээрх баримтад “...2 дугаар орцны камерыг шүүж үзэхэд 04 цаг 32 минутад уг байрны оршин суугч Д.Н гаднаас орж ирэн лифтэнд сууж гацсан...түүний нөхөр лифтний хаалга оролдож байгаад нэг хар юм хугалаад гаргаад ирсэн...” гэсний дагуу тус шүүхийн тогтоолоор хяналтын камерын бичлэгийг нэхэмжлэгч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий боловч “ДГ” СӨХ-оос камерын бичлэгийг гаргаж өгөх техникийн боломжгүй гэсэн болно.

 

Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтаар “...лифтний хаалганы мэдрэгчийг Д.Н, Л.Б нар эвдсэн” болох нь нотлогдоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Д.Н, Л.Б нараас гэм хорын хохиролд 800.000 төгрөг гаргуулах тухай “ДГ” СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан “ДГ” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.Н, Л.Б нарт холбогдох, гэм хорын хохиролд 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ДГ” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 30.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД

                                   

                     ШҮҮГЧИД                                                                    Б.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                                            Д.ХУЛАН