Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/321

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Хохирогч А.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Дрт холбогдох эрүүгийн 2234000000301 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Н.Др,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн 1 дүгээр фермийн 7-2 тоот хашааны гадаа 2022 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед А.Эрдэнэбилэгтэй “хашааны урд хэвтэж байсан үхэр хөөлөө” гэх шалтгаанаар маргалдан, түүний толгойн тус газар чулуугаар болон гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

   Шүүгдэгч Н.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

  Хохирогч А.Эрдэнэбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид хоёр үхэр хөөсөн гэж муудалцсан. Би хашаан дээгүүр гарч үхэр хөөсөн байхаар нь би болиочээ гэж хэлсэн. Тэгээд над руу чулуу барьж босож ирээд далайсан. Миний нүүр рүү 2-3 удаа цохисон гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн 1 дүгээр фермийн 7-2 тоот хашааны гадаа 2022 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед А.Эрдэнэбилэгтэй “хашааны урд хэвтэж байсан үхэр хөөлөө” гэх шалтгаанаар маргалдан, түүний толгойн тус газар чулуугаар болон гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000301 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч А.Эрдэнэбилэгийн өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр сумын 2 дугаар баг 1-р фермийн 7-1 тоотод гэртээ байж байгаад гадаа гарч бие засаж байтал хашааны гадаа манай үхрийг хүн хөөгөөд байхаар нь хашаан дээрээ гэрэл тусгаад харсан чинь манай хөрш Далайбаяр манай үхрийг хашааныхаа урдаас хөөгөөд босгож байсан. Би “хөөе чи болиоч наад хэдэн үхрийг маань хоёр гурав хоног хөөлөө мал зүгээр хэвтүүлээч” гэсэн чинь над руу ирээд “чи юу гээд байгаа юм” гэж хэлээд газраас чулуу аваад далайсан би “чи юун сүртэй юм адилхан малтай юм байж үхрийн баасыг нь цэвэрлэхгүй орхичих би өөрөө цэвэрлээд авчихна” гэж хэлсэн чинь “чи муу ер нь юу гээд байгаа юм бэ гээд чулуугаа далайхаар нь” чи тэгвэл наад чулуугаа хаячих гэж хэлээд хашаа давж гараад хоорондоо зууралдсан. Далайбаяр намайг боож унагаад миний дээр гараад цохиод байсан.  Би чи болиоч хүн аллаа гэж хэлсэн чинь “тэгвэл чамайг ингээд гүйцээгээд өгье” гээд газраас чулуу аваад миний ар дагз хэсэгт хоёр удаа цохиод босоод яваад өгсөн.  Би гэртээ ороод эхнэрээ дуудаад эмнэлэг явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 8165 дугаартай “1. А.Эрдэнэбилэгийн биед хамар ясны хугарал, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зүүн нүдний алимын цус хуралт, нүүр, зүүн чих, чихний ард, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийнй 9-10 тал/,

Шүүгдэгч Н.Дын яллагдагчаар өгсөн “...Би тухайн шөнө найз Алтанхуягийн гэрт хоол хийж идэж байгаад шөнө гэртээ ирсэн чинь Эрдэнэбилэгийн үхэр нь манай гэрийн үүдэнд хэвтэж байхаар нь босгоод хөөсөн чинь Эрдэнэбилэг хашаан дээгүүрээ харайгаад гараад ирсэн. Би “чи наад үхрийнхээ баасыг авдаг бол би танай үхрийг юу гэж хөөж байдаг юм” гээд хэлсэн маргаан үүсээд Эрдэнэбилэг “чамайг ална пизда минь” гээд хашаан дээгүүр үсрээд гарч ирээд намайг заамдаад цохиод авсан. Би зөрүүлж цохиод харилцан зодолдсон. Эрдэнэбилэг намайг боогоод тавихгүй болохоор би газар тэмтрээд гарт таарсан зүйлээрээ толгой хэсэгт нь цохиод салсан. Эрдэнэбилэг босоод гэртээ ороод би гэртээ орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 тал/,

            Зөрчлийн талаарх бүртгэл /хх-ийн 24 тал/,

            Шүүгдэгч Н.Дын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 27 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Н.Д нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Эрдэнэбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Н.Д нь хувиараа мал аж ахуй эрхэлдэг, Төв аймаг, Батсүмбэр суманд ам бүл 7, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, одоо 40 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч Н.Д нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч А.Эрдэнэбилэг нь хохирлоо барагдуулж авах хүсэлтэй гэж мэдүүлсэн /хх-6 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт ирүүлсэн байх тул шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлнө гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн гэж үзлээ.

 

Эрүүгийн 2234000000301 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даас 1.201.970 төгрөгийг гаргуулж хохирогч А.Эрдэнэбилэгт олгож, хохирогч А.Эрдэнэбилэг нь эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Дрыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дрыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дрт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Др нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Н.Дрт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даас 1.201.970 төгрөгийг гаргуулж хохирогч А.Эрдэнэбилэгт олгож, хохирогч А.Эрдэнэбилэг нь эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дт  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Дт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН