Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/334

 

2022       10            07                                   2022/ШЦТ/334

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,      

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч С.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, С.О-д холбогдох эрүүгийн 2225003340319 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, С.О

Шүүгдэгч С.О нь согтуурсан үедээ, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 1б-5 тоотод Ч.С-гийн нүүр лүү цохих, өшиглөх зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч С.О“...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохиролд 300.000 төгрөг төлсөн.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Ч.С-гийн “...Одхүү намайг “өөрийнхөө ажиллаж байгаа барилгын компанид ажилд оруулаад өгөөч” гэж гуйж байсан болохоор тэр талаар ярих гэж 2022 оны 5 дугаар сарын 28-ны өглөө Одхүүгийн гэрт очсон. Одхүү “шартаж үхэх нь, чамд мөнгө байна уу” гэхээр нь өөрт байсан 2500 төгрөг, Одхүүд байсан 3500 төгрөгийг нийлүүлээд 0.33гр нэг шил архи авч уусан. Тэр хавийн зүс таньдаг ах нартай таараад Болорсүх ах бид хоёр 0.75гр архи аваад Одхүүгийн гэрт бид гурав архиа хуваагаад ууж байхад Одхүү над руу агсраад “чи муу пизда, надад хоол ч дөхүүлээд өгчихгүй” гэх зэргээр уурлаж, харааж байснаа миний нүүр лүү өшиглөсөн, хамраас цус гараад доошоо тонгойход толгой, нуруу руу цохиж нүдээд байсан, Болорсүх ах “наадахаа алаад өг” гээд байсан, ...С.Онадад 300.000 төгрөгийн хохирол төлсөн, ...нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

гэрч Г.Б-н “...Сайнбуян буюу Моогий бид хоёр өглөө тааралдаад айлд дөрвөн шил архи уучихаад гарч явсан чинь Моогий “Сайнбуянгийнд очих уу” гээд байхаар нь би дэлгүүрээс 0.75гр архи аваад Одхүүгийнд очсон. Бид гурав архиа задлаад 2-3 хундага уучихаад, би тасраад унтсан, сэрэхэд цагдаа дээр эрүүлжүүлэхэд байсан. Би яг юу болсон талаар санахгүй байна, Моогийг би зодоогүй, надад босох ч тэнхэл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

С.О-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сайнбуян гаднаас орж ирээд, бид нар архи уугаад сууж байтал Сайнбуян гэрийн хойморт сууж байгаад гэрт шүлсээ хаяад байхаар нь “чи айлын гэрт аятайхан бай п***да гээд алгадаж унагаагаад, нүүр лүү нь ганц удаа өшиглөсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36, 39 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Гэрэлмаагийн  2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 433 дугаартай; “...Ч.С-гийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд зөөлөн эдэд хоёр тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоодлоо. ...гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

иргэн Х.Хосбаганаас гаргасан “...2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр манай ах Сайнбуянг хоёр найз нь бүлэглэн зодож гэмтэл бэртэл учруулсан байна.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

С.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45, 46 дахь тал/,

С.О-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн;

шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 49-51, 52-54, 55-57 дахь тал/,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 20/423 дугаартай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, мөн С.О-с сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч С.О-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч С.О нь согтуурсан үедээ, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 1б-5 тоотод Ч.Сгийн нүүр лүү цохих, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Ч.С-гийн “...Одхүү над руу агсраад “чи муу пизда, надад хоол ч дөхүүлээд өгчихгүй” гэх зэргээр уурлаж, харааж байснаа миний нүүр лүү өшиглөсөн, хамраас цус гараад доошоо тонгойход толгой, нуруу руу цохиж нүдээд байсан.” гэх,

С.О-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...гэрт шүлсээ хаяад байхаар нь “чи айлын гэрт аятайхан бай п***да гээд алгадаж унагаагаад, нүүр лүү нь ганц удаа өшиглөсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Гэрэлмаагийн  2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 433 дугаартай дүгнэлт,

иргэн Х.Хосбаганаас гаргасан “...2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр манай ах Сайнбуянг хоёр найз нь бүлэглэн зодож гэмтэл бэртэл учруулсан байна.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч С.Огэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

шүүгдэгч С.Онь согтуурсан үедээ, Ч.Сгийн нүүр лүү цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч С.Одхүүгийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Иймд шүүх шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч С.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч С.Одхүүг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.Одхүүгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч С.Одхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” дүгнэлтийг гаргаж,

шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...хэлэх зүйлгүй.” гэсэн болно.

          Шүүх шүүгдэгч С.Одхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд;

          шүүгдэгч нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд таван удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч С.Одхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч С.Одхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна. 

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Ч.С-гийн “С.О надад 300.000 төгрөгийн хохирол төлсөн, ...нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,

         шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Одхүүд урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.   

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-г 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож,

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ