Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/323

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Хохирогч С.Одгэрэл /онлайн/,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ггт холбогдох эрүүгийн 2234001270130 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дампын оператор мэргэжилтэй, ам бүл 6, оршин суудаг,

Урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 10 сар хорих ялаар шийтгэгдэж тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаартай, Д.Гиг,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Баянголын эх” гэх газарт байрлах “Бүрдэл Майнинг” ХХК-ний байранд 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 цаг 10 минутын орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Одгэрэлтэй маргалдан, зодож түүний биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, баруун дууд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 2, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

   Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр Төв аймаг Заамар суманд ажил дээрээ С.Одгэрэлтэй сандал дээрээс болж маргалдаж түүний биед нь хохирол учруулсан нь үнэн зөв миний буруу гэв.

 

Хохирогч С.Одгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний нүүр рүү хоёр удаа, ар дагз руу хоёр удаа, шүд рүү мөн цохисон. Хоёр шүдээ янзлуулмаар байна. Шүдний эмнэлгээр явж судалж үзсэн. Би 5.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Д.Г нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Баянголын эх” гэх газарт байрлах “Бүрдэл Майнинг” ХХК-ний байранд 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 цаг 10 минутын орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас С.Одгэрэлтэй маргалдан, зодож түүний биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, баруун дууд 1 дүгээр шүдний булгаралт, баруун дээд 2, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234001270130 дугаартай хэрэгт авагдсан

 

            Хохирогч С.Одгэрэлийн өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Заамар сумын цагдаагийн хэлтэст өгсөн гэрчийн мэдүүлэг дээр болон үйл явдлыг тодорхой ярьсан. Надад өмнөх мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

            Хохирогч С.Одгэрэлийн гэрчээр өгсөн “...Би Төв аймгийн Заамар сумын Хайлаас 3 дугаар багийн нутаг “Баянголын эх” гэх газар ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-нд дампын оператор ажилтай ба 2022 оны 01 дүгээр  сарын 23-ны өглөө 07 цаг 10 минутын орчим өдрийн ээлжинд Дамп жолоодож ажлаа хийх гээд аюулгүй ажиллагааны зааварчилгаа чиглэлээ авах гээд ажилчдын хамт сургалтын танхимд ороод аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч эхлээгүй байж байхад миний зүүн гар талын зэрэгцээ сандал дээр 777-н оператор  Чинзориг гэж хүн надтай зэрэгцэж сууна гээд техникийнхээ суудлын бүрээсийг тавьчихаад гараад ирье суудал байлгаж байгаарай гээд захиад гарсан юм. Тэгсэн 1500-н Ганзориг гэж хүн гаднаас орж ирээд миний зүүн гар талд байсан  сандал дээр Чинзориг сууна гээд тавиад гарсан. Суудлын бүрээсийг нь аваад ширээн дээр тавиад сандал дээр суухаар нь би Ганзоригт хандан наад сандал дээр чинь хүн сууна сандал харж байгаарай гээд надад захиад явсан гэж хэлэхэд Ганзориг би сууж болохгүй юу гэхээр нь тэрүүгээр зөндөө сандал байна тийшээ очоод суучихаа гэж хэлсэн чинь намайг чи өөрөө очоод суухгүй юу гэхээр нь би юу гэж тийшээ очиж суухав гэж хэлсэн. Тэгээд Ганзориг бид хоёр зэрэгцээд сууж байтал Ганзориг гэнэт миний шүд, ам хэсэг рүү зүүн гараараа хоёр удаа цохиод, тонгойход толгойн ар дагз руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний хажууд сууж байсан хүмүүс Ганзоригийг болиулсан.  Тэгээд би халаасанд байсан 00-н цаасаар цусаа тогтоогоод нариатандаа сууж дуусаад дадлагажуулагч Нямхишиг гэх хүнд очоод үйл явдлыг хэлэхэд Нямхишиг нь эмнэлэгт үзүүл гэж хэлээд намайг дагуулаад эмнэлэг яваад орсон. Эмчид үзүүлэхэд наадах чинь цус нь тогтсон байна. Миний талаас бол авах өөр арга хэмжээ байхгүй гэж хэлэхээр нь эмнэлгээс гараад Дотоод хяналт хариуцсан ажилтанд очоод болсон явдлаа яриад тайлбар бичиж бөгөөд би цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлмээр байна гэж хэлэхэд та 102 дугаарт холбогдож гомдлоо гарга гэж хэлэхээр нь би 102 дугаарт залгаж Заамар сум дахь цагдаагийн хэлтсийн дугаарыг аваад холбогдоод ирж гомдлоо бичгээр гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

            Гэрч Б.Эрдэнэхүүгийн өгөн:...нэг харсан чинь Ганзориг ах Одгэрэл ахын толгойг сандал дээр нь тонгойлгоод дарсан байхаар нь тэр өрөөнд сууж байсан хүмүүс босч ирээд тэр хоёрыг салгаад дунд нь суутал Одгэрэл босоод Ганзориг дайраад хоёр удаа зангах шиг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

            Гэрч Х.Бямбасүрэнгийн өгсөн:...Одгэрэл зүүн гараа Ганзоригийн нүүр рүү зангах шиг болоод баруун хацар руу нь цохиод Ганзориг буцаагаад гарыг нь бариад заамдаад сандал дээр нь толгойг нь дараад барьцалдаад авахаар нь би 5, 6 алхамын зайтай байснаасаа босч очоод салгаад дунд нь суутал Одгэрэл босоод Ганзориг руу дайраад хоёр удаа зангах шиг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Гэрч С.Баянхааны өгсөн:...Одгэрэл, Ганзориг нар гэнэт хэрэлдээд, дуу нь чангараад, нэг харсан хоорондоо барьцалдаад хүмүүс салгаж байсан. Тэгтэл байшин дотор Одгэрэл шүд унасан гээд яриад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,  

            Шүүгдэгч Д.Гийн сэжигтнээр өгсөн “...Тухайн өдөр 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өдрийн ээлжинд гарах байсан учир өглөө 07 цагт наряд авах гээд байранд ороход сандал байхгүй байхаар нь тойруулаад хартал Одгэрэлийн зүүн хажууд суудлын бүрээс тавьсан сандал байхаар нь суудлын бүрээсийг нь хажуу талын ширээн дээр нь авч тавиад суутал Одгэрэл наад дээр чинь суулгахгүй, босооч пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би тоглож байгаа юм байна гэж бодоод энэ дээр суухад яадаг юм гэтэл Одгэрэл жинхэнээсээ уурлаад “бос гэж байна пизда минь гэж” хэлэхээр нь би чихэн дээр нь яагаад пизда гээд байгаа юм бэ гэтэл Одгэрэл чамайг пизда гэхэд яадаг юм, тэр сандал дээр суухгүй юу гээд хойно байдаг сандал заахаар нь чи өөрөө очиж суухгүй юу гээд сандал дээрээ сууж байхад Одгэрэл зүүн гараараа ар талаар миний баруун нүд рүү нулимс гартал цохиод дахин цохих гээд байхаар нь би зүүн мөр рүү нь цохиод эргэхээр нь дээрээс нь тэврээд дарсан тэгтэл Бямбасүрэн араас ирээд салгаад дунд суусан. Тэгэхэд хүртэл босож ирээд өшиглөөд цохих гээд орилоод байхаар нь би хүмүүс намайг холд, холд гээд би босоод өөр газар суусан... Би Одгэрэлийг ерөөсөө цохиогүй бөгөөд ямар шалтгааны улмаас шүд нь унасан талаар мэдэхгүй байна. Намайг цохичихоод дахин цохих гэхээр нь би мөр рүү нь түлхээд эргээд харахаар нь араас нь тэврээд сандал дээр дарсан. Одгэрэл өөр хүнтэй маргалдаагүй...гэх  мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний 2257 дугаартай “1.С.Одгэрэлийн биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, баруун дээд 1-р шүдний булгаралт, баруун дээд 2, зүүн дээд 1-р шүдний сурал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувийн тогтонги алдагдуулна.”  гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,

            Шинжээч М.Аригуунтөгсийн өгсөн “...Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Ямар хиймэл шүд гэдгээс хамаарч буйланд өөр өөр шинж тэмдэг үүснэ. Үзлэг хийх үед баруун дээд 1-р шүд үгүй, буйл хонхор хэсэг улайсан тухайн хэсэг буюу дээд уруулд гэмтэлтэй байсан нь дээрх гэмтлүүдийн шинж гэдгийг илтгэж байна...Дээд уруулын баруун хэсэгт дотод салстад 1х0.2 см цайвар цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон язарсан шарх 0.5х0.4 см хөх ягаан өнгийн цус хуралт нь баруун дээд 1-р шүд үгүй, буйл хонхор улайсан гэмтэлтэй харалдаа байх ба уг гэмтэл нь хүн цохиход үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.Г нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Одгэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 800 нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Д.Г нь дампын оператор, Хөвсгөл аймаг, Мөрөн суманд ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, одоо 44 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч С.Одгэрэл нь гомдолтой гэж мэдүүлсэн /хх-10-11 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт хэрэгт ирүүлээгүй байна.  

 

Эрүүгийн 2234001270130 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

хохирогч С.Одгэрэл нь эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Гигийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гигийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гигийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Гиг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Д.Гигт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.Одгэрэл нь эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Гт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН