Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/342

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

Шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Базархул овогт Ч Хт холбогдох эрүүгийн ____ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт ,______ оршин суух хаягтай, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, ______ овогт Ч Х, /РД:_______/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Х нь 2022 оны 03 дугаар сарын 7-ны өдөр 19 цагийн үед Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Уушгийн өвөр” гэх газарт оршин суух иргэн Д.Мийн гэрт Л.Б нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа, түүний гэрээс 90 амперийн аккумлятор, малын саравчнаас мал услах онгоц, савар зэрэг эд зүйлсийг мөн иргэн Л.Бийн биеэс 110.000 төгрөгийг тус тус нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 406.600 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

   Шүүгдэгч Ч.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Л.Бтэй хамт Д.Мийнд очиж нэг шил архи уусан. Согтуудаа малын онгоц, үхрийн баасны савар, аккумлятор авч явсан” гэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Ч.Х нь 2022 оны 03 дугаар сарын 7-ны өдөр 19 цагийн үед Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Уушгийн өвөр” гэх газарт оршин суух иргэн Д.Мийн гэрт Л.Б нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа, түүний гэрээс 90 амперийн аккумлятор, малын саравчнаас мал услах онгоц, савар зэрэг эд зүйлсийг мөн иргэн Л.Бийн биеэс 110.000 төгрөгийг тус тус нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 406.600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн ______ дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Д.Мийн өгсөн “...Манайх Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн төвөөс урд зүгт “Уушиг хайрханы” өвөрт хот руу явдаг төв замын хойд талд уулын энгэрт өвөлждөг. 2022 оны 03 дугаар сарын 7-ны өдөр хөдөө гэртээ байж байтал 12 цагийн үед манайд хамаатангийн дүү Б, Хавай гэдэг залуу хамт ирцгээсэн. Тэр хоёр 1 шил 0.5 литрийн “Хараа” архи гаргаж өгөхөөр нь гурвуулаа хувааж уугаад дууссан. Дахин нөгөө хоёр сумын төв яваад 2 шил 0.5 литрийн “Хараа” архи авчираад гурвуулаа хувааж уугаад тэгээд бид гурав хоол хийж идчихээд, би нилээн согтсон байсан, шөнө 22 цагийн орчимд сэрсэн чинь манай төрсөн ах Батбаяр гэрт байсан аккумлятор алга болчихсон байна шдээ гэж байсан. Өглөө нь босоод харсан чинь хар өнгийн бичиггүй 90 ампертай аккумлятор гэрт байсан алга болчихсон, өглөө Б босч ирээд миний түрийвчинд байсан 110.000 төгрөг алга болчихжээ гэсэн. Тэгээд ах үхрийн баас арилгах гээд гарсан чинь баас авдаг савар алга, тракторын том дугуйгаар хийсэн малын хужир тавьж өгдөг онгоц алга болчихсон байсан. Мөрийг нь харсан малын саравчны хажууд байсан онгоцыг машинаар чирээд манайхаас урагш 300 м орчим газар аваачаад жалганд оруулж байгаад ачсан машины мөр байсан. Батбаяр ахаас асуусан чинь манай гадаа өдөр Чука ирээд аккумляторыг гэрт оруулж өгөөд явсан. Өөр хүн ирээгүй гэж байсан. Тэгэхээр нь Б бид хоёр Хавайгийн гэрт нь очоод Хавайтай уулзаад аккумлятор алга болчихсон байна.  Б миний мөнгө алга болчихож гэсэн  чинь “Хавай” аккумляторыг чинь цэнхэр портертой ах авсан гэсэн. Тэгсэн чинь Хавайгийн эхнэр уурлаад казакаар хашгичаад уурлаад, Хавай дуугарахгүй байхаар нь буцаж ирээд Чука ахаас асуусан чинь танай гэрт чинь оруулаад нарны цэнэглэгчээс чинь холбож уячихаад явсан, чамайг дуудахад чинь чи сэрэхгүй тасарчихсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

Хохирогч Л.Бийн өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 7-ны өдөр 11 цагийн сумын төв орж ирээд Хавай гэдэг залуу ирээд  машины түлш дуусчихлаа клонк ороод өгөөч гэхээр нь машин дээр түлш өгөөд явах гэсэн чинь Хавай чи хаа хүрэх гэж байгаан ганц шил архи авч өгөх үү гэсэн би Уушгийн өвөрт байдаг  Батбаяр ахынх руу явж байна гэсэн чинь чи тэгвэл явж бай, араас чинь би 1 шил архи аваад очъе гээд үлдсэн. Тэгээд ахын гадаа очтол араас Хавай машинтайгаа давхиад ирсэн. Тэгээд ахынд ороод М бид гурав 1 шил 0.5 литриййн архи хувааж уучихаад, дахин Хавай бид хоёр сумын төв рүү давхиад “Органик” дэлгүүрийн үүдэн дээр би түрийвчээ гаргаж ирээд Хавайд 30.000 төгрөг өгч оруулаад хоёр шил архи “Хараа” архи 1 хайрцаг тамхи авхуулаад буцаад Батбаярын ахынд очоод М бид гурав архи хувааж ууцгаасан. Тэгээд М согтоод унтаад өгсөн. Тэгэхээр нь Хавай бид хоёр гараад тэдний байшингийн үүдний довжоон дээр сууж байхад Чука ах ирээд хар өнгийн аккумлятор өргөөд тэдний гэр рүү орж байсан. Тэгээд удалгүй яваад өгсөн. Тэгэхэд Батбаяр ах  намайг хонь руугаа явлаа миний дүү орж унтаарай гэж байсан. Тэгэхээр нь ороод унтсан. Өглөө нь би сэрээд түрийвчээ үзсэн чинь миний түрийвчинд 110.000 төгрөг алга болчихсон байсан. Тэгтэл Батбаяр ах гэрт байсан аккумлятор алга болчихсон байна шдээ гэж байсан. Батбаяр ах үхрийн баас арилгах гээд гарсан чинь баас авдаг савар алга болчихжээ гэхээр нь М бид хоёр Хавайгийн гэрт нь очоод Хавайтай уулзаад аккумлятор алга болчихсон байна гэсэн чинь юу ч дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би миний мөнгө алга болчихож гэсэн чинь эхнэр нь хаалгаа онгойлгочихоод казакаар хараагаад хашгичаад байсан. Хавай аккумляторын чинь цэнхэр портертой ах авсан гэсэн Хавай надад чиний дугаар надад байгаа ярья гээд гэр рүүгээ орсон. Бид хоёр буцаад Батбаяр ахынд ирсэн чинь тракторын том дугуйгаар хийсэн малын хужир тавьж өгдөг онгоц алга болчихсон байна. Мөрийг нь харсан малын саравчны хажууд байсан онгоцыг машинаар чирээд манайхаас урагш 300 метр орчим газар аваачаад жалганд оруулж байгаад ачсан машины мөр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,

Шүүгдэгч Ч.Хийн гэрчээр өгсөн “... Би Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр  багт мал маллаж амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 7-ны өглөө 13 цаг  өнгөрч байхад хүүхдүүдээ сумын төвд сургуулийн дотуур байранд хүргэж өгөх ажилтай төв орж ирээд сумын төвд  Гарам-Очирын гадаа ирээд машины түлш дуусаад асахгүй болохоор нь урагшаа алхаад “Төрийн банк”-ны урд явж байтал сумын төвөөс хойш 6  дугаар бригад гэх газар байдаг цэнхэр портертой зүс таньдаг Б гэдэг ахтай таараад түлшинд явад өгөөч гээд гуйгаад Мянд эгч рүү яриад 140.000 төгрөг өөрийн данс руу хийлгэж аваад клонк дээр очоод 5 литр түлш аваад машин дээрээ очиж буусан Бийг хаашаа явах нуу гэсэн чинь Уушгийн цаана манай найзынх байгаа тэднийх рүү явлаа гэхээр нь би араас чинь ганц шил юм аваад очъе гээд түлшээ хийгээд машинаа асаагаад араас нь яваад очсон  -тэр айлд ороод Б, тэр айлын хүн гээд 47,48 орчим насны нэг эрэгтэй хүн байсан. Тэгээд би авчирсан 0.5 литрийн “Хараа” архиа гаргаж гурвуулаа хувааж уусан. Тэгээд бууз жигнэж идээд тэгсэн чинь Б дахин архинд яваад ирье гээд бид хоёр Бийн машинтай сумын төв ороод “Органик” дэлгүүрийн үүдэнд ирээд Б  машин дотор байхдаа өврөөсөө 40.000 төгрөг өгөхөөр нь би дэлгүүр рүү ороод 2 шил 0.5 литрийн “Хараа” архи, тамхи, ундаа авсан тэндээс шууд буцаад нөгөө Уушгинй өврийн архи уусан айлд ирээд 2 шил архиа 3-лаа хувааж уусан, би архи ууж байхдаа тэр айлын залууд хуц, ухна хужирлах онгоц хэрэгтэй байна гэсэн чинь явахдаа аваад явахгүй юу гэсэн бид гурвыг гэрт архи ууж байхад Чука ах хар өнгийн 90 ампертай аккумлятор авч орж ирээд үүдний амбаарт тавьсан, жаал сууж байгаад Чука ах яваад өгсөн. Тэдний хонинд явсан ах ирээд цай уучихаад мал руугаа яваад өгсөн. Бид гурав нилээн согтоцгоосон. Тэгээд би 17 цагийн орчим өөрийн цагаан өнгийн “портер” маркийн  машинаа асаах гэсэн чинь асахгүй болохоор нь үүдний амбаарт байсан, Чука ахын авчирсан аккумляторыг аваачаад машиндаа тавьж асаачихаад ачаан дээрээ тавиад малын саравчны хажууд байсан том 150 маркийн тракторын дугуй задалж хийсэн онгоцыг машины ачаан дээр байсан улаан өнгийн уяагаар оосорлоод доошоогоо төв зам руу дөхүүлж жалганы хонхорт оруулаад машинаа уруудуулж тавьж байгаад ачсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-42 тал/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 тал/,

Зөрчлийн талаарх бүртгэл /хх-ийн 44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ч.Х нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М, Л.Б нарт 406.600 төгрөгийн хохирол учруулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ч.Х нь хувиараа мал аж ахуй эрхэлдэг, Төв аймаг, Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр багт ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43 тал/, одоо 46 настай  баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч Ч.Х нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

   Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мид 296.600 төгрөгийн, хохирогч Л.Бт 110.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Ч.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн ____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хээс 296.600 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Мид, 110.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Бт тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч __ овогт Ч Хийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ___ овогт Ч Хийг 240/хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ______ овогт Ч Хэд шүүхээс оногдуулсан 240/хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ______ овогт Ч Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хээс 296.600 төгрөгийг гаргуулан _____________ оршин суух хохирогч Д.Мид, 110.000 төгрөгийг гаргуулан Төв аймаг, Угтаалцайдам сум, Асгат 2 дугаар багт оршин суух хохирогч Л.Б нарт тус тус олгосугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Хт  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Хт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН