| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/00318/И |
| Дугаар | 183/ШШ2018/01263 |
| Огноо | 2018-05-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2018/01263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иеншебу овогтой, Ц.Б нэхэмжлэлтэй,
/Төв аймаг, Зуунмод сум, Нефтийн задгайн 1 дүгээр байр, 2 тоотод оршин суух, /
Хариуцагч: Ямбийхан овогтой, П.Э холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 10 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, /
Гэм хорын хохиролд 1.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, иргэдийн төлөөлөгч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Э нь Хово макийн автомашиныг жолоодож яваад 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Зүүндэлгэр 4 дүгээр багийн урд зам дээр миний 3 тооны адууг дайрсан. Ингээд 6.230.000 төгрөгийн хохирол тогтоогдож, “Номин даатгал” ХХК-иас 4.130.000 төгрөг гаргаж өгсөн. 2017 оны 8 дугаар сард П.Э 300.000 төгрөг өгсөн. Харин үлдэгдэл 1.800.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сард өгнө гэсэн боловч одоо болтол өгөхгүй, утсаа авахгүй байна. Иймд хариуцагч П.Эаас үлдэгдэл 1.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, унагатай гүүний үнэ 1.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Эы шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зах зээлийн өнөөгийн ханшаар унагатай гүү нь 600.000-800.000 төгрөгийн ханштай байдаг боловч Ц.Б нь өөрийн танил талаа ашиглан унагатай гүүгээ 1.950.000 төгрөг буюу маш өндөр ханшаар үнэ тогтоолгосон байсан. Харин зах зээлийн ханшаар 500.000 төгрөгийг төлөх боломжтой байна гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь “...Номин даатгал компаниас Хонгор зүсмийн 10 настай /хурдан/ морь, хүрэн зүсмийн 10 настай гүү, зээрд зүсмийн унагыг нийт 6.230.000 төгрөгөөр үнэлснээс Номин даатгал компаниас 4.130.000 төгрөгийг, П.Э 300.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан “...хүрэн зүсмийн 10 настай гүү, зээрд зүсмийн унаганы үнэ 1.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэснийг хариуцагч П.Э “...унагатай гүүг маш өндөр ханшаар тогтоолгосон байсан, харин зах зээлийн ханшаар 500.000 төгрөгийг төлөх боломжтой” гэж хариу тайлбар гаргажээ.
П.Э нь өөрийн эзэмшлийн Хово маркийн 55-34 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “...тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй сонгож явна”, 9.2-т “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг асаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутаг, Зүүндэлгэрийн урд асфалтан хүчилттай зам дээр Ц.Бын өмчлөлийн 3 адууг мөргөж, хохирол учруулсан болох нь Төв аймгийн Прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 920 дугаар Прокурорын тогтоол, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг баримтаар тогтоогджээ.
Нэхэмжлэлд дурдсанаар “Номин даатгал” ХХК-ийн “...3 тооны адууны үнэлгээг тогтоосон баримт” хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн “...Ц.Бод учирсан хохирол болох хүрэн зүсмийн 10 настай гүү, зээрд зүсмийн унаганы үнийг хариуцагч П.Э төлөөгүй” талаар зохигчид маргаагүй тул “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 32/03 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...хүрэн зүсмийн 10 настай гүү, зээрд зүсмийн унаганы зах зээлийн бодит үнэлгээ 800.000 төгрөг” гэснийг үндэслэн хариуцагч П.Эаас 800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бод олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцэж байна.
Дээр дурдсан үндэслэлээр Ц.Бын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд “хүрэн зүсмийн 10 настай гүү, зээрд зүсмийн унаганы үнэ 800.000 төгрөг”-ийг хариуцагч П.Эаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Бод олгож, нэхэмлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч П.Эаас гэм хорын хохиролд 800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бод олгож, нэхэмлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Боос улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 43.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 23.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД
ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ
Д.ЭНХЦЭЦЭГ