Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 151

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Д.Чинзориг

улсын яллагч П.Нямцэцэг

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Тунгалаг /№ 0-075/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Юншибүү овгийн Балжиннямын Гандоржид холбогдох 201625030667 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг гэх, Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо Усан сангийн 2 дугаар гудамж 33 тоотод оршин суудаг, эрхэлсэн ажилгүй, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Юншибүү овгийн Балжиннямын Гандорж /РД- ЧЛ82080717/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Б.Гандорж нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан сангийн 2 дугаар гудамжны 33 тоотод оршин суух Т.Пүрэвбаатарын монгол гэрийн цоожийг эвдэн орж 40 инчийн TCL маркийн зурагт, хөөргийг хулгайлан 530.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарт хотхоны зүүн талын автомашины зогсоол дээр байсан Б.Золбаярын эзэмшлийн 14-89 УНТ улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашины 2 ширхэг толийг хулгайлан 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гандорж мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-25х/

 

            Хохирогч Т.Пүрэвбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан сан 2-33 тоотод байрлах гэрээсээ гараад ажил дээрээ оччихоод 20 цагийн үед гэртээ ирэхэд манай монгол гэрийн хаалганы цоож газар уначихсан хаалга онгорхой хажууд нь бахь байсан. Хаалгаа нээж ороход гэрийн зүүн хойд хэсэгт байрлах шаргал өнгийн тавиур дээр байсан TCL маркийн хар өнгийн гадаргуутай 40 инчийн телевизор, гэрийн баруун хойд талын шаргал өнгийн авдар дээр ил байсан хар бараан өнгийн хөөрөг зэрэг эд зүйл алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай эхнэр Сэлэнгзогийк хамаатны Гандорж авсан байх гэж сэжиглэж байсан. Миний энэ амьдарч байгаа хашаа Гандоржийн эгчийнр нь эзэмшлийн хашаа юмаа. Гандорж нь манай амьдарч байгаа хаяган дээр бүртгэлтэй ч эндээ амьдардаггүй гадуур тэнэмэл байдлаар амьдардаг. Хэрэг гарснаас хойш 10 хоногийн дараа Гандорж нь манай хашаанд байрлах байшиндаа ирэхээр нь цагдаагийн байгууллагад хандан саатуулсан. Тухайн үед Гандорж манай зурагтыг хулгайлснаа хүлээн зөвшөөрч Гандагийн хойд автобусны буудлын хойд талын Сэнгэ наран хүнсний дэлгүүрт явуулын хүнд 60.000 төгрөгөөр зарсан, хөөргийг Уртцагаанд хүнд 10.000 төгрөгөөр зарсан гэдгээ хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/

 

Гэрч Э.Сэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 08 цагийн үед нөхрийн хамт ажилдаа яваад орой ажлаа тараад харих гэж байхад манай нөхөр Пүрэвбаатар над руу залгаад гэрийн хаалга цоож эвдэлж телевизор алдагдсан байна би цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд хүлээж байна гэхээр нь гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэлсэн байдалтай гэрийн зүүн хойд хэсэгт байрлах шар өнгийн тавиур дээр байсан TCL маркийн 40 инчийн телевизор алдагдсан байсан. Тэр үед манай хашаанд байдаг Гандорж авсан байж магадгүй талаар цагдаа нарт хэлж байсан. Тэгээд 10-д хоногийн дараа Гандоржийг гэртээ ирэхэд нь цагдаагийн байгууллагад саатуулсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 30х/

Эд зүйл үнэлэх эрх бүхий байгууллагаас 40 инчийн TCL маркийн зурагтыг 480.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 19/, хар өнгийн, жижиг гарын чулуун хөөрөг 50.000 төгрөгөөр үнэлсзн үнэлгээ /хавтаст хэргийн 114/, Т.Приус-20 маркийн автомашины 2 ширхэг толийг нийт 300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 71х/,

 

Хохирогч Э.Золбаярын мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 05 сарын 26-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 14 хороо Нарт хотхоны гадна өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 14-89 УНТ улсын дугаартай машинаа байрлуулаад ажлаа хийж байгаад 19 цагийн орчим барилгын дээд давхар луу гартал манай нэг ажилтан Золбаяр ахаа таны машины толийг нэг хүн хугалаад аваад явчихлаа гэхээр нь хартал Цагаан хуаран хотхоны араар ертөнцийн зүгээр баруун тийшээ гүйж байсан. Араас нь манай нэг ажилтан гүйж байхаар нь машинаа асаагаад араас нь очиход манай ажилтан бариад авсан. Тэгээд би хулгай хийгээгүй гээд толь өгөхгүй байсан. Гүйж байхдаа гудамжинд байсан контейнжрын доогуур хаячихсан гээд өөрөө авч өгсөн. 30 орчим насны согтуу залуу байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 73х/

 

Яллагдагч Б.Гандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 03 сарын 15-ны өдөр гадуур архи ууж явж байгаад орой 19 цагийн үед өөрийн хамаатан Пүрэвбаатарын гэр болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан сан 2-33 тоотод очсон. Тэр үед Пүрэвбаатарын гэрт хүн байхгүй байхаар нь хаалганы цоожийг нь эвдэж ороод гэрийн хоймор хэсэгт байрлах жижиг ширээн дээр байсан хар өнгийн гадаргуутай TCL маркийн 40 инчийн телевизорыг авч гараад Гандангийн хойд талд байрлах Сэнгэ наран хүнсний дэлгүүр лүү орж явуулын хүнд 60.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи авч уусан. 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарт хотхоны гадна байсан саарал өнгийн Т.Приус-20 маркийн автомашины 2 толийг хулгайлаад цаашаа явж байхад жолооч нь намайг барьж цагдаад өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44х/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19, 71х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Гандорж нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан сангийн 2 дугаар гудамжны 33 тоотод оршин суух Т.Пүрэвбаатарын монгол гэрийн цоожийг эвдэн орж 40 инчийн TCL маркийн зурагт, хөөргийг хулгайлан 530.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарт хотхоны зүүн талын автомашины зогсоол дээр байсан Б.Золбаярын эзэмшлийн 14-89 УНТ улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашины 2 ширхэг толийг хулгайлан 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 43-44х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Пүрэвбаатар /хх-ийн 28-29х/, Э.Золбаяр /хх-ийн 73х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Э.Сэлэнгийн /хх-ийн 30х/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19, 71х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Гандоржийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Б.Гандорж нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлан авч нийт 830.000 төгрөгийн хохирол учруулсан гэдэгтээ маргахгүй байх ба энэ нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Т.Пүрэвбаатар, Э.Золбаяр нарт шүүгдэгч нь учруулсан хохиролоо төлж барагдуулаагүй байх тул Б.Гандоржоос 530.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Пүрэвбаатарт, 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Золбаяр нарт тус тус олгуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Б.Гандоржид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан мөн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул шүүхээс түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297  298, 299, 300 дугаар зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Юншибүү овгийн Балжиннямын Гандоржийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гандоржид эд хөрөнгө хураахгүйгээр, 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Гандоржийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж баривчлах ялыг эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Гандоржийн цагдан хоригдсон нийт 135 /нэг зуун гучин тав/ хоногийг биечлэн эдлэх баривчлах ялын хугацаанд нь оруулж тооцож, түүнийг ял эдэлсэнд тооцож нэн даруй суллаж, Б.Гандоржид оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цоож, бахийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гандоржоос нийт 830.000 /найман зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Пүрэвбаатар /РД:УБ82102814/т 530.000 /таван зуун гучин мянга/ төгрөг, хохирогч Э.Золбаяр /РД:ЖЯ89052574/-т 300.000 /гурван зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Гандоржид урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ