Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0406

 

 

 

 

“А ш ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Нэхэмжлэлийн шаардлага: “А ш  ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0ХХХХ тоот тусгай зөвшөөрлийн 2024 оны хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 401 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0216/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А ш ” ХХК нь “ашигт малтмалын хайгуулын XV-0ХХХХ тоот тусгай зөвшөөрлийн 2024 оны хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 401 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А ш ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “А ш ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0ХХХХ дугаар тусгай зөвшөөрлийн 2024 оны хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн аваагүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын XV-0ХХХХ дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. … Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Үзүүр нэртэй 840,83 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-0ХХХХ дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр “Талын эрэлчин групп” ХХК-д олгож, мөн даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр “А ш ” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна. “А ш ” ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын ХВ- 0ХХХХ дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болох байсан.

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдпийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдпийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардпын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг. Гэтэл “А ш ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-0ХХХХ дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг нэг сарын өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө ирүүлэх үүргээ биелүүлж ажиллаагүй байх тул Ашигг малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгож бүртгэсэн байна.

3.3. ... “А ш ” ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах өргөдлөө гаргах ёстой байсан бөгөөд төрийн захиргааны байгууллагад хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй харин хуулийн хугацаа өнгөрсний дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А01/24 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл сунгалт хийлгүүлэх тухай /1 хуудас бүхий/ албан бичиг ирүүлснийг судалж үзээд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10/205 дугаартай албан бичгээр “хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” тухай хариуг хүргүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч компани нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Голомт банкаар дамжуулан 1.000.000 үйлчилгээний хөлс хэмээн тушаасан ба дээр дурдсанчлан хуулийн хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө төлөөгүй хуулийн хугацаа өнгөрсний дараа төлсөн болох нь нотлогдож байтал анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь өргөдөл түүнд хавсаргаж өгөх ёстой баримт бичгүүдийг нэхэмжлэгч компани хуулийн хугацаанд бүрдүүлж өгөөгүй болох нь дээрх нөхцөл байдлаас харагддаг.

3.4. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Учир нь шүүх хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл бүрд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулсаны үндсэн дээр маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1-22.1.4-т заасан баримт бичгийг огт бүрдүүлээгүй, төрийн захиргааны байгуулалагад дээрх баримтуудыг хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй болохыг хариуцагчийн зүгээс тайлбарласаар байтал анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, тухайн хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

3.5. Төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын хайгуулын ХВ-0ХХХХ дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгохдоо хуулиар тусгай эрх эдэлж, үүрэг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг, тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг сарын өмнө гаргаж байхыг мэдэгддэг. Мөн “А ш ” ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Ашигг малтмалын тухай хуульд заасан бүхий л үүргийг нь залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нотолгоо гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг … Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан асуудлаар гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй баримтаар тогтоогдоогүй бөгөөд хуулийн дагуу гаргасан өргөдлийг Төрийн захиргааны байгууллага шийдвэрлээгүй орхигдуулсан үйл баримт байхгүй … Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд ашигт малтмалын айгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан. Анхан шатны шүүх энэ зүйлд заасан баримт бичгүүдийг нэхэмжлэгч компани бүрэн гүйцэд бүрдүүлсэн эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 401 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            2.1. Анх Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших, Үзүүр нэртэй 840,83 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-0ХХХХ дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр “Талын эрэлчин групп” ХХК-д олгож, мөн даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр “А ш ” ХХК-д бүхэлд нь шилжүүлжээ.

            2.2. Нэхэмжлэгч “А ш ” ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болохоор байх ба хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтуудыг хавсарган ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтийг  шийдвэрлээгүй байна.

            2.3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч “А ш ” ХХК нь өөрийн эзэмших ХҮ-0ХХХХ дугаартай тусгай  зөвшөөрлийг хүчинтэй байх хугацааны дотор буюу 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүсэлтээ өгөхөд материал дутуу гэдэг үндэслэлээр хүсэлтийг аваагүй, улмаар нэхэмжлэгчээс холбогдох баримтуудаа бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хоёрдох удаагаа 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргахад хүсэлтийг шийдвэрлээгүй нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгож бүртгэснээр маргаан үүссэн байна.

            2.4. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө хүчин төгөлдөр хугацааны дотор буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин уг тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ гаргасан байхад түүний өргөдлийг нэн даруй шийдвэрлээгүй атлаа, нэхэмжлэгчийн эзэмших хүчин төгөлдөр хугацааны дуусгавар болсны дараа хариуг өгч байгаа нь нэг талаасаа төрийн байгууллагын өргөдөл гомдолд хариу өгөх хугацааны дотор байгаа гэж харагдавч, нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан шуурхай, байх тусгай зарчим, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж” гэнэ гэж, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасанд нийцээгүй, ийм боломжийг хэрэглээгүй хууль бус татгалзал гэж үзэж байна. Нэхэмжлэгч “А ш ” ХХК тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааны дотор багтаан тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах хүсэлтээ илэрхийлсэн нь уг зөвшөөрлийн хугацааг сунгах үндсэн нөхцөл гэж шүүх үзсэн бөгөөд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг хуульд заасан 1 сарын өмнө гаргаагүй нь тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс, түүний даргад ийм эрхийг хуулиар олгоогүй, зөвшөөрөөгүй байх тул “А ш ” ХХК-ийн эзэмших ашигт малтмалын хайгуулын XV-0ХХХХ дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд нийцээгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмаар сунгуулах, өргөдлөө шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            2.5. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авсанаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-т “Тусгай  зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж тус тус заажээ.

            2.6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хуульд заасан нөхцөл шаардлагыг хагасан эсэх талаар холбогдох баримтын хамт гаргах үүрэгтэй боловч ийнхүү гаргаагүй нь хүсэлтийг шийдвэрлэхгүй байх эрхийг захиргааны байгууллга, албан тушаалтанд олгоогүй. Харин хүсэлтийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхийг хянаж, хангаагүй бол сунгахаас татгалзах эрхийг олгожээ.

            2.7. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд сунгуулах хүсэлт гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй этгээдийн эрх бөгөөд хариуцагчийн хувьд сунгуулах хүсэлтийг хүлээн авч, хуулийн нөхцөл, шаардлагад нийцсэн эсэхийг хянаад хугацаа сунгах, эсхүл хугацаа сунгахаас татгалзах шийдвэр гаргахыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4 дэх хэсэгт тодорхой заасан байх ба төрийн байгууллагаас шууд хүсэлтийг буцаах эрх хэмжээ олгогдоогүй гэж үзнэ.

            2.8.  Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 401 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ