Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 112/ШШ2021/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* сумын ******* бүлгийн дарга Т.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, анхдугаар хуралдааныг даргалагч Д.Тд холбогдох ******* сумын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон санал хураалтыг хүчингүйд тооцуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж дахин санал хураалт явуулахыг даалгах, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Д.А, хариуцагч Д.Т, гуравдагч этгээд Ж.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* сумын ******* бүлгийн дарга Т.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* сумын төвд хуралдсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол ардын намын 10 суудал, Ардчилсан намын 11 суудал авсан анхдугаар хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад 2 намын бүлгээс нэг нэг хүн нэр дэвшсэн ба санал хураах үйл ажиллагаа нь хуралдааны дэг, холбогдох хууль тогтоомжид заасан 2 хүн нэр дэвшсэн тохиолдолд нууц санал хураана гэсэн заалт, хууль дээдлэх зарчмыг зөрчин Ардчилсан намын төлөөлөгч нар саналаа ил харуулан хийж хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11.4 дүгээр заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд ******* сумын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон санал хураалтыг хүчингүйд тооцуулж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхдугаар хуралдааны дэгийг сумын иргэдийн Хурлын төлөөлөгчид өөрсдөө хурлын даргыг сонгохоос өмнө 02 дугаар тогтоолоор хэлэлцэн баталсан. Тус дэгийн 7 дугаар зүйлийн 12-т санал хураалт дуусмагц илээр саналын хайрцгийг нээж саналыг тоолон санал хураалтын дүнг тооллогын комиссын тогтоолыг хуралдаан даргалагчид өргөн мэдүүлнэ гэж заасан. Гэтэл үүнийг зөрчиж Ардчилсан намын бүлэг санал хураах үйл явц эхлэхээс өмнө завсарлага авсан. Завсарлага авч орж ирэхдээ бүлгийн 11 гишүүнээ бүгд саналаа ил харуулж хий. Тэгж байж саналаа хэнд өгч байгааг чинь мэднэ гэдэг зорилгоор санал өгүүлсэн. Ил харуулж хийх асуудлыг бид бүхэн мэднэ. Бүхээг болон нууцлалын хайрцаг хийсэн. Хуралдаан тухайн үед даргалж байсан хүний үг болон бусад байдал тэмдэглэлд тодорхой байгаа. Эсхүл баг багаар хийж байж баримтжуулна гэсэн шаардлагыг бүлгийн гишүүдэд тавьсан. Энэ нь хүний сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Тооллогын комиссыг 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ил харагдаж байсан гэдэг нь бүхээгийн ард тэмдэглэгээ хийсэн. Гэхдээ бүх төлөөлөгч нар тэмдэглэсэн саналын хуудсаа ил харуулж байгаад хийсэн. Үүнийг гэрч нар мэдүүлсэн байх. Тэнд санал тэмдэглэж байгаа нь маш тодорхой харагдаж байсан. Энэ үүднээс тооллогын комиссын тогтоол гэж гараагүй. Дэгд зааснаар тооллогын комиссын тогтоолыг хуралдаанд танилцуулж, хурлын даргад танилцуулснаар хурлын даргыг сонгох тогтоолын төсөл боловсруулах талаар тодорхой заасан. Хуралдаан зохион байгуулах дэгийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага батлах ёстой. Баталсан дэгийг анхнаасаа зөрчиж явсан. Энэ нь нууцлалыг алдагдуулж, төлөөлөгч нарын сонгох эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа. Саналын тэмдэглэгээ ил байсан учраас тогтоолоор баталгаажуулах шаардлагагүй, тодорхой байна гэдэг тайлбарыг гаргаж байсан. Тухайн санал хураалт зааланд болсон. Төлөөлөгч нарын ард талд саналын хайрцаг хийсэн байсан. 21 төлөөлөгч ил харагдаж байгааг бүгд хараад сууж байсан. Би хэлээд бичлэг хийж байсан. Саналын хуудас жижиг байсан гэж байна. Жижиг байгаагүй. А4 цаасан дээр нэрсийн бичээд дундуур нь хуваасан байсан. Нугалаад хийхэд харагдахааргүй байсан. Үндсэндээ хэн хэний төлөө саналаа өгснийг мэдэж байсан учраас саналыг хуудсыг тоолох шаардлагагүй байсан. Ж.Г санал хураах үйл ажиллагаанд явахдаа бүлгийн гишүүдээ уриалан саналаа ил харуулж хий. Ил харуулж хийх тохиолдолд хэн ч хүчингүй болгохгүй. Та бүхэн юунаас айдаг юм бэ? бид бүхэн шийднэ гэдэг байдлаар өөрөө уриалж байсан. Энэ нь хурлын тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* сумд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Ардын намаас 10 суудал, Ардчилсан намаас 11 суудал авч анхдугаар хурал болсон. Энэ хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал асуулга явуулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан нууц санал хураалт явуулна гэснийг зөрчсөн. Тийм учраас уг санал хураалт нь хууль зөрчсөн гэдэг байдлаар уг нэхэмжлэлийг гаргасан. Гар өргөх нь илээр санал хураах үйл явц. Саналыг хайрцагт хийх нь нууц саналт хураалт мэтээр тайлбарлаж байна. Энэ тайлбар нь зөв. Гэхдээ санал хурааж байсан цаасны тэмдэглэгээ танхимд байгаа хүмүүст харагдана гэдэг нь санал хураалт нууцаар явагдах зарчим алдагдаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-аас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно гэж заасан. Зорилго нь юу вэ? гэхээр намаас хараат бус байх, хувь хүн өөрийн итгэл үнэмшлээр саналаа өгөх эрхэд халдаж байгаа үйл явц. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А тайлбарлахдаа санал хураахын өмнө завсарлага авч орж ирээд илээр санал хураалт явуулна. Ил харагдуулах бидний эрх гэж тайлбарласан гэж байгаа. Энэ нь тухайн хувь хүний санал хэрхэн хийгдэж байгаа, бусдад харагдуулахгүйгээр саналын хайрцагт саналаа хийх бол өөр хардлагад өртөх нөхцөл байдал үүсэх байсан учраас санал хураах үйл явц хууль зөрчсөн. Сонгуулийн тухай хуульд сонгогчийн санал нууц байдаг. Саналыг ил гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Ил гаргахыг юу гэж ойлгож байна вэ? гэхээр Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 30.2 дах хэсэгт саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан гэж заасан. Энэ тохиолдолд хариуцлага тооцохоор хуульчилсан. Хурлын процесс, санал хураалтын үйл ажиллагаа нь хуулиа зөрчсөн болох нь харагдаж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс харахад саналын хуудас нь ил харагдаж, хэнд санал өгч байгаа нь харагдаж байгаа байдлаар санал хураалт явуулсан гэдэг нь үнэн гэдэг байдлаар гэрчүүд мэдүүлэг өгсөн. Мөн хурлын тэмдэглэлээс харсан ч илээр өгсөн ч болно, заавал ил өгнө зэрэг нөхцөл байдлаар харахад санал өгөхөд хяналт тавих нөхцөл байдал бүрэлдсэн байгаа нь тодорхой харагдаж байна. Энэ өөрөө юу? гэхээр сонгууль болоход намын гишүүн урвасан, урваагүй гэдэг асуудал яригддаг. Энэ нөхцөл байдлаа хянах гэж ийм санал хураалт явуулсан байх. Тэр ч үүднээс төлөөлөгчийн санал өгөх үйл явцыг хянах бүрэн боломж бүрдсэн байна. Тийм учраас уг санал хураалт хууль бус, хууль зөрчсөн нь тодорхой харагдаж байна. Анхдугаар хурлын санал хураалтын үйл ажиллагаа нь хууль зөрчсөн болох нь хурлын тэмдэглэл болоод гэрч нарын мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Нууцаар санал хураалт явуулах зарчим алдагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхдугаар хуралдааныг хуулийн дагуу ахмад настан тул уг хуралдааныг даргалсан. Гэхдээ хурлыг хэлэлцэх асуудлын дагуу явуулсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын санал хураалтын тооллогын комиссыг 4 хүний бүрэлдэхүүнтэй тогтоол гаргаж баталсан. Ардчилсан намаас 2 төлөөлөгч, Ардын намаас 2 төлөөлөгч гэсэн хүмүүс тооллогын комиссоор томилогдож, 2 хүн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшсэн учраас нууц санал хураалт явуулахаар болсон. Миний зүгээс хурал даргалж байгаагийн тухайд санал хураалт өгөхийг санал хураалтаас 4-5 метрийн зайтай байсан. Санал өгч байгаа төлөөлөгч бүхээгийн цаад талаар орж санал хураах хайрцагт хийж саналаа өгсөн. Энэ санал хураалтад гомдол гаргаж намайг хариуцагчаар татаж байгаа явдалд би гомдолтой байгаа. Би ахмад төлөөлөгчийн хувьд хурлыг удирдсан болохоос биш ганцаараа шийдвэр гаргаж хууль зөрчсөн асуудал гаргаагүй. Энэ асуудал дээр улс төржсөн үйлдэл гаргаж байна гэж бодож байна. Санал хураалтын тооллогын комиссын 4 хүний бүрэлдэхүүнтэй баталсан. Тус 4 хүн бүхээгээс 3 метрийн зайтай зогссон. Санал хураах цаасан дээр дугуйлан хайрцаг руу шууд хийсэн. Санал хураалт дууссаны дараа тооллогын комисс бүхээгийн тэндээс хайрцагтай саналын хуудас авчирч төлөөлөгч нарын дунд ширээн дээр авчирч задлаад тоолон 10, 11 харьцаатай 52.3 хувийн олонхийн саналаар Ж.Г хурлын дарга болсон. Ардчилсан нам олонх байсан тул олонхийн саналаар Ж.Г санал өгөх нь тодорхой. Энэ зүйл дээр бид бүхэнд чирэгдэл учруулж байгаа нэхэмжлэгчид гомдолтой байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхдугаар хуралдаанд Ардчилсан намын бүлгээс миний нэрийг иргэдийн Хурлын даргад нэр дэвшүүлж, өрсөлдүүлсэн. Санал хураалтын бүхий л процесс өмнөх төлөөлөгч нарын бэлдэж өгсөн зарын дагуу болсон. Анхдугаар хуралдааны бэлтгэл ажлыг хурлын нарийн бичиг, тухайн үеийн тэргүүлэгчид дүрмийн дагуу бэлдэж өгөх үүрэг хүлээсэн байдаг. Тухайн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаан баталсан дэг журмын дагуу үйл ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ намайг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар баталсан 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан. Тухайн нэхэмжлэлийн тухайд би эсрэг саналтай байгаа. Учир санал хураалтын үйл ажиллагаа дүрмийн дагуу явагдсан. Илээр санал хураалт явуулна гэдэг нь 1 хүн нэр дэвшиж төлөөлөгч нар шууд гар өргөж саналаа өгөхийг илээр санал хураалт явуулна гэж ойлгодог. Тэгэхээр санал хураалтын үйл ажиллагаа нь тооллогын комиссоо баталж, тухайн комисс нь санал хураах үйл ажиллагааг өөрсдөө гардан хийсэн. Бүхээгийн ард орж саналаа дугуйлж санал хураалтын хайрцаг руу саналын хуудсаа хийсэн. Энэ байдлыг шүүхээс тодруулсан тул хэлсэн. Мөн хариу тайлбартаа энэ үйл явцыг тодорхой бичсэн. Миний зүгээс энэ санал хураалтыг хүчинтэй гэж үзэж байгаа. Анхдугаар хуралдааны бэлтгэл хангах, тэмдэглэл хөтлөх асуудлыг тухайн хурлын нарийн бичиг хэтэрхий нэг талыг барьж, нэг намын үзэл суртал гаргаж байсан. Өөрөө төрийн албан хаагч байж ийм зүйл гаргаж болохгүй гэдгийг хурлын дараа түүнд хэлж ажлаас чөлөөлсөн. Анхдугаар хурлын материалыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бэлэн болгож өг гэсэн боловч хугацаандаа гаргаж өгөөгүй. Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Санал хураалтын өмнө энэ үйл ажиллагаа явагддаг. Манай бүлэг хэн хэндээ итгэх итгэл байсан учраас заавал ил харуулж хий гэсэн шаардлага тавиагүй. Санал хураалтыг бүхээгийн ард хийгээд саналын хайрцаг руу хийх үйл явцыг хянах шаардлага байгаагүй. Би өөрийн саналын хуудсаа нугалалгүй хийсэн. Миний саналын хуудсыг хэн харсныг мэдэхгүй. Өөрөө нууцаар саналын хуудсаа хайрцаг руу хийсэн. Тооллогын комисс ширээний голд саналын хайрцгийг авчирч задлаад бүх хүмүүст харуулж тоолоод 10, 11 байна гэсэн. Тооллогын комиссын тогтоол гаргаагүй гэж яриад байх шиг байна. Анхдугаар хуралдааны материалыг бэлэн болго гэсэн шаардлага тавихад огноо тавиагүй тооллогын комиссын тогтоол байсан.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тухайн нэхэмжлэлийн шаардлага нь нууц санал хураалтын журам зөрчиж, нууц санал хураалт гэсэн байж илээр санал хураасан гэдэг байдлаар өнөөдрийн шүүх хуралдааны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тайлбарлагдаж байна. Хэрэгт авагдсан гэрч Ү.Б, Б.О, Б.Э мэдүүлэг болон шинжлэн судалсан бичлэгээс харахад санал хураалт нь илээр явагдсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Учир нь А4 бичгийн цаасан дээр 2 хүний нэр бичээд хийсэн гэдэг нь үгүйсгэгдэж байна. Бичгийн цаасыг 4 хуваасны нэг дээр 2 хүний нэр бичээд хэний нэр дугуйлж хийж байгаа нь шинжлэн судалсан бичлэг дээрээс харагдах боломжгүй байна. Хэний төлөө санал өгөх вэ? гэдгийг хараад сууж байсан ойрхон байгаа хүн л харахаас биш бичлэгийн байдлаас харахад харуулж хайрцагт хийх, илээр санал хураалт явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ нь нууц санал хураалтын журмаар явсан байна. Нууц санал хураалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч. Шүүх хуралдаан дээр тооллогын комиссын тогтоол гараагүй гэж яригдаж байна. Тооллогын комисс нь Ардчилсан намаас 2, Ардын намаас 2 хүн гээд 4 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Хариуцагч мөн тооллогын комиссын тогтоол гарсан. Би гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байна. Тооллогын комиссын тогтоол гараагүй. Батлуулаагүй зүйл харагдахгүй байна. Ийм учраас 03 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэн хүчингүй болгох нөхцөл байдал харагдахгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн ******* сумын 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад Д.Т удирдан явуулж, сумын Сонгуулийн хорооноос өргөн мэдүүлсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон нэр бүхий 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч 01 дүгээр тогтоол гаргасан байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал хураалтад сонгуулийн дүнгээр хамгийн олон суудал авсан Ардчилсан намаас Ж.Гг, Монгол Ардын намаас Л.А-ийн нэрийг дэвшүүлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж зааснаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 11 буюу 52.3 хувийн санал авсан Ж овогтой Г-г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон байна.

Нэхэмжлэгч ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал хураах үйл ажиллагаа нь хуралдааны дэг, холбогдох хууль тогтоомжид заасан 2 хүн нэр дэвшсэн тохиолдолд нууц санал хураана гэсэн заалт, хууль дээдлэх зарчмыг зөрчин Ардчилсан намын төлөөлөгч нар нь саналаа ил харуулан хийж хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон тул санал хураалтыг хүчингүйд тооцож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж тайлбарласан.

Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт болох анхдугаар хуралдааны тэмдэглэлд: ...тооллогын комиссоор АН-ын төлөөлөгч Ү.Б, Ч.П, МАН-ын төлөөлөгч Б.Э, Д.Н нарыг томилон ажиллуулах, ... Д.Т төлөөлөгч: Дугуйлахгүй, ямар нэгэн тэмдэглэгээ хийх нь тухайн хүний эрхийн асуудал, ... П.М төлөөлөгч: Дугуйлахгүй тэмдэглэгээ хийнэ. Эсвэл саналаа ил өгнө, ... Ч.П төлөөлөгч: Санал өгөхдөө дугуйлсан, тэмдэглэгээ хийсэн 2 адилхан, ... Л.А төлөөлөгч: Ямар нэгэн тэмдэглэгээ хийхгүй, зөвхөн дугуйлна, ...Д.Д ИТХ-ын нарийн бичгийн дарга: Өөр тэмдэглэгээ хийсэн бол саналын хуудас хүчингүй болно, ...Б.Э төлөөлөгч: Энэ асуудал дээр маргаж байхаар нэр дэвшигчийн өмнөхийг дугуйлуулахаар саналын хуудас гаргуулъя, ...А.Н төлөөлөгч: Энэ макерээр дугуйлахгүй өөр балаар тэмдэглэгээ хийнэ. Тухайн хүн санал өгөхдөө дугуй, гурвалжин тэмдэглэгээ хийх үү, хүний доогуур зурна уу хамаагүй, ...Л.А төлөөлөгч: Тэмдэглэсэн саналаа хүмүүст ил харагдуулж хийх чинь хууль зөрчиж байна шүү, ... Т.Б төлөөлөгч: Далд санал хураалтыг ингэж ил харагдуулж хийхгүй шүү, ... П.М төлөөлөгч: Та нар ч гэсэн санал өгсөн цаасаа нугалж хийгээд байна. Энэ чинь бас тэмдэглэгээ, ...Б.Э  төлөөлөгч: Нууц санал хураалт учраас саналаа нууцалж байна ... гэсэн хурлын төлөөлөгч нараас санал гаргасан байгаа нь хурлын тэмдэглэлд тусгагдсан.

Шүүхээс гэрчээр асуусан сумын ИТХ-ын төлөөлөгч П.М: ...Ардчилсан намын 11 төлөөлөгч саналын хуудсаа харуулж хийсэн. Хэнд өгсөн нь бүх төлөөлөгч нарт харагдаж байсан. Би саналын хуудсаа хүмүүст хэнд өгсөн нь харагдаж байна гэж өргөж үзүүлсэн. Ардын намын 4, 5 хүн нугалж бусад нь нууж хийсэн. Хамгийн түрүүнд хурлын дарга Ж.Г өөрөө харуулж хийсэн...;

Гэрч сумын ИТХ-ын төлөөлөгч Ү.Б ...би Ардчилсан намаас тооллогын комисст орсон. Санал өгсөн хүмүүс тооллогын комиссоос 3 метр зайтай байсан. Тухайн саналын хайрцагтаа хүмүүс эгц дээрээс нь төлөөлөгч нар харагдуулахгүйгээр хийсэн. Хүмүүс саналын хайрцагнаас 4 метр зайд байсан учир харагдах боломжгүй...;

Гэрч сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны тэмдэглэл хөтөлсөн Б.О Төлөөлөгчид нь нууц санал хураалтаар сонгууль өгдөг шиг санал хурааж явуулна гэсэн. Ганц нэг хүмүүс ил санал хураалт явуулна гэж маргасан. Сүүлд нь нууц санал хураалтаар явуулахаар болсон. Саналын хуудсыг бичиг хэргийн эрхлэгч Түмэндэмбэрэл бид 2 бэлдсэн ...хурлыг удирдаж байсан хүн нэг нэгээр нь дуудаж саналын хуудсыг бүхээгний ард сууж дугуйлаад хайрцаганд хийлгэж байсан ...бүхээгт хийсэн саналын хуудсаа санал тооллогын комисс аваад голд байсан 2 ширээн дээр аваачиж асгаж саналын хуудас үлдээгүй шүү гэдгээ үзүүлээд саналын хуудсаа тоолж санал авсан дүнг танилцуулсан...;

Гэрч сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Э ...саналын хуудсыг будна тэмдэглэгээ хийнэ гэдэг тал дээр маргаад тэгээд нэр дэвшигчийн урд талын тоог будаж тэмдэглэгээ хийхээр тохирсон. Санал өгөхдөө нэг нэгээрээ босоод бүхээгний ард сууж саналаа өгөөд саналын хуудсаа хүмүүстэй харуулж саналын хайрцаганд хийсэн. МАН-ын 10 төлөөлөгч шууд нууцаар саналаа хайрцаганд хийсэн. Харин Ардчилсан намаас 7, 8 хүн харуулж хийсэн 3 билүү хүн харуулаагүй саналаа хайрцаганд хийсэн...;

Гэрч сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Д ...Ардчилсан намын төлөөлөгч нар харуулж хийнэ гэж яриад харуулж хийсэн. Ардын намаас хэнийг дугуйлж байгаа нь мэдэгдэхгүй байсан... гэсэн мэдүүлэг өгсөн байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд сумын Хурлын төлөөлөгч нараас саналаа илээр, нууц санал хураалт явуулах талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн гэж үзэхээр байх ба гэрч нарын зөрүүтэй мэдүүлэгт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Харин шүүх хуралдаанаар хэргийн хянан хэлэлцэх явцад нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны Хурлын даргыг сонгох санал хураалтыг явуулах үеийн видео бичлэгийг шинжлэн судалсан. Тухайн бичлэг нь Хурлын даргыг сонгох санал хураалтын дундаас нь бичигдсэн байх бөгөөд Хурлын төлөөлөгч нарын суух ширээг урд урдаас нь харуулах байдлаар хайрцаглан зассан, төлөөлөгч нарын сууж байгаа ширээнээс 3-4 метрийн зайд саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг бүхий ширээг бэлтгэж, хажуу талд нь саналын хайрцаг байрлуулсан байна.

Бичлэгт бичигдсэн байдлаар төлөөлөгч Б.М /Ардчилсан нЧ.П /АН/, А.Н /АН/, Н.Н /АН/, Ч.Э /АН/, Д.Н /Монгол Ардын нам/, Б.Э /МАН/, З.Н /МАН/, Н.Д /МАН/, Т.Б /МАН/, Ч.Н /МАН/, Д.Т /АН/, Д.Н /МАН/ нарыг нэрсийн дарааллаар дуудаж, тухайн нэр бүхий төлөөлөгч тусгайлан зассан бүхээгийн ард сууж саналаа тэмдэглээд, саналын хайрцагт шууд хийж байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно гэж заасныг зөрчин саналаа илээр явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* сумын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон санал хураалтыг хүчингүйд тооцуулж, дахин санал хураалт явуулахыг даалгах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Э.ЗОЛБАДРАХ