Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/346

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Агар,

Шүүгдэгч Т.Б түүний өмгөөлөгч Ю.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Төмөртогоогийн Буянбатад холбогдох эрүүгийн 2203000000411 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ....төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудлын гадна автомашины зогсоол дээр иргэн О.Баавгайтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудлын гадна автомашины зогсоол дээр иргэн О.Баавгайтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2203000000411 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч О.Баавгайн өгсөн: “Би Улаанбаатар транспорт такси” ХХК-д жолооч ажилтай бөгөөд сүүлийн 10 гаран жил нисэх буудлаас хүн авч таксинд явдаг ажил эрхэлж байгаа юм. 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчимд байхаа би Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан Олон улсын нисэх буудлын гадна зогсоол дээр үйлчлүүлэгч хүлээнгээ машин дотроо цонхнуудаа хаагаад суудлаа налуулаад амарч байтал миний машин дээр үл таних 30-35 орчим насны согтуу залуу ирээд миний хаалгануудыг татаж үзээд цонх тогшоод хаалгаа нээ гээд байсан. Миний машины цонхнууд хар теньтэй болохоор машин дотор хүн байхгүй байна гэж бодсон бололтой урд гупер рүү өшиглөхөөр нь би буугаад чи яагаад байгаа юм бэ миний дүү цаашаа бай би таксинд явахгүй гэтэл тэр залуу миний урдаас нулимаад чи таксинд явахгүй юм бол эндээс зайл гээд шууд над руу агсараад дайрч эхэлсэн. Ингээд тэр залуу намайг барьж аваад миний үснээс зулгаахаар нь би эсэргүүцээд барилцаад автал намайг үснээс чирээд газар унагаад миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл тэр хавьд явж байсан хүмүүс ирээд тэр залууг салгаж болиулсан ба удалгүй нисэх буудлын цагдаа нар гарч ирээд тэр залууг аваад явсан. Ийм л асуудал болсон юм. Үүнээс болоод миний баруун нүд хөхөрч гэмтсэн ба баруун хөлийн өвдөг зулгарч гэмтсэн байгаа. Тухайн залууг Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэст хүргэгдсэн байх үед нь нэрийг нь Т.Б гэдэг болохыг олж мэдсэн. Тэр залуу миний машинд эвдрэл гэмтэл, хохирол учруулсан зүйл байхгүй. Тэр залуу намайг ямар нэгэн хүнтэй бүлэглээгүй ганцаараа зодсон. Т.Б нь надаас уучлалт гуйгаад хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул надад одоо гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-10-11 тал/,

Шүүгдэгч Т.Бын гэрчээр өгсөн:”Би өчигдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод өөрийн найз Ганболд гэдэг хүнтэй архи хувааж уучхаад 14:45 цагийн Улаанбаатар-Инчеон чиглэлийн онгоцоор нисээд Малайз улсад очихоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дээр автобусаар ирсэн юм. Би тухайн нислэгийн билетийг хоёр хоногийн өмнө утсаар захиалсан байсан ба намайг согтуу байна гээд онгоцонд суулгаагүй тул би хот луу буцах болоод нисэх буудлаас гараад таксины зогсоол дээр очтол хямдхан явах такси олдоогүй тул хамгийн урд зогсож байсан саарал өнгийн Элентра маркийн машин дээр очоод хойд гуперийг хөлөөрөө зөөлөн өшиглөсөн. Тэр машиныг хөлөөрөө өшиглөдөг нь миний буруу бөгөөд тухайн машины жолооч нь гэх нэг ах машинаасаа бууж ирээд бид хоёр маргалдсан. Тэр ах ирээд миний хөл рүү нэг удаа өшиглөхөөр нь би барилцаж аваад үсдэж дараад тэр ахын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Энэ үед тэнд байсан таксины жолооч нар бололтой хүмүүс ирээд намайг салгаж аваад Цагдаад хүлээлгэж өгсөн. Ийм л асуудал болсон юм. Тэгээд намайг Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэст авчраад Төв аймгийн Цагдаагийн газарт хүргэн өгч эрүүлжүүлсэн..., иргэн О.Баавгайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Мөн би хохирогчид учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-20-23 тал/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №10999 дугаартай “1.О.Баавгайн биед баруун нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт/хх-26-27 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Т.Б гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Баавгайн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Т.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ....т оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 37 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Эрүүгийн 2203000000411 дугаартай Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 600/зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч Т.Бад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Бад урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН