Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/326

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бнэд холбогдох эрүүгийн 2234002010287 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замч мэргэжилтэй, барилгын ажил хийдэг, ам бүл 4, оршин суух, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Бнэ,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Төв аймгийн Багахангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг Атар-13 гэх газар асфальтан зам дээр 74-73 УНО улсын дугаартай “Хонда фит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтын зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж өөрийн  машинд зорчиж явсан З.Хүрэлбаатарын биед хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт “Ниссан ваннета” маркийн 74-15 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 3.4б “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” 12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 23.9б “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт /23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд/ гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас шороон зам дээр онхолдож Ж.Алтанхүүгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2234002010287 дугаартай хэрэгт авагдсан

 

-Хохирогч Ж.Алтанхүү гомдол болон гэрэл зургийн тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 тал/,

-Хохирогч Ж.Алтанхүүгийн өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Баян-Өнжүүл сум руу барилгын ажил хийхээр барилгын даамал Бат-Эрдэнэ намайг гэрээс ирж  машинтай аваад Баян-Өнжүүл сум руу явж байсан. Хар замаас буугаад шороон замаар Баян-Өнжүүл  сум руу явж байгаад би нэг хэсэг унтсан байсан. Миний хажуу талд машин дотор шаврын машин ачаад явж байсан. Ингээд хэсэг унтаад сэртэл машин онхолдчихсон миний нүүрнээс цус гарчихсан шаврын машинд миний хөл хавчуулагдсан хөдөлж болохгүй байсан. Ингээд хөлөө арай гэж сугалж аваад мөлхөөд урд талын хаалгаар гадагш гарсан. Гадагш гараад ирэхэд хамт явсан хүмүүс машинаас гарчихсан байсан. Ингээд жолооч түргэн тусламж дуудаад 1 цаг орчмын дараа түргэн ирсэн цус маш их алдаж байсан. Ингээд эмч цус тогтоож чадахгүй цус тогтоох тариа хийгээд Баяж-Өнжүүл суманд эмнэлэгт дусал залгуулж хэвтэж байгаад шөнөдөө эмнэлгийн машинаар хүргэгдэж Төв аймгийн эмнэлэгт ирээд Зүүн духны хажуу дээл хэсгээс хацар ясны шонтон яс хүртэл 18 оёдол тавиулж дусал залгуулаад маргааш өдөр нь Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын эмнэлэг рүү авга ах Бадамдорж, эгч Мягмарсүрэн нар ирж авч явж хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэгт 4 хоног хэвтээд гарч дүүргийн эмнэлэгт боолтоо хийлгүүлж мэдрэл, нүд, хараагаа үзүүлсэн. Ослын улмаас баруун талын 3 хавирга, зүүн талын 4 хавирга хугарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

-Гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн “...Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг хийж байгаа юм. Тус өдөр Улаанбаатар хотоос  ажилчин Отгонбаяр, Буяннэмэх, Алтанхүү нарын хамтаар 74-15 УАН улсын дугаартай “Ниссан ваннет” маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод Баян-Өнжүүл сум руу явсан. Ингээд замдаа явж байгаад Баян-Өнжүүл сумаас 20 орчим км зайд очиж яваад шавартай гулгаатай зам дээр машин замын ховилд цохиулаад баруун гар тал руугаа унаад 4 дугуй дээшээ хараад зогссон. Ингээд машинаасаа гарч ирцгээхэд Алтанхүүгийн нүүр нь дух хацар хэсгээрээ зүсэгдсэн байсан. Ингээд цусыг нь алчуураар дарж тогтоогоод Баян-Өнжүүл сумын түргэн, цагдаа дуудаад 1 цаг 30 минут орчмын дараа түргэний машин эмчтэйгээ ирсэн цагдаа ирээгүй. Ингээд Алтанхүүг аваад сумын төв рүү явсан бид нарын араас манай барилгын машин ирээд хамт машинаа босгоод машинаар чирүүлээд сумын төв орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны  өдрийн 4296 дугаартай “1. Ж.Алтанхүүгийн биед баруун 3,4,6 зүүн 6,7,8,10-р хавиргануудын хугарал, зүүн эгэм ясны хугарал, дух, шанаа, хацрыг хамарсан шарх зүүн чихний дэлбэн, эрүү, зүүн тохой, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22 тал/,

-2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай “...74-15 УАН улсын дугаартай “Ниссан Ваннет” маркийн тээврийн  хэрэгслийг жолоодож явсан жолооч Батсайхан овогтой Ба-Эрдэнэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 тал/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 тал/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 тал/,

-Зөрчлийн талаарх бүртгэл /хх-ийн 52 тал/,

-Тээврийн хэрэгслийн мэдээлэл /хх-ийн 53 тал/,

-Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64-67 тал/,

-“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-86 тал/,

- Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 111-117 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас Ж.Алтанхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Б нь Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 36 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч гомдол, саналтай гэдгийг /хх-ийн 14 тал/ мэдэгдсэн, хэрэгт хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй. Шүүгдэгч дансаар 1.180.000 төлсөн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2234002010287 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Бнэд авто тээрийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

 5.Шүүгдэгч Б.Бнэд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН

 

 

  1.