Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/336

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

Хохирогч Ч.Э,

Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт Т Эид холбогдох эрүүгийн _____ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны инженер мэргэжилтэй, маличн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар ___________ гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, __________  регистрийн дугаартай, А овогт Т Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Э нь ____________ газарт 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн орчим Ч.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож Ч.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

   Шүүгдэгч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Улсын яллагчийн гаргасан саналтай маргахгүй. Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй нь байр суурь нэг байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

  Хохирогч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гомдолтой байна. Би дүлий, хараагүй болсон, эмчлүүлж яваад болор мэлмий гэдэг зүйлийг тавиулсан. Би энэ хүнд үнэн зөвөөр хэлсэн. Манай нохой гаднаа байгаа мал дагаж явдаггүй гэж хэлсэн. Та яахаараа энд явдаг юм. Миний бэлчээр дээр явсан гээд намайг барьж авч зодсон гэв.”

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Т.Э нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хүйтний хонхорхой” гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн орчим Ч.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодож Ч.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн _____ дугаартай хэрэгт авагдсан

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Хохирогч Ч.Эын өгсөн “Би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Аргалант сумын нутаг Хөшөөт 2 дугаар багийн нутаг ___________ талд цэргийн ангийн давааны зүүн талд хонио хариулаад явж байтал нэг танихгүй хүрэн өнгийн номер дугааргүй мотоциклтой хар багтай эрээн куртик өмссөн залуу хонь үргээгээд дундуур нь улаан галзуу давхиж над дээр та яагаад энд хонио хариулаад байгаа юм гээд над руу танд би намар уулзаад энд хонь малаа бэлчээхгүй шүү гэж хэлсэн биз дээ намайг миний өмсөж явсан дээлний мөр хэсгээс нь барьж хойш нь түлхээд намайг дээш нь харуулж унаган миний дээр сууж байгаад миний зүүж явсан нүдний шилийг миний хажууд авч тавьж байгаад нүд рүү цохих гэхээр нь би нүдээ зүүн гараараа дарж хамгаалаад тэгсэн миний дээд уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохиод цус гаргаад миний нэг шүдийг гараараа цохиж унагасан мөн үснээс үсдэн газар 2-3 удаа мөргүүлж дахин миний хоёр чихнээс татаж дахин 2 удаа газар мөргүүлсэн би тухайн үед толгой эргээд манарч босож чадахгүй хэвтэж байгаад хэсэг хугацааны дараа толгой эргэж нүдний шилээ хайгаад олохгүй байсан чинь чиний нүдний шил энд байна гэж миний зүүн гарт бариулж өгсөн би тухайн үед намайг зодсон гэх Э гэх залууд хүүхэн чи хөгшин хүн алах нээ гэж хэлтэл би адилхан хөгшин за гэж хэлээд мотоциклио унаад яваад өгсөн. Би гэр рүүгээ морьтойгоо явж очоод цагдаагийн байгууллагад хандсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

Гэрч Р.Нармандахын өгсөн “... 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө хөрш айлын эхнэртэй юм  яриад зогсож байтал хөрш айлын эхнэр Батцэцэг манай нөхөр өчигдөр малын бэлчээр дээрээ хүнд зодуулсан энэ нохойноос болсон гэнэ гээд яриад байж байтал цэнхэр өнгийн портер машинтай хоёр залуу ирээд тэгсэн Э машинаас бууж ирээд энэ айлын нохой манай хонийг барьсан гээд хажуу айлын эхнэр рүү нь дайраад байхаар би тухайн үед Эид энэ нохой намайг худаг дээр мал услаж байтал туувар дагаж явж байгаад үлдээд манай үхрийг манай гадаа дагаж ирсэн гэж хэлтэл үгүй энэ хажуу айлын чинь нохой гээд миний үгэнд итгэхгүй байхаар нь би тэр халтар зүсмийн нохойг Эийн нүдэн дээр лоом төмөр авч очоод цохиод алсан тэгсэн Э зургийг нь аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

Шүүгдэгч Т.Эийн сэжигтнээр өгсөн “...Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт мал маллаж амьдардаг юм. Тэгсэн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минутын орчим танихгүй айлын нохой гэнэт манай мал руу дайраад манай хониноос 3 хонь хазсан би тухайн нохойг хөөгөөд эзэн дээр нь очтол манай гэрийн хойд ууланд хонь хариулаад явж байсан 50 гаран насны хүн байхаар нь та нохойгоо аваа манай хонийг хөөгөөд байна гэж хэлтэл нөгө хоньчин манай нохой биш ээ гэж надад хэлсэн. Би таныг хонио хөөгөөд нохойгоо дагуулаад гарч ирэхийг нь дурандаж харсан гэж хэлтэл над руу уурлаад би биш гэж хэлээд байхад намайг гүтгэлээ гээд над руу ууралсан тэгэхээр нь би мотоциклноосоо бууж нөгөө хүнтэй барилцаж аваад ноцолдож байтал хоньчин Э намайг мөргөх гэхээр нь би доошоо суутал миний шанаан тус газарт хальт мөргөж бид хоёр 2 газарт унаж газрын уруу байсан учраас бид хоёр бөмбөрөөд би дээр нь гарч унасан тэгээд би дээр нь сууж байгаад гарыг нь дарж байгаад та өөрийнхөө малын бэлчээрт малаа хариулсан бол танай нохой манай хонь барихгүй байх байсан гэж хэлээд та настай хүн байж битгий хүн рүү уурал хүн дийлэхгүй байж гэж хэлтэл ах нь настай хүн больё дээрээс бос гэхээр нь би боссон. Тэгсэн ахынхаа нүдний шил хаана байна гэхээр би нүдний шилийг нь хамт хайж олох гэтэл Э гэх хүний толгой дээр нь байсан. Тэгээд би Э гэх хүнийг одоо та хонио аваад нохойгоо аваад манай эндээс яв гэж хэлсэн юм гэтэл нохойгоо авалгүй хонио туугаад явсан. Тэгээд би буцаад хонин дээрээ очтол нөгөө нохой буцаад хонин дээр очсон байхаар би нөгөө нохойг хөөгөөд явуулсан тэгсэн намайг цагдаагийн байгууллагад өгсөн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 241 дугаартай “ 1. Ч.Эын биед 12, 22 шүдний булгаралт, Буйланд шарх, уруулын дотор салстад цус хуралт, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаа үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17 тал/,

“Энх-Смайл” шүдний эмнэлэгийн дүгнэлт /хх-ийн 22 тал/,

Эмчийн тодорхойлолт болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24 тал/,

Хохирлын баримт /хх-ийн 41 тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Т.Э нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Эид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Т.Э нь хувиараа мал аж ахуй эрхэлдэг, Төв аймаг, Аргалант сум 2 дугаар баг “Хүйтний хонхорхой” гэх газарт ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, одоо 45  настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Ч.Э нь гомдолтой байна гэж мэдүүлсэн /хх-5-6 тал/, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 782.212 төгрөгийн хохирлын баримт байх тул шүүгдэгч Т.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлнө гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн гэж үзлээ.

 

Эрүүгийн _____ дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогч Ч.Э гомдол саналтай, нэхэмжлэх зүйлтэй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А овогт Т Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Т Эийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Т Эид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А овогт Т Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. А овогт Т Эид шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эоос 782.212 төгрөгийг гаргуулж хохирогч _____н овогт  Эад /РД:___________ олгохоор тогтоосугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эид  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Эид урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН