Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/351

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ц.Сонинмөнх,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Б холбогдох 2234000000353 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..... төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “....ажилтай, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт .....оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Г.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Хар ам” гэх газар ойн цэвэрлэгээний ажил хийж байсан иргэн Ч.Зын “ажлаа хийхгүй архи уулаа” гэх хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохих, цээжин дээр нь өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                        

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Хар ам” гэх газар ойн цэвэрлэгээний ажил хийж байсан иргэн Ч.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохих, цээжин дээр нь өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000353 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Ч.Зын өгсөн: “Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг ой модны цэвэрлэгээний ажилд 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр эхнэр Саруултөгсийн хамт ажил хийхээр ирсэн. 2022 хоног ажиллаж байтал аймгийн төвөөс Мэргэжлийн хяналтын 3-4 хүн ирсэн, тэгээд бичиг баримтаа гүйцээ гээд модыг тоолоод лацадсан. Тэр хүмүүс явсны дараа аймгийн засаг дарга сумын ойн байцаагчийн хамт ирсэн. Та нар ингээд лацдалцан байхад яагаад үйл ажиллагаа явуулаад байгаа юм гээд хөрөө болон багажууд хураагаад аваад явсан, бичиг баримтаа бүрдүүлчхээд над дээр очоод уулз гэсэн. Тэгээд багажаа хураалгаад манай ажил зогссон. Бид нар хүн хүний тодорхой хэмжээний 07 сарын 01-ний өдөр цалин аваад тэр оройноо зургаан хүн нийлж цагаан архи уусан. 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бид нар өдөр хүртэл унтаж байгаад орой 17 цагийн орчимд ус авах уулнаас доош буусан. Тэгээд усаа машин дээрээ тавьчхаад бид хэд үлдсэн архиа уух гэж байтал бид нарын хариуцаж байсан. Бор гэдэг хүн архийг хагалаад асгасан. Тэгээд бид нарын ус авах гээд унаж явсан машиныг Бор унаад яваад өгсөн. Би араас нь гутлаа авах гээд 5 километр гаран хөл нүцгэн арай гэж очтол хар Харриер гэх машинд байсан Боогий гэх хүн үгийн зөрүү байхгүй шууд хавсарч унагаагаад өвдөглөөд цээжин дээр дарсан. Тэгээд дээр гарч суугаад нүүр лүү гараа атгаж байгаад нүдээд байсан. Би нүд рүү битгий цохиод бай даралттай би сохрох гэж байгаа хүн гэж хэлтэл Боогий нэг мөсөн сохлоод алаад хаячихъя гээд босохгүй улам нүүр лүү нүдсэн. Тэгээд би босож чадахгүй цустайгаа холилдсон байхад Луузан Бор гэдэг хоёр хүн одоо боль гээд машинд суулгаад отгон дээр аваачиж өгсөн. Тэгээд маргааш нь хар үүрээр нь Бор гэдэг хүн рүү Миний бие өвдөөд байна нуд юм харахгүй байна эмнэлэг бараадуулж өг гэж хэлтэл Бор гэдэг хүн зодсон хүнийг чинь дагуулаад өдөр яваад очъё гэсэн. Тэгээд дараа нь залгаад утсаа авахгүй болохоор нь уулнаас Цонжинболдог хүртэл явган явж ирээд Налайхын төв ороод цагдаад хандсан. Боогийн гэдэг хүнийг танихгүй. Бор гэдэг бид нарыг хариуцсан хүн тэрний талаар мэднэ. Байнга цуг явж байдаг. Бор гэдэг хүний утасны дугаар нь 91356363 байгаа юм. Энэ хүн Боогийг сайн танина. Баруун нүд юм харахгүй, битүү саарал байгаа. Урьд нь зүгээр байсан. Цээж болон хөл гар шалбарсан байгаа. Би нүдээ эмчлүүлмээр байна. Баруун нүд юу ч харахгүй байна. Өөр гомдол саналгүй.” гэх мэдүүлэг/хх-7-8 тал/,

   Гэрч Т.Саруултөгсийн өгсөн: “Би нөхөр Золбаярын хамтаар Төв аймаг Эрдэнэ сум руу мод цэвэрлэгээний ажлаар явахаар болж 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдөр очсон. Тэгээд нөхрийн хамтаар очоод хэд ажлаа хийгээд тэгсэн чинь бид хэдийг 7-8 уулаа ууланд ажиллаж байхад хаанаас ирсэн мэдэхгүй нэг хүн ирээд бид нарын хөрөөг хураагаад явсан бид хэдийн ажил зогсоод 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр бид нар архи ууцгаасан Тэгээд оройдоо унтчихаад маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр Золбаяр усанд явахаар ЗИЛ-130 маркийн автомашинтай хөдөлсөн урьд оройны нэг шил Хараа нэртэй архи байхаар нь гол дээр очиж уух гээд аваад явсан Тэгээд бид хэд голын эрэг дээр усаа авчаад уусан тэгээд бид хэдийг гол дээр байхад бид нарыг алхаж ирсэн Бор ирээд архи та нар уулаа гээд архийг хагалаад асгасан. Тэгээд Бор гэдэг хүн нь Зил-130 маркийн автомашиныг унаад явсан нөхөр бид хоёр хөл нүцгэн араас нь алхаж яваад автомашин дээр очсон очоод би машины сүүдэрт сууж байтал манай нөхөр Золбаяр нь Боогий гэх залуутай муудалцсан. Золбаярыг Боогий гэх залуу нь архи уулаа гэж хэлж байсан зодооных нь эхлэлийг би хараагүй тэгээд хүмүүс шуугилдаад ирэхээр нь би гүйгээд очтол Боогий гэх залуу нь манай нөхөр Золбаярын цээж дээр өвдөглөөд нүүр лүү нь 2-3 удаа цохиж байсан би тэгэхээр наад хоёрыгоо салгаач ээ гэхэд хүмүүс хараад зогсоод байсан миний нүд дээр манай нөхөр Золбаяр нь Боогий руу хэлсэн ядаж миний өвчтэй нүд рүү битгий цохиод байгаач ээ гэхэд Боогий нь тэгсэн чинь улам сохолчий гээд нүд рүү 3-4 удаа цохисон тэгэхээр би тэр хоёрын дундуур ороод Боогийг салгатал харж зогсож байсан нэлээн хэдэн хүмүүс мөн ирж салгасан. Тэгээд би Боогийд хэлсэн чи манай нөхөр Золбаяр нь согтуу халамцуу байж болно чи битгий өвчтэй нүд рүү цохиод байгаач гэхэд Боогий нь намайг хажуу тийшээ түлхээд тэр ямар хамаатайн гээд ахиад зодолдох гээд байсан тэнд байсан нэг залуу манай нөхөр Золбаярыг автомашин суулгасан тэгээд бид хэд уул руугаа хөдөлсөн. Зүс мэдэхээс бол өөрөөр танихгүй. Харилцаа хамааралгүй. Манай нөхөр нүдний даралттай байсан ер нь байнга дусаалга хэрэглэж явдаг байсан. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг гэж хэлсэн багийн нэр ямар нэртэй газар зэргийг мэдэхгүй. Танихгүй ээ. 10 гаруй л хүн ажиллаж байсан.” гэх мэдүүлэг /хх 10-11

   Шүүгдэгч Г.Бын сэжигтнээр өгсөн: “2022 оны ойн цэвэрлэгээний арчилгаа тордолгооны хуваарьт ажлыг Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутгийн "Хар ам" гэх газар ойн сангаас 750 м3 цэвэрлэгээний ажил хийх зөвшөөрлийг авсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сард ууланд ажилдаа гарсан 7 хоног ажиллаад буусан дараагийн гаралт нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны үеэр ажилд гарах болж цэвэрлэгээний ажилд ажилтан авахаар болж Улаанбаатар хотоос 6 хүнийг хөлсөлж цалинжуулан ажиллуулсан ба тэдгээр хүмүүсийг ууланд майхан барьж байрлуулж ажиллуулж байсан. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 02-ны хооронд хөлсөөр ажиллаж байсан 5 хүн маань архи уугаад байхаар нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эдгээр хүмүүсийг ажлаа хүлээлгэж өгөөд явцгаа гээд цалин хөлсийг өгсөн би доод агуулах дээр мод цагаалаад байж байхад Золбаяр нь согтуу ирээд: манай захирлын эхнэртэй хэрэлдээд байсан захирал Гантөгс ах: чи одоо яваа гэсэн чинь тэгсэн чинь: Золбаяр нь Гантөгс ахын подволкыг зуураад ураад хаячихаар нь: би босож очоод Золбаярыг барьж аваад хавирч унагаагаад 2 удаа алагдсан тэгээд би та 2 одоо битгий хэрүүл шуугиан тариад бай одоо явцгаа гэж хэлэхэд: Золбаяр нь эхнэрээс гадна 3 хүнтэй явцгаасан Золбаяр нь: чамайг цагдаад өгнө харж байгаарай хачин болгож гөлөг болгоноо гээд байсан удалгүй тэдгээр хүмүүс нь булгийн тархин дээр архи уугаад сууцгааж байсан би очилгүй Улаанбаатар хот руу гэр лүүгээ явсан ийм л зүйл болсон. Ахин Золбаяр болон ажилчидтай таараагүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон өр авлага асуудал байхгүй. Урьд өмнө ч маргалдаж байгаагүй. Мэдэх боломжгүй би дотроо жаахан уурласан үедээ ийм үйлдэл хийсэн. Эхлээд Золбаярыг хавирч унагаагаад нүүрний аль хэсэгт алгадсан мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 удаа алгадсан, өөр гэмтэл учруулаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Золбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол мөнгө өгөөгүй. Миний буруугаас ийм зүйл болсон.

Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би Ч.Зыг хавирч унагаагаад нүүрний хэсэгт нь 2 удаа алгадсан өөрөөр цохиж зодсон асуудал надад байхгүй. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хүний биед хөнгөн хохирол учруулсандаа гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-13-14, 34/,

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 373 дугаартай “1. Ч.Зын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун алиманд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал зулгаралт, зүүн дал, баруун бугалга, баруун, зүүн тохой, хэвлий, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт, зүүн эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, үрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт/хх-16-17 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

   Шүүгдэгч Г.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            Шүүгдэгч Г.Б нь одоо 34 настай, Цогт манхан ХХК-д гүйцэтгэх захирал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан босон захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл зэрэг баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 550 нэгжээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

   Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогч Ч.Зт 220.000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Ч.З нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2234000000353 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000/таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

хохирогч Ч.З нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН