Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/327

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл,

Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ст холбогдох эрүүгийн 2234000000324 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, хөдөө мал малладаг, ам бүл 3, оршин суух, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.С,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар  сарын 08-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг “Булштай” гэх газар иргэн Б.Тогтсонбаатарыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            Шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй, хохирогчид 500.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг прокурорт гаргасан. Хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг саналыг гаргасан. Үүнийг өмгөөлөгч болон Д.Сын зүгээс дэмжиж оролцож байна” гэв.

           

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар  сарын 08-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг “Булштай” гэх газар иргэн Б.Тогтсонбаатарыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000324 дугаартай хэрэгт авагдсан

           

            -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 тал/,

-Хохирогч Б.Тогтсонбаатарын өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчим би Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар баг Булштай гэх газарт мал маллаж байдаг Ч.Дамдиндорж гэх найзынхаа хөдөө гэрт нь очсон. Бид хоёр ярилцаад ганц шил архи хувааж уугаад дуусчихаад сууж байтал Ч.Дамдиндоржийн хүү Д.С гэх залуу хүү согтуу хувааж уугаад дуусчхаад сууж байтал Ч.Дамдиндоржийн хүү Д.С гэх залуу хүү согтуу гаднаас гэртээ орж ирээд шууд намайг заамдаж татаж босгож ирээд толгойгоороо миний нүүр хэсэг рүү 2 удаа мөргөөд намайг доош нь суулгасан. Мөн намайг унасан байхад цээж хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Би тухайн үед нь гайхаад Чи яаж байна аа гэж асуусан чинь өөдөөс “яадаг юм лалруудаа гэж хэлсэн. Д.С их согтолттой байсан. Би тэдний гэрээс шууд гараад хамраас цус гараад байсан учир Багахангай дүүргийн эмнэлэг, цагдаа дээр шууд очсон... гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

-Гэрч Н.Эрдэнэбаатарын өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би Төв аймгийн Баян сум Цавчир 3 дугаар баг Булштай гэх газарт байх хөдөө гэртээ найз Б.Тогтсонбаатарын хамтаар юм ярилцаад ганц нэг шил архи хувааж уугаад сууж байтал манай төрсөн хүү Д.С гаднаас согтуур орж ирээд Б.Тогтсонбаатарыг зодчихоод яваад өгсөн байсан. Би тухайн үед нь унтаж байсан юм. Яг цохих зодохыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

-Шүүгдэгч Д.Сын сэжигтнээр өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багт 5-ын гүүрний хойно байрлах Булштай гэх газарт хөдөө гэртээ иртэл манай аав Ч.Дамдиндорж найз Б.Тогтсонбаатар гэх ахтай цуг архи уучихсан бололтой сууж байсан. Намайг гэрт яваад орсон чинь тэр Б.Тогтсонбаатар надад хандаж хэдэн зүйл хэлэхээр нь тухайн үед миний уур хүрээд ор нь дээр сууж байхад нь татаж унагаад барьж авч байгаад толгойгоороо нүүр рүү нь нэг удаа мөргөчихсөн юм. Би тухайн үед тэгээд л гэрээс гараад явчихсан юм. Б.Тогтсонбаатар ах нүүрээ дараад доошоо тонгойгоод манай гэрт үлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаартай “1. Б.Тогтсонбаатарын биед хамар ясны хугарал, дээд урууланд шарх, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/,

-Зөрчил талаарх бүртгэл /хх-ийн 40 тал/,

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 44-45 тал/,

-Хохирогч Б.Тогтсонбаатарын хүсэлт /хх-ийн 55 тал/,

-Шүүгдэгч Д.Сын хүсэлт /хх-ийн 57 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Д.С нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Тогтсонбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас  шүүгдэгч Д.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Д.С нь малчин, Төв аймаг, Баян суманд ам бүл 3, аав, ээж нарын хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 29 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тогтсонбаатарт 500.000 төгрөгийн хохирлыг төлсөн гэх ба хэн аль нь маргаагүй байна.  

 

Эрүүгийн 2234000000324 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ст оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

 5.Шүүгдэгч Д.Ст шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ст урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН