| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/00350/И |
| Дугаар | 183/ШШ2018/01146 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2018/01146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Б.Б нэхэмжлэлтэй,
/Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 58 дугаар байр 53 тоотод оршин суух /
Хариуцагч: Өндөрзанги овогтой, М.О холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармаг 19-467 тоотод оршин суух /
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.728.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр М.Отой зээлийн гэрээ байгуулан, 1.000.000 төгрөгийг 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд төлж дуусгахаар тохиролцож, 7.5 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги тооцохоор зээлдүүлсэн. М.О нь 2014 онд гэрээний төлбөрөө төлөхийг шаардахад тооцоо нийлээд хувааж өгч байх талаар санал гаргасны дагуу бид тохирон хүү, алдангиа бодон 2.200.000 төгрөг болж, тооцоо нийлж, цувуулан төлөхөөр тохиролцсон. Ингэхдээ сард 2 хувийн хүү тооцох талаар тохирсон байдаг. Харин М.О нь дахин мөнгө төлөөгүй байгаагаас Б.Б надад учирсан хохиролд зээлийн үндсэн төлбөр 2.200.000 төгрөг, зээлийн хүү 528.000 төгрөгийн хамт нийт 2.728.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч М.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг хүлээж авсныг хүлээн зөвшөөрч байгаа. 2014 онд би ажилтай байсан болохоор хувааж төлнө гэж дахин гэрээг шинэчлэн байгуулж байсан боловч ийм өндөр хүү төлөх боломжгүй байна. Мөн Б.Баас урьд нь 10 хувийн хүүтэй мөнгө зээлж аван төлж дуусгаж байсан. Тухайн үед мөнгөний хэрэгцээ гарсан тул өндөр хүүтэй мөнгө зээлж байсан. Одоо би ажилгүй байгаа тул үндсэн мөнгийг л төлнө, хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Бын нэхэмжлэлтэй, М.От холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.728.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Б.Б, М.О нар 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Зээлийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.Б нь 1.000.000 төгрөгийг 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 16 сарын хугацаатай, 1 сарын 7.5 хувийн хүүтэй зээлдэгч М.От зээлдүүлсэн, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээг байгуулжээ.
Зээлийн гэрээний дагуу зээлдэгч М.О нь 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Баас шилжүүлэн авсан, зээл, түүний хүүг төлөөгүй талаар талууд маргаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч М.Ооос үндсэн зээл 1.000.000 төгрөг, 16 сарын зээлийн хүү болох /1.000.000 төгрөгийн 7.5 хувийн зээлийн хүү 75.000 төгрөгийг 16 сараар тооцоход/ 1.200.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бад олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Зээлийн гэрээний ард “...2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл гэрээг сунгаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр 2.200.000 төгрөгийг 2 хувийн хүүгээр 1 жилийн хугацаатай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл сар бүр 205.000 төгрөгөөр төлөлт хийж дуусгавар болгоно” гэж бичигдсэн байх бөгөөд 2 хувийн зээлийн хүү нь сард тооцогдох, эсхүл жилд тооцогдох зээлийн хүүгийн талаар тохиролцсон болох нь ойлгомжгүй байх тул зээлийн хүүд 528.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.Ооос үндсэн зээл 1.000.000 төгрөг, 16 сарын зээлийн хүү 1.200.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 528.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч М.Ооос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 528.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 58.598 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ооос улсын тэмдэгтийн хураамжид 50.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД