| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0309/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/328 |
| Огноо | 2022-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,
Хохирогч Б.Ариунболд,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Эод холбогдох эрүүгийн 2234000000312 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 оршин суудаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Музейн ард талын замд Б.Ариунболдтой “Улаанбаатар хот руу авч явах хүнээс болж” маргалдан улмаар Б.Ариунболдын нүүрэн тус газар духаараа мөргөж, эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Б.Ариунболд нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “Хохирлын 1.310.000 төгрөгний баримт гарсан. Шүүгдэгч Н.Э нь хохиролд 700.000 төгрөгийг төлсөн. Одоо гомдол саналгүй” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Музейн ард талын замд Б.Ариунболдтой “Улаанбаатар хот руу авч явах хүнээс болж” маргалдан улмаар Б.Ариунболдын нүүрэн тус газар духаараа мөргөж, эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн 2234000000312 дугаартай хэрэгт авагдсан
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-Хохирогч Б.Ариунболдын өгсөн “...Би Зуунмод Улаанбаатар хот хоёрын хооронд хүн тээвэр хийдэг юм. 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 17 цагийн үед Зуунмод сумаас Улаанбаатар хот руу хүн тээвэр хийх гээд Төв аймгийн Музейн ард талын зогсоол дээр 2 хүн суулгачихсан зогсож байтал “Тоёота приүс-20” маркийн 29-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй залуу ирээд замын хойд талд зогссон чинь миний машинд сууж байсан 2 хүн тэр залуугийн машинд очоод суучихаар би очоод “ахын дүү автобусны дараа оочирлоод ачиж байгаа юм” гэсэн чинь тэр залуу “чамд ямар хамаатай юм” гэхээр нь би “дөнгөж сая автобус хөдөлчихсөн, чи одоо болилдоо” гээд явах гэсэн чинь машинаасаа бууж ирээд намайг урдаас харж байгаад нэг удаа мөргөсөн чинь миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь би тэр залуугийн нүүр рүү баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд удалгүй цагдаа нар очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,
-Насанд хүрээгүй гэрч Ж.Батдоржийн өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ах Энх-Одтой Улаанбаатар хот явах гээд Энх-Од ах замаараа 2, 3 хүн авч явна гээд Төв аймгийн Музейн ард талын зам дээр зогссон чинь 2 хүн Энх-Од ахын машинд суусан чинь ах, эгч хоёр ирээд Энх-Од ахыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Энх-Од ах машинаас буусан чинь би суудлын бүсээ тайлаад буусан чинь тэр ах хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд би Энх-Од ахыг болиулсан чинь нэг цагдаа ирсэн. Тэгээд салгаад байж байсан чинь тэр ах Энх-Од ахыг гараараа 1 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
-Гэрч Г.Оюунтуяагийн өгсөн “... 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Ариунболд бид хоёр Улаанбаатар хот руу хүн тээвэрлэх гээд зогсох гэж байсан. Ариунболд миний өмнө ирсэн учраас 2 хүн суулгачихсан байсан чинь 29-42 УБА улсын дугаартай машинтай залуу ирээд Ариунболдын машинд суусан 2 зорчигч тэр залуугийн машинд суучихаар нь би очоод “хайчих гэж байгаа юм бэ “ бид нар оочирлож ачиж байна, бид нарын ардаас аччих” гэтэл яахаараа гэтэл Ариунболд “бид нар өдөржингөө оочирлож байна, бид нарын дараа хүнээ ач гэтэл тэр залуу та нар надад хамаагүй гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “чи наад 2 хүнээ аваад, одоо гар” гээд машин дээрээ очоод эргээд харсан чинь Ариунболдын хамраас аймар их цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
-Шүүгдэгч Н.Эын сэжигтнээр өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 14 цагийн үед Улаанбаатар хот явах ажилтай болоод гэрээсээ 15 цаг 20 минутын үед гарсан. Тэгээд дүү Ж.Батдоржийг гэрээс нь аваад тамхины бөөний төв орж тамхи авчхаад Төв аймгийн Музейн ард талын зам дээр зогсож байтал 2 эгч ирээд миний машинд суусан. Тэгсэн нэг эгч ирээд “ бид нар зөвшөөрөлтэй, бид нар эндээс хүн ачиж явдаг юм” гэтэл Ариунболд гэдэг хүн ирээд “бид нар автобусны дараагаас ачдаг юм, бид нар зөвшөөрөлтэй чи яв” гэсэн. Тэгээд Ариунболд, тэр эгчтэй “наад пиздаагаа явуулчих, наадхыгаа 100.000 төгрөгөөр нь торгуулчих” гэхээр нь би машинаасаа буугаад “яасан гэнээ хөгшөөн” гээд тулсан чинь нүүр рүү тулаад баруун мөрөөрөө 2 мөрлөхөөр нь би заамдаж аваад түлхсэн чинь над руу духаараа тулаад ирэхээр нь би мөргөчихсөн чинь хамраа бариад доошоо суусан чинь Очир гэдэг замын цагдаа ирсэн. Тэгээд би тэр цагдаад болсон явдлаа ярьсан чинь Ариунболд гэдэг залуу”Миний хамар сонин болчихсон байна, би чамайг ална” гээд миний шанаа хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд цагдаа салгасан чинь намайг хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “1. Б.Ариунболдын биед хамар ясны цөмөрсөн хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “ 1. Н.Эын биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болох гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 тал/,
-Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 33 тал/,
-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 35 тал/,
-Жолоочийн лавлагаа /хх-ийн 36 тал/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 тал/,
-Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 тал/,
-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 42-61 тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйн өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай” гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасан. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр болоод нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Иргэн Н.Э нь 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 16 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг нутаг Музейн ард талын замд үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Ариунболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.Ариунболд нь 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 278.000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөг нийт 439.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.Эоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 68 тал/,
-Эмчилгээний зардлын баримт /хх-ийн 71 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Л.Мөнхбаатар гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ариунболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Н.Э нь Төв аймаг, Зуунмод суманд ам бүл 2, аавын хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 21 настай баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч Н.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ариунболдод 700.000 төгрөгийн хохирлыг төлсөн гэх ба хэн аль нь маргаагүй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Ариунболд нь баримтаар 1.310.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба үүнээс 700.000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч Н.Э нь үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн болно.
Эрүүгийн 2234000000312 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчээс 250.310 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ариунболдод олгох мөн 431.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйд гаргуулах, шүүгдэгч Л.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эод оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Н.Эод шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Л.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эоос 250.310 төгрөгийг хохирогч Төв аймгийн Зуунмод сум 2 дугаар баг 14-7 тоотод оршин суух Баасанжавын Ариунболд /НЛ83022778/-д мөн иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйд 431.000 төгрөгийг тус тус олгосугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Эод урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН