Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/335

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

Шүүгдэгч И.Д, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бовогт Иын Дд холбогдох эрүүгийн ______ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 20-ны дөөр Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн  дунд  боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ____________  оршин суух хаягтай, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

Цэргийн тусгай шүүхийн 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулйн 277 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 267 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Төв аймгийн 9 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1992 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Төв аймгийн шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлйин 1, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Төв аймгийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 дүгээр зүйлийн 2 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 281 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, НЫ68012079 регистрийн дугаартай, Бовогт Иын Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Д нь согтуугаар __________ гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Л.Лтой маргалдаж улмаар түүний зүүн мөрөн тус газарт хутгалсны улмаас Л.Лийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

   Шүүгдэгч И.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч И.Д нь согтуугаар Төв аймгийн Зуунмод сум Зүүндэлгэр 4 дүгээр баг 9-1 тоотод байрлах Б.Бадамрагчаагийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Л.Лтой маргалдаж улмаар түүний зүүн мөрөн тус газарт хутгалсны улмаас Л.Лийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн ______ дугаартай хэрэгт авагдсан

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 тал/,

Хохирогч Л.Лийн өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14 цагт 2 хүүхдээ сургуулиас нь аваад багийн тоглоомын талбай дээр очсон. Тэгээд хоёр хүүхдээ тоглуулж байгаад хадаасны лоом гуйх гээд Дамрагчаа ахынх руу ганцаараа орсон. Намайг ороход Дамбарагчаа ах, Д ах, 2 танихгүй эрэгтэй хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгээд намайг Д ах чи яах гэж яваа юм гар зайл гэж хэлэхээр нь би “Танайд ороогүй, Дамба ахынд орж ирж байна” гэж хэлээд сандал дээр суусан чинь Д ах намайг босч ирээд цохиод авсан. Тэгэхээр нь би та болиоч гээд түлхээд сандал дээр суулгасан. Би Дамба ахтай юм яриад зогсож байтал Д ах миний зүүн мөр рүү хар иштэй хутгаар хутгалчихсан. Тэгээд хамт байсан залуу нь намайг хашааны гадаа гаргаж өгөөд эхнэр гарч ирээд намайг аваад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

Гэрч Г.Батцэрэнгийн өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай хөрш айл болох Дамбарагчаа ахын гэрт орсон чинь Д болон нэг үл таних согтуу хүн унтаж  байсан. Дамбадаржаа ах Д хоёр нэг тал шил архи хуваан уугаад байж байсан. Би ороод удаагүй сууж байхад миний араас Л буюу /Анжиг/ гэрт гаднаас ганцаараа орж ирсэн чинь Д ах Анжигийг би чамд архи өгөхгүй гэрээс гар гэж  хэлсэн чинь Анжиг гарах гээд байсан чинь Д ах босож очоод түлхэх шиг болсон чинь Анжигийн зүүн гараас цус гарахаар нь харсан чинь Д ах гартаа хутга барьсан зогсож байсан. Би тэгээд сандраад Анжигийг гэрээс нь аваад гарсан  чинь багийн хашаанаас эхнэр нь гарч ирээд түргэн дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

Шүүгдэгч И.Дгийн сэжигтнээр өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн  Зуунмод сум 4 дүгээр баг 9-1 тоотод Дамба гэдэг айлд Батцэрэн бид гурав архи хувааж уугаад сууж байтал гаднаас Л гаднаас ороод ирэхээр нь “чи юу хийж  яваа юм яв” гээд хэлтэл “танд ямар хамаатай юм” гээд бид хоёр заамдалцаж аваад шүүгээн дээр байсан хар иштэй хутгыг аваад зүүн гар руу нь хутгалчихсан юм...гэх  мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 313 дугаартай “ 1. Л.Лийн биед зүүн бугалгад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-78 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч И.Д нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Лийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч И.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч И.Д нь гэрээрээ оёдлын ажил эрхэлдэг, Төв аймаг, Зуунмод сум 4 дүгээр багт ам бүл 2, эхнэрийн хамт оршин суудаг, одоо 54 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Л.Л нь гомдолтой байна гэж мэдүүлсэн /хх-12 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт байх тул шүүгдэгч И.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлнө гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн гэж үзлээ.

 

Эрүүгийн ______ дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч И.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг, хохирогч Л.Л гомдол саналтай, нэхэмжлэх зүйлтэй гэснийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Иын Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Иын Дг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Иын Дд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Бовогт Иын Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Б овогт Иын Дд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч И.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шүүхийн Тамгын газарт устгуулахыг даалгасугай.

 

7.Хохирогч Л.Л нь энэ хэрэгтээ холбоотой гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Дд  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И.Дд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.ДЭЛГЭРМӨРӨН