Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2018/01069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Боржгон овогтой, Б.Г нэхэмжлэлтэй,

/Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Алтай хотхон, Энгельсийн гудамж, 14 дүгээр байр, 31 тоотод оршин суух /

 

Хариуцагч: Боржгон овогтой, Д.Т холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 52 дугаар байр, 54  тоотод оршин суух /

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 137.629.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Энхцэцэг, хариуцагч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Мандхай, гэрч С.Ганцэцэг, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, тодруулж байна. Миний бие Д.Тт түүний барилгын үйл ажиллагаанд 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн удаа дараа мөнгө зээлдүүлсэн бөгөөд бид 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан. Иймээс Д.Тын зээл, түүний хүү, алдангид төлсөн мөнгийг хасаж тооцон, үлдэх үндсэн зээл 89.000.000 төгрөг, алданги 36.500.000 төгрөг, Д.Т нь надаас зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүйгээс би “Транскапитал” ББСБ, “Нэткапитал Авто” ББСБ-аас зээлсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 12.079.735 төгрөгийн учирсан хохирол, нийт 137.629.735 төгрөгийг Д.Таас гаргуулж өгнө үү. Д.Т нь гэрээ байгуулсны дараа 2014 оны 12 дугаар сард  буюу 30.000.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар цувуулан 31.640.000 төгрөг төлсөн нь үнэн гэв.

 

Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Гээс барилгын үйл ажиллагаанд удаа дараа мөнгө зээлсэн бөгөөд бид 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлж, 89.000.000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Үүнээс 30.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сард Б.Гт буцаан төлсөн, 31.640.000 төгрөгийг цувуулсан төлсөн. 89.000.000 зээл авсныг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Гийн нэхэмжлэлтэй, Д.Тт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 137.629.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид “...Б.Г нь Д.Тт 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн удаа дараа зээл олгож, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлж, 89.000.000 төгрөгийн зээлийн гэрээг нөхөж байгуулсан, Д.Т нь Б.Гт 2014 оны 12 дугаар сард 30.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар цувуулан 31.640.000 төгрөг төлсөн” талаар маргаагүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээг талууд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэж үзэхээр байна.

 

Уг зээлийн гэрээгээр зээлдэгч Д.Т нь 89.0000.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 7 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэгч Б.Гээс зээлсэн байх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл, зээл хүүд нийт 107.690.000 төгрөг төлөхөөс 2014 оны 12 дугаар сард 30.000.000 төгрөг, мөн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 31.640.000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д зааснаар хариуцагч Д.Таас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүүд нийт 46.050.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгох нь зүйтэй юм.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3-т “...зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно” гэж заасны дагуу зээлдүүлэгч Б.Г нь зээлдүүлэгч Д.Таас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй хэдий боловч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд “хэдэн төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээнд, хэд хоногийн алданги”-ийг шаардаж байгаа нь тодорхойгүй байх тул хариуцагч Д.Тыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги буюу мөнгөн төлбөрт 12.079.735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгох нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцэхээр байна гэж үзэв.

 

            Нэхэмжлэгчийн “...хариуцагч зээлсэн мөнгөө өгөөгүйгээс “Транскапитал” ББСБ-д төлсөн хүү 9.981.075 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270.225 төгрөг, “Нэткапитал Авто” ХХК-д төлсөн хүү 1.551.419 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 277.016 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасан хэдий боловч нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн Б.Гийн “Транскапитал” ББСБ-тай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Зээлийн гэрээ” болон “Нэткапитал Авто” ХХК-тай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ”-д “...хариуцагч Д.Тт олгох зээлийн зориулалтаар Б.Гт зээл олгосон” болох нь тогтоогдохгүй байх тул гэрээнээс учирсан хохиролд 12.079.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Таас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, зээлийн хүүд 46.050.000 төгрөг, алдангид 12.079.735 төгрөг, нийт 58.129.735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Таас гэрээний үүргийн гүйцэтгэлд 58.129.735 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 207.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 639.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Таас улсын тэмдэгтийн хураамжид 448.598 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.СЭМЖИД