| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0311/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/329 |
| Огноо | 2022-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,
Хохирогч Н.Нямханд,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн 2234000000320 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, гранд хотхонд нягтлан ажилтай, ам бүл 3, оршин суух, урь өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Г.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 22 цаг 20 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт “Тулгат дэлгүүр”-ийн цайны газар хоол идэх гээд сууж байсан М.Нямхандыг нөхөртэйгөө хардсаны улмаас шилэн аяганы хагархайгаар нүүрэн тус газар нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь “дух, хамар, хүзүү хацарт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Хохирогч М.Нямханд нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үедээ жирэмсэн байсан. Одоо 4 сартай. Намайг хоёр удаа өшиглөснөөс болж 1 сар гаруй хэвтрийн дэглэм сахисан. Долоо хоногийн өмнөөс хяналтад орж, одоо бодож явж байна. Би Орос улсад хувиараа бизнес эрхэлж ноос, ноолуур гаргаж зардаг. Ажил маань 6 сард эхлэх байсан боловч хэвтрийн дэглэж сахиж байсан тул явж чадаагүй. Манай аав, ээж хоёр байхгүй, харж хандах хүн байхгүй. Энэ хугацаанд байр хөлсөлж ганцаараа хэвтрийн дэглэм сахисан. Эмнэлгээр сайн явж чадаагүй тул нүүрний сорвийг байгаагаар нь эдгээсэн. Энэ эмэгтэй 5 дугаар сард над руу мессеж бичсэн. Би тухайн үед мессеж гэж бодоод тоогоогүй. Албаар санаатай ийм үйлдэл гаргасан гэж бодсон. Ихэс ховхролтой байгаа болохоор хүндрэлтэй байдаг гээд хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон. Одоо биеийн байдал гайгүй байна. Хохирлын баримтаа бүрдүүлж өгөөгүй. Одоо нүүрэн дээрх сорви арилгах эмчилгээний зардал нэхэмжилж байна. Би жирэмсэн болохоор эм тариа хэрэглэж болохгүй байна. Иймд эмчилгээний зардал хэдэн төгрөг болох эсэх талаар хохирлыг тооцоогүй” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 22 цаг 20 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт “Тулгат дэлгүүр”-ийн цайны газар хоол идэх гээд сууж байсан М.Нямхандыг нөхөртэйгөө хардсаны улмаас шилэн аяганы хагархайгаар нүүрэн тус газар нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь “дух, хамар, хүзүү хацарт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон
Энэ нь эрүүгийн 2234000000320 дугаартай хэрэгт авагдсан.
Хохирогч М.Нямхандын өгсөн “Би Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдог гэх газарт уулздаг залуу Пүрэвхишигийн хамт айлын зуслангийн газар хашааны ажил аваад ажиллаж байгаад 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ажлаасаа буугаад Улаанбаатар хот руу явж байгаад замдаа Тулга нэртэй цайны газар байхаар нь Пүрэвхишиг бид хоёр орж хол захиалаад идэх гээд байж байтал гаднаас Пүрэвхишигийн төрсөн ах Пүрэвдорж орж ирээд утсаараа бичлэг хийчихсэн намайг хэл амаар доромжилж /таван толгойн янхан/ гээд хэлээд байж байтал гаднаас Пүрэвхишигийн эхнэр Баярмаа орж ирээд үзэмний шүүс ууж байсан шилэн аягыг аваад ширээн дээр цохиж хагалаад хагархай хэсгээр нь миний нүүр хэсэгт 1 удаа цохиж миний хэвлий хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Тэгээд гаднаас хамаатан садан гэх хүмүүс нь орж ирээд Баярмааг салгаад гадагшаа авч гараад цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,
Шүүгдэгч Г.Бгийн гэрчээр өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 09-ны орой өөрийн нөхөр Пүрэвхишигийг Нямханд гэх хүнтэй хамт Цонжин болдог гэх газар ажил хийж байна гэж сонсоод тухайн газарт очиж нөхрөө авах гээд явж байгаад Цонжин өнгөрөөд Тулга дэлгүүрийн гадаа манай нөхрийн машин зогсож байхаар нь би хадам ах Пүрэвдорж, хадам эгч Пүрэвсүрэн нарын хамтаар тухайн цайны газарт ороход манай нөхөр Пүрэвхишиг Нямханд гэх хүүхэнтэй хоол идээд сууж байхаар нь би хараад өөрийн мэдэлгүй ширээн дээр байсан аягыг аваад Нямханд гэх хүний нүүр рүү нэг удаа цохиод аяга нь хагараад Пүрэвдорж ах намайг хойш нь татаад би сандал дээр сууж байгаад ухаан алдсан юм. Тэгээд сэрээд гараад машиндаа ороод сууж байтал цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
Гэрч Б.Пүрэвдоржийн өгсөн “... Би Орхон аймагт байж байхад манай бэр Г.Б над руу залгаад Пүрэвхишиг өөр хүүхэнтэй явалдаад байна гэхээр нь би бэр Г.Бг аваад Улаанбаатар хот руу ирээд Цонжин болдог гэх газар ажиллаж байгааг Г.Бгаас сонсоод Цонжин болдог ороод хайгаад явж байтал Тулга дэлгүүрийн гадаа Пүрэвхишигийн машин зогсож байхаар нь яваад ортол Пүрэвхишиг Нямханд нар байж байхаар нь тэр хоёрыг гадагшаа гар гээд хөөтөл араас гэнэт бэр Баярмаа орж ирээд ширээн дээр байсан үзэмний шүүс уугаад сууж байсан стаканыг аваад Нямхандын нүүр хэсэгт нь нэг удаа цохиод би Баярмааг арагш нь болгоод сандал дээр суулгатал ухаан алдаад тэгээд бид нар босгож ирээд байтал цайны газрын ажилчин нь хөөгөөд гаргасан. Тэгээд цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
Шүүгдэгч Г.Бгийн сэжигтнээр өгсөн “...Би гэмтэл учруулна гэж бодоогүй тухайн үед манай нөхөр Пүрэвхишигтэй хамт сууж байхыг нь хараад өөрийн мэдэлгүй аяга аваад нүүр хэсэгт нь цохисон байсан. Миний буруу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 328 дугаартай “1.2. М.Нямхандын биед дух, хамар, зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,
Иргэнийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/,
Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 тал/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 40 тал/,
Жолоочийн лавлагаа /хх-ийн 43 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч, хохирогч М.Нямхандын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр саналыг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Г.Б нь “Гранд” хотхонд нягтлан бодогчийн ажил эрхэлдэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг 15-05 тоотод оршин суудаг, 29 настай, баримт сэлт хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Хохирогч М.Нямханд нь гомдолтой байна гэж мэдүүлсэн /хх-6 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч цаашид гарах хохирлыг нөхөн төлнө гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн гэж үзлээ.
Эрүүгийн 2234000000320 дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч М.Нямханд нь энэ хэрэгтэй холбоотой гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН