Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0433

 

 

 

 

 

 

“Э Д Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч А.Х

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2023, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Р.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х

Хариуцагч А.Х

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 118/2024/0003/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э Д Б” ХХК нь “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2023, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05  дүгээр сарын 08-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 38 дугаар зүйлийн 38.1.8, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э Д Б” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг  Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Э Д Б” ХХК-ийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. … “Э Д Б” ХХК нь Завхан аймгийн Сонгино, Сантмаргац сумдын нутаг дэвсгэрийг дамнан орших “Хөдөө” нэртэй ХҮ-0ХХХХ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оноос хойш эзэмшиж байгаа, Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр Цэцэн-Уул сумын нутгийг бүхэлд нь Сонгино, Сантмаргац сумдын нутгаас хэсэгчлэн нийт 16006.67 гектар талбайг хэсэгчлэн буцааж одоо Сонгино, Сантмаргац сумдын нутагт хүчин төгөлдөр 5829.02 га талбайд хайгуулын судалгаа хийхээр байна. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх хэсэгт заасны дагуу Сонгино сумын нутаг дэвсгэрт хамаарах 1370 га талбайгаас 387.8 ra талбайг хүлээлгэн өгч, одоо тус сумын нутаг дэвсгэрт хамаарах 982.2 га талбай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байгаа.

3.2. Сонгино сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007, 2008, 2015, 2017, 2023 онуудын тогтоол шийдвэрүүд хүчин төгөлдөр, орон нутгийн тусгай хамгаалалтын болон түүхийн дурсгалт газар нутагт хамаарч байгаа тул сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т заасны дагуу “Э Д Б” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын лицензийн Сонгино сумын нутагт дэвсгэрт хамаарах талбайд Байгаль орчны менежментийн 2023, 2024 оны төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлсэн. Сонгино сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор “Хавсралтанд заагдсан газруудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгуулахгүй байхаар тогтоосугай”, Сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр хайгуул хийхээр өргөдөл гаргасан солбицол бүхий талбайд зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн сумын Засаг дарга Д.Дандаабаярын өргөн барьсан саналыг сайшаан дэмжиж 2007, 2008 онуудад орон нутгийн зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авагдсан газруудын бичиг баримтыг хавсарган холбогдох газруудад нь хүргүүлсүгэй. Ашигт малтмалын хайгуул хийхээр хүсэж буй газар нутагт холбогдох хууль журмыг хэрэгжүүлэн ажиллахыг Бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагч, Газрын даамал, Байгаль орчны улсын байцаагч, сум, багийн засаг дарга нарт үүрэг болгосугай” гэж, Мөн Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өдрийн А/57 дугаар захирамжаар “Сонгино хайрхан уулын овооны унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол бүхий түүх соёлын үл хөдлөх дурсгал, хөрөнгийг соёлын өвийн хамгаалах тухай хуулийн дагуу бүртгэн баримтжуулах хамгаалж, нягтлан бодох бүртгэлд тусган ажиллахыг үүрэг болгосугай” гэж, Сонгино сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар тогтоол “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” Тариат багийн нутагт орших Их зөөлөн уул орчмын 2599.63 га газрыг 10 жилийн хугацаатай тусгай хэрэгцээнд авсугай” гэж, Завхан аймгийн Сонгино сумын Тариат багийн иргэдийн Нийтийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Багийн иргэд нийтийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлаас хэлэлцэн Тогтоох нь гээд “Э Д Б” ХХК-ийн хайгуулын лицензийг багийн иргэдийн саналын дагуу цуцлуулахыг холбогдох газарт уламжлахыг багийн засаг дарга Д.Дахинбаярт даалгасан. Иймд багийн иргэдийн шийдвэр, шаардлага, нийгмийн хэрэгцээг харгалзан үзээд төлөвлөгөөг батлах боломжгүй нөхцөл байдал бий болсон.

3.3. Хуулийн шаардлагыг “Э Д Б” ХХК-ийн 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө бүрэн хангаагүй байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг даалгах нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн шаардлагын тухайд цаг, хугацаа эрх зүйн үр дагаврын хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна гэж үзлээ. Учир нь хариуцагчийн тайлбарласнаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаанаас ямар шийдвэр үл хамаарч 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлийн нэгэн адил батлаагүй гэдэг тайлбарыг шүүх хуралдаан дээр хэлж байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх нь нэхэмжлэгчийн тухайд ач холбогдолгүй байна” гэсэн тайлбарыг хийж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан тул нэхэмжлэгч захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө маргаж буй асуудлаар Завхан аймгийн засаг даргад гомдол гаргах ёстой бөгөөд хэрэв уг шаардлагыг биелүүлээгүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна.

3.4. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, тэдгээрийн хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг хангаагүй, хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй тайлбарласан гэж үзэж байна.

3.5. Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын “Э Д Б” ХХК-ийн “2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргад даалгасугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч “Э Д Б” ХХК нь Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргад холбогдуулан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2023, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлахыг даалгах” шаардлага бүхийн нэхэмжлэлийг гаргасан байна.

2.1. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.2. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

2.3. Анх Завхан аймгийн Сонгино, Сантмаргац, Цэцэн-Уул сумдын нутагт орших Хөдөө нэртэй XV-018509 тоот 21835.69 га хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрээр “Саяардриллинг” ХХК-д олгож, Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 496 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийг “Э Д Б” ХХК-д шилжүүлж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 878 дугаар шийдвэрээр 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл, Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 139 дүгээр шийдвэрээр 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл тус тус сунгасан байна.

2.4. Улмаар нэхэмжлэгч “Э Д Б” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Завхан Сонгино сумын Засаг даргад хандахад 2023 оны 09 дүгээр сарын 07, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэх хариуг өгч, шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч “Э Д Б” ХХК нь Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргад хандан “2024 оны хайгуулын менежментийн төлөвлөгөөг боловсруулан хүргүүлж байна. Хүлээн авч хянан баталгаажуулж өгнө үү” гэх хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргажээ. Уг хүсэлтэд Завхан аймгийн Сонгино сумын Засаг дарга “... танай байгууллагын гаргасан нэхэмжлэлтэй хэргийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд батлах боломжгүй” гэх хариуг өгчээ.

2.5. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан, энэ нь 2021-2024 он хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй тул 2023 онд дахин шинэчлэн боловсруулах шаардлагагүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд Сантмаргаз, Сонгино сум гэж хамт бичигдсэн байгаа нь ойлгомжгүй, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 9.7-д заасны дагуу бичигдээгүй гэснийг дүгнэх шаардлагагүй. Сонгино сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Тусгай хамгаалалтад авсан газар нутгийг шинэчлэн тогтоох тухай 41 дүгээр тогтоолоор 2007, 2008 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газруудын цэг солбицолыг хавсралтаар баталсан байх боловч аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 118 дугаар албан бичиг болон тойм зургаар дээрх 41 дүгээр тогтоолоор тогтоосон тусгай хамгаалалттай газрын цэг, солбицол нь нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй болохыг тодорхойлсон байна. Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах журмын 3.3-д Орон нутгийн хамгаалалтад авсан газар нутагт дараах дэглэмийг хэрэгжүүлж болно, 3.3-ийн 5-д ... сонгосон талбайд ашигт малтмалын хайгуул хийх гэж заасан байх тул Сонгино сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүдээр газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан ч тухайн газар хайгуулын үйл ажиллагаа явуулж болохоор байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Э Д Б” ХХК-ийн 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.6. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”, 38.1.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-т заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.4-т “энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх”, 38.1.5-т “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх”, 38.1.6-т “энэ хуулийн 38.1.5-т заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

2.7. Нэхэмжлэгч компани нь дээрх хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн талбай байршиж буй Сонгино сумын Засаг даргад /хариуцагчид/ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн байх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргад хандан 2024 оны хайгуулын менежментийн төлөвлөгөөг боловсруулан хүргүүлсэн байхад уг төлөвлөгөөг хянах үүргээ биелүүлээгүй байна.

2.8. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Завхан аймгийн Сонгино сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 14/12 дугаар тогтоол нь Ашигт малтмалын газарт бүртгэгдээгүй, орон нутгийн  тусгай хамгаалалтад авсан газар нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхцаагүй байхаас гадна тухайн тусгай хамгаалалттай авсан газарт хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.9. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ