Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 112/ШШ2021/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Л.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* сумын ******* Ж.Э холбогдох сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сумын ******* өрөөндөө дуудаж уулзсан. Өөрийнхөө нагац эгч болох М-ийн Э тэтгэвэрт гарсан хүний оронд ажилд ав гэж тулган шаардсан. Би хууль дүрмийн дагуу сонгон шалгаруулалт хийж авна гэж хэлээд жоохон зөрчил үүссэн. Тэгээд зөвшөөрөөгүй гарсан. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өглөө ажилдаа ирэхэд сумын Засаг даргын орлогч ажлаа хүлээж ав чиний албан тушаал буурсан захирамж чинь энэ байна гэж хэлсэн. Өмнөөс захирамж бариад байж байсан. Би гайхаад ямар үндэслэлээр тэгж байгаа юм гэхэд мэдэхгүй ажлаа хүлээлгэж өг гэхээр нь хуулийн дагуу ажлаа хүлээлгэж өгсөн. Ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн. Манай сумын ******* өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж төрийн албыг төрлийн алба болгож хувиргасан. Гуравдагч этгээд болох эрүүл мэндийн төвийн дарга Ж.Б нь сумын *******тай хуйвалдаж миний ажлыг хүчээр авсан. Ямар ч үндэслэлгүйгээр гол шаардлага нь өөрийн нагац эгчийг ажилд ав гэж намайг шаардсан. Надад урьдчилан мэдэгдээгүй. Гаргасан захирамжийг нь үзэхээр Эрүүл мэндийн тухай хуулийн 11.3 дугаар заалтад сум тосгоны эрүүл мэндийн даргыг албан тушаалаас чөлөөлөхдөө, томилохдоо харьяалах эрүүл мэндийн газрын даргаас зөвшөөрөл авч харилцан зөвшилцөж байж шийдвэрлэнэ гэдэг заалтыг захирамждаа оруулсан боловч эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөөгүй шууд захирамж гаргасан. Манай эрүүл мэндийн төв нь дотроо ёс зүйн баг ажилладаг. Миний ажиллах хугацаанд ямар нэгэн алдаа зөрчил, санал гомдол ирээгүй байдаг. Одоог хүртэл бүртгэлтэй байгаа. Өргөдөл гомдол санал хүсэлт авах дүн бүртгэгч бага эмч ажилладаг. Төрийн аудитын албан шаардлага ирсэн. Энэ нь намайг жирэмсний амралттай байх хугацаанд намайг орлон ажиллаж байсан хүн дээр ирсэн. Түр ажиллаж байсан учир албан шаардлага, төлбөр өрийг хугацаанд нь төлж барагдуулсан. Үүн дээр ямар нэгэн асуудал байхгүй. Барагдуулсан тухай тоотыг хавсаргасан. Төрийн албаны тухай хууль тогтоомжид албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн чиг үүрэг зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа юм байна. Үүн дээр миний ажиллаж байх хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Үр дүнгийн гэрээг 90-100 хувьтай биелүүлж ажиллаж байсан. Эмчлэгч эмчийн тушаалыг би одоо болтол олж хараагүй. Нэг сумд амьдардаг ч гэсэн надад албан ёсоор тушаал ирээгүй. Нялх хүүхэдтэй. Гэнэт албан тушаалаас чөлөөлсөнд үнэхээр хохиролтой байна. Сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. 2019 оны 02 дугаар сарын 01-нд Эрүүл мэндийн төв шинэ нягтлантай болох талаар захирамж гарсан. Манай аймгийн бүх сумууд шинэ нягтлантай байсан. Шинэ нягтлан маань ажил мэргэжлийн хувьд аудитын шалгалтаар дутуу дүгнэгдээд нөхөж энэ шаардлагыг биелүүлж өгсөн. Шинэ нягтлан байсан учир дутуу дулимаг зүйл гаргасан байх гэж бодож байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М: Хариуцагч талын тайлбараар хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж байгаа. Гэтэл энэ хүний үр дүнгийн гэрээний биелэлтүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнээс харахад хангалтгүй биелүүлсэн, муу биелүүлсэн зүйл байхгүй. Энэ хүн дээр ажлаа хангалтгүй хийсэн өргөдөл гомдол ирж байсан гэж байна. Л.Б миний талаар ирсэн өргөдөл гомдол байхгүй гэж байна. Хавтаст хэрэгт Л.Б дээр хандаж ирсэн өргөдөл гомдол ирээгүй байгаа. *******д хэдий бүрэн эрх нь байгаа ч гэсэн Эрүүл мэндийн төвтэй зөвшилцөж байж томилдог. Энэ талаар эрүүл мэндийн төвөөс албан тоот ирсэн байгаа. Аудитаар зөрчил гарсныг арилгаагүй гэдэг зүйл ярьж байна. Үүн дээр Л.Б-г жирэмсний амралттай байх хугацаанд аудитаар зөрчил гарч байсан. Үүнийг тухайн үед арилгасан талаар албан тоот ирсэн. Энэ хүнийг албан тушаал бууруулсан үндэслэл нь үзэл бодлын зөрчил гараад ажлаас нь чөлөөлсөн байгаа. Эргэж эмчээр ажилд орооч гэж ярьсан зүйл байхгүй. Төрийн албан хаагч тиймээс энэ хүний эрх ашгийг зөрчих гэж байж өмнө нь сонсох ажиллагаа явуулалгүй ажлаас халсан учир хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 45.1.1, 45.1.2-ыг үндэслэл болгоод албан тушаалыг бууруулсан байгаа. 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж байгаа. Үүн дээр хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн зүйл харагдахгүй байна. 45.1.2-т үйл ажиллагаа мэргэжлийн түвшин нь албан тушаалыг эрхлэх боломжгүй болсон гэж байгаа. Тухайн шаардлага хангахгүй байсан бол анх эрүүл мэндийн төвийн даргын сонгон шалгаруулалтад ороход бүх бичиг баримтаа бүрдүүлээд өгч байхад материалыг буцаагаагүй. Харин ч энэ хүн хамгийн өндөр оноогоор албан тоот явуулж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Хэдий албан тушаал бууруулж байгаа хэдий ч энэ хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Сонсох ажиллагаа явуулаагүй албан тушаал бууруулсан байна. Ингэхдээ эрүүл мэндийн газартай зөвшилцөөгүй байна. Энэ хүнийг албан тушаалаа хангалтгүй биелүүлсэн гэдэг байдлаар өргөдөл гомдол ирж байсан гэх боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Үнэхээр өргөдөл гомдол ирсэн бол өргөдөл гомдлыг хүлээж аваад 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Энэ өргөдөл гомдлыг яаж шийдвэрлэсэн талаар баримт байхгүй. Нотлох баримтын шаардлага хангахгүй ийм баримт хавтаст хэргийн материалд байна. Эрүүл мэндийн төвөөс Л.Бг ажлаа хангалтгүй хийж байсан гэдэг зүйл харагдахгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Л.Б нь тус сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар томилогдон ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа 2019 онд Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/37 тоот албан шаардлага, мөн өдрийн 01/40 дугаар актаар төсөвт хохирол учруулсан бөгөөд иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдлыг үндэслэн түүнд сахилгын шийтгэл оногдуулж, захиргааны санаачлагаар албан тушаал бууруулсан. Л.Б нь Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/37 дугаар албан шаардлага, мөн өдрийн 01/40 дугаар актаар ажлын хариуцлага алдаж зөрчил гаргасан бөгөөд уг зөрчлөө арилгахыг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр даалгасан боловч уг зөрчлөө арилгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй бөгөөд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирсэн хүнд өвчтэй иргэдийг хүлээн авахгүй, хүнд суртал үзүүлж өвчтөний гаргасан гомдол хүсэлтийг удаа дараа шийдвэрлээгүй зэрэг зөрчил дутагдлыг удаа дараа гаргасан тул түүнд арга хэмжээ авч Л.Б-г албан тушаал бууруулж 12 дугаар сарын 03-ны өдөр эмчлэгч эмчээр томилсон байхад ажилдаа ирээгүй байж цалин нэхээд байгаа нь үндэслэлгүй. Албан тушаал бууруулсан тушаал 12 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Мөн өдөр тус Эрүүл мэндийн төвийн эмчлэгч их эмчээр томилсон байдаг. Л.Б нь тэр өдөр өөрийн бүх материалаа аваад ажилдаа ирээгүй. Ж.Б гэдэг хүнийг захиргааны хэргийн шүүхээс үр дүнгийн гэрээ ирүүл гэхэд хариу ирүүлсэн. Л.Б бүх баримт бичгээ аваад явсан учир тус баримт бичгийг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн тушаал гарсан талаар мэдсэн юм байна. Тухайн Засаг даргын захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн учир ажлаа тэр чигт нь хаяад явсан. Өнөөдрийг хүртэл төрийн албан хаагч байж одоо яах ёстой билээ гээд асууж тодруулах байтал надад заавал тушаал танилцуулах ёстой гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй гэж бодож байна. Надад холбогдуулан ямар нэгэн гомдол ирээгүй гэж байна. Хэрэгт иргэний гомдол эх хувиар байгаа. Эрүүл мэндийн төвтэй холбогдох асуудлыг тухайн албан тушаалтанг томилдог эрх бүхий албан тушаалтанд гаргахаас таны гомдлыг танд өгөөд шийдвэрлүүлдэг зүйл байхгүй. Төрийн албан хаагчийн чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн, өөрөө өөртөө урамшуулал олгосон гэдгийг зөвөөр ойлгож анхаарах нь зүйтэй байх. ******* сумын ******* таныг аудитын акт биелүүлээгүй гэдэг үндэслэлээр ажлаас халаагүй, ажлаас чөлөөлөөгүй. Албан тушаал бууруулсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 45.1.1-д заасан үндэслэл бүрдсэн байна. 2020 оны ажлаар магадланд орж чадаагүй гэдэг нь иргэд эмчлүүлэхэд бас л эргэлзээ төрнө гэдгийг анхаарч үзээрэй. Мөн илүү орон тоотойгоор ажилладаг. Эмийн санч гэдэг илүү орон тоог өөрөө гаргаж ирсэн. Эрүүл мэндийн газраас зөвлөмж хүргүүлсэн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд ******* сумын ******* хууль тогтоомжид зааснаар албан тушаал бууруулсан байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Ж.Бг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга хийдэг. Л.Б нь ажлаасаа гаргах үедээ өөрийнхөө хувийн хэргийг аваад явсан тул хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, биелэлт нь алга байна. Баримтыг гаргаж өгөх боломжгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2 дахь заалтууд, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/40 тоот акт, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/37 тоот албан шаардлагыг тус тус үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс ******* сумын Эрүүл мэндийн төвийн дарга Л.Бг үүрэгт ажлаас нь захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан.

Нэхэмжлэгч Л.Б нь ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2019 онд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам-ын 3.2-т Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг үндэслэн үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгоно гэж зааснаар үр дүнгийн гэрээний биелэлтийг 1, 2, 3, 4 дүгээр улирал бүрээр гаргаж А дүгнүүлсэн, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулсан боловч 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* сумын Засаг даргын Б/05 дугаар захирамжаар жирэмсний амралтаа авч, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар жирэмсний амралтын хугацаа дуус ч үүрэгт ажилд нь эгүүлэн томилсноор 2020 оны эхний хагас жилд жирэмсний амралттай байсан, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/19 дугаар захирамжаар Эрүүл мэндийн төвийн дарга Л.Бд 3 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг 10-20 хувиар бодож олгосон мөн 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаагүй байхад 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, хуулийн 45.1.2-д үйл ажиллагаа үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж үзэж захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж байгаа нь үндэслэлгүй байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар сумын эрүүл мэндийн төвийн дарга төсвийн шууд захирагч мөн боловч Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/40 тоот Төлбөр барагдуулах тухай актаар ажилчид олгосон цалингийн урьдчилгаанаас 400.0 мянган төгрөгийг төлүүлээгүй, эмийн санчид 40 хувийн цалин олгодог, үндсэн орон тоо биш байтал 499.3 мянган төгрөгийн үр дүнгийн урамшууллыг олгосон, ажилчдын амралтын цалинг үндсэн цалинтай давхардуулан 688.2 мянган төгрөгийг олгосон, сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар байгууллагын дарга бүтэн жилийн турш 1,345.6 мянган төгрөгийн үр дүнгийн урамшууллыг авсан, жолоочийн тооцоо бодоогүй, шатахуун түгээх станцад 101.5 мянган төгрөгийн шатахууны үнийг илүү шилжүүлсэн боловч авлагаар тайлагнаагүй, Тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй 7,959.6 мянган төгрөгийн 1 ширхэг УАЗ-469 машины эд хариуцагч нь тодорхойгүй, бодитоор байхгүй байгаа талаар акт тогтоосон байгаа нь тухайн байгууллагын даргаас илүү нягтлан бодогчийн үндсэн үүрэгт шууд хамаарал бүхий анхан шатны баримтын бүрдэлгүй, нягтлан бодох бүртгэл хөтлөх, цалин хөлстэй холбоотой зөрчил гэж үзэхээр байх ба байгууллагын дарга тухайн зөрчлийг нэг бүрчлэн шалгаж тогтоох боломжгүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч П.Б-т сануулах сахилгын арга хэмжээ авсан байна.

Мөн Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 01/40 дугаар акт, 01/37 тоот Зөрчил арилгах тухай албан шаардлагын дагуу илэрсэн зөрлийг арилгаж, тогтоосон хугацаанд биелэлтийг холбогдох нотлох баримтуудын хамт ******* сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 84 дүгээр албан бичгээр хүргүүлсэн болох нь хавтаст хэргийн материалд авагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулах гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг хийгээгүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 11.3-т Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны *******, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэж зааснаар Л.Бг албан тушаал буруулахдаа аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөөгүй, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх сумын Засаг даргын Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно гэж зааснаар 2020 оны 12 дугаар сарын 03-наас 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 69 хоногийн олговор 3.350.061 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 69 хоногийн олговор 3.350.061 /гурван сая гурван зуун тавин мянга жаран нэг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Э.ЗОЛБАДРАХ