Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/00054

 

Х Б - ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03464 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х Б - ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.А -, Ж.Б - нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 58 751 320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б -гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б -, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х Б - ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс, Б.Батзаяа нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Г.А -, Ж.Б - нар нь 2014 оны 12 сарын 04-ний өдөр Х Б -тай зээлийн болон барьцааны гэрээ, 1030017735-02 дугаар баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 60 сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 24-р хороо, Цайз 1, Да хүрээ гудамжны 74 тоотод байрлах Ү-2204021318 улсын бүртгэлийн дугаартай, 157 м.кв талбайтай үйлчилгээний барилга, Баянзүрх дүүрэг, 24-р хороо, Мондулаан ХХК-н хойд талд байрлах Г-2204022888 улсын бүртгэлийн дугаартай, 180 м.кв талбайтай газрын хамт барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүү, төлөх үүрэгтэй боловч 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш зээл, хүүгийн төлөлтийг төлөлгүй 316 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж байна. Тиймээс талуудын хооронд байгуулсан 1030017735 дугаар барьцаат зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн банкны санаачилгаар 2017 оны 8 сарын 15-ны өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тиймээс 2017 оны 8 сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 42 005 646 төгрөг, хүү 13 954 728 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 790 946 төгрөг, нийт 58 751 320 төгрөгийг гаргуулж, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.А -, Ж.Б - нарын шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б -гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Х Б -наас 60 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлөлтийг 45 сая төгрөг болгосон байсныг зээлийг хааж, төлөгдөөгүй байсан зээлийг нэмж 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 53 сая төгрөгийн зээлийн гэрээг 48 сарын хугацаатайгаар шинэчилсэн байгуулсан. Өнөөдрийн болтол гэрээний болон эргэн төлөлтийн хуваариа аваагүй. Х Б -ны нэхэмжлэлд хүчингүй болсон 2014 оны гэрээ хавсаргасан байна. Зээл авч, 2015 онд 48 сараар гэрээ байгуулсан тул энэ гэрээгээр төлнө. Эргэн төлөлтийн хуваариа өгөөгүй. Үлдэгдэл 47 сая байгаад эргээд 53 сая болсон байдаг. Нийт 38 930 930 төгрөг төлсөнд маргахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Г.А -, Ж.Б - нараас 55 960 374 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х Б - ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 790 946 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Г.А -, Ж.Б - нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Мондулаан ХХК-ний хойно байрлах, Г-2204022888 улсын бүртгэлийн дугаартай, 180 мкв талбайтай газар, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цайз 1, Да хүрээ гудамж, 74 тоот хаягт байрлах, 157 мкв талбайтай, эрхийн улсын Y-2204021318 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 521,907 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 507 952 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б - давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бид 2014 оны 12 сарын 04-ний өдөр Х Б -наас 60 000 000 төгрөгийн зээл авсанаас хойш зээлийн эргэн төлөлтийг тогтмол хугацаанд төлж байсан бөгөөд 2016 оны 02 сарын 08-ны өдөр 1030017735 дугаартай зээл дуусаж зээлийн гэрээ хаагдсан. Гэтэл Х Б - нь зээлийн гэрээгээ хаасан, дуусгавар болгосон гэрээнээс хүү, нэмэгдүүлсэн хүү бодож  дансны аргаар хохироож хүүгээс хүү бодож 58 751 320 төгрөг нэхэмжилсэн, үүнийг нь анхан шатны шүүх 55 960 374 төгрөг гаргуулахаар шийдэрлэж байгаа нь үндэслэлгүй болсон. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчсөн байхад шүүх дансны хуулгууд зөрүүтэй гэсэн атлаа дүгнэлт хийгээгүйд гомдолтой. Иймд  шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Бид зээл авсан, авсан зээлээ төлсөн, одоо 18 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй үүнийг зөвшөөрч байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримтыг зөв үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн үнийн дүнд болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Нэхэмжлэгч Х Б - ХХК нь хариуцагч Г.А -, Ж.Б - нараас 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1030017735 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээл 42 005 646 төгрөг, хүү 13 954 728 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 2 790 946 нийт 58 751 320 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,өмнөх зээл хаагдаж, 2015 онд 53 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. Нийт 38 930 930 төгрөг төлсөн” гэж тайлбарлажээ.

 

Талууд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1030017735 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж 60 000 000 төгрөгийг жилийн буюу 365 хоногт 27,6 хувийн хүүтэй байхаар тохиролцон, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн мөнгөн хөрөнгө хариуцагч нарын өмчлөлд шилжсэн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 04-ний дууссан. Зээлдэгч нар нийт 38 930 930 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. Зээлдэгч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм. Мөн зээлдэгч нар нь гэрээний хугацаа хэтрүүлэн зээлсэн мөнгөн хөрөнгөө буцаан төлөхгүй, ашигласаар байгаа нь тогтоогдсон.

 

Талуудын баримтлах ёстой гол нөхцөл нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, график юм. Гэвч зээлдэгч нар нь уг төлөлтийн графикт хугацааг хэтрүүлсэн, зээлийн тооцооллыг шалгахад баримтлах анхан шатны баримт болох дансны хуулгыг хариуцагч талаас гаргасан боловч уг баримтад зээлийг хаав, 53 000 000 төгрөгийн зээл олгов гэсэн эргэлзээтэй бичилттэй баримт байна.

Иймд хариуцагч нарын авсан зээлийг гэрээг дүгнэж бодолт хийхэд  хариуцагч нар нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 60 000 000 төгрөгийн зээл авсан, гэрээний 24 сарын хугацаанд уг зээлд ногдох хүү нь 33 120 000 төгрөг бөгөөд хариуцагч нарын нийт гүйцэтгэх үүрэг 93 120 000 төгрөгөөс хариуцагч нарын нийт гүйцэтгэсэн үүрэг болох 38 930 930 төгрөгийг хасч тооцоход 54 189 070 төгрөгийн үүрэг үлдэж байна.

 

Түүнчлэн хариуцагч нараас хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулж байгаа тохиолдол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлах ёстой байтал анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг баримтлаагүй байгааг нэмж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03464 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “452 дугаар зүйлийн 452.2” гэсний дараа “453 дугаар зүйлийн 453.1” гэж нэмж, “55 960 374” гэснийг “54 189 070” гэж, “2 790 946” гэснийг “4 562 250” гэж, 3 дах заалтын “507 952” гэснийг “4 28 895” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б -гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 752 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

                                                                        Ш.ОЮУНХАНД