Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/337

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

Шүүгдэгч З.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш З М холбогдох эрүүгийн ____ дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, _____________ оршин суух хаягтай,

Урьд  Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 503 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2 зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2, 211 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.21 дүгээр зүйлийн 123.1.3-т зааснаар 4 жил, 127 дугаар зүйлийн 127.2 зааснаар 1 жил, 211 дүгээр зүйлийн 211.1 зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж биечлэн эдлэх ялыг 7 жилийн хорих ял шийтгүүлж, Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 107 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 4 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 зааснаар 10 жил 14 хоногийн хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 58 дугаар зүйлийн 58.1 зааснаар, 5 жил 4 хоног болж өөрчлөгдөн, тус дүүрэг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 42а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 39 дугаартай захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж суллагдсан, Ш З М/Регистрийн дугаар:_____________.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.М нь _________________ гэх газарт иргэн Р.Бгийн гэрт туслах малчнаар ажиллан амьдарч байхдаа 2021 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Р.Бгийн өмчлөлийн ИЖ-18 маркийн буу, хоёр нүдний дуран зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.421.800 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

   Шүүгдэгч З.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч З.М нь _______________________ гэх газарт иргэн Р.Бгийн гэрт туслах малчнаар ажиллан амьдарч байхдаа 2021 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Р.Бгийн өмчлөлийн ИЖ-18 маркийн буу, хоёр нүдний дуран зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.421.800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн ____ дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч Р.Бгийн өгсөн “Би 2021 оны 8 дугаар сарын 30-ны орой Төв аймгийн Архуст сум Ноёншанд 1 дүгээр баг “Рашаантын голын эх” гэх газарт гэртэ унтаад өглөө буюу 2021 оны 8 дугаар сарын 31-ний өглөө  07 цагийн үед сэрээд хувцсаа өмсөөд илүү гэртээ ороод туслах малчин Мөнхсайханыг сэрээх гээд ортол хөнжил нь хураалттай байхаар нь эргэн тойрондоо үзсэн байхгүй байхаар нь эд зүйлсээ шалгатал миний унтсан орны гудасны завсар гэртэйгээ байсан дорвинк маркийн буу, ханын толгойд өлгөөтэй байсан бор цүнхтэй хоёр  нүдний дуран, миний бор нударгатай дээл гэх зүйлс алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/

Иргэний нэхэмжлэгч Х.Отгонболдын өгсөн “...Би С.Энхтөр гэх Хэнтий аймгийн Норовлин сумын хүнээс “Дорвинк” гэдэг бууг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны үеэр нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр үнэлээд нийт 300 боодол өвсийг 1.500.000 төгрөгөөр бодож Энхтөрийн хашааг хурааж өгөөд уг бууг авсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

Шүүгдэгч З.Мы гэрчээр өгсөн “...Би Төв аймгийн Архуст сум Ноёншанд 1 дүгээр баг Рашаант гэх газарт Батаа гэх айлд туслах малчин хийж байгаад 2021 оны 8 дугаар сарын 30-ны  орой 22 цагийн үед гэрийн эзэн Батаа бид хоёр гэрт нь хоёулаа байж байгаад 0.5 литрийн 2 шил архи, 0.75 литрийн 2 шил архи хоёулаа хувааж ууж байгаад шөнө 2 цагийн үед Батаад ор засч өгөөд унтуулаад гэрээс гараад хонио нэг хураагаад буцаж орж ирээд нэг шил үлдсэн байсан архи ганцаараа ууж байгаад тасраад үүрээр 4 цагийн орчимд сэрэхэд Багахангай дүүргийн төвөөс хойд зүгт төмөр замын урд талд хээр нүхэн гүүрний хажууд бор өнгийн дээлтэй, өвөртөө тал шил архитай, дээлний бүсэнд хоёр нүдний “дээр үеийн 200-н дуран гэж ярьдаг” дурантай ногоон цахилгаантай уутанд дарвинк нэртэй буутай байсан. Тэгээд хажууд байсан гүү барьж байсан айлд очоод орж айраг уугаад сууж байтал уг айлын хүүхэд нь гэх залуу нэрийг нь мэдэхгүй харвал танина. Портер машинтай ирэхээр нь би төв зам руу явж байхдаа би уг залууд зардлын мөнгө хэрэгтэй байна чи миний дуранг 50.000 төгрөгөөр худалдаад авах уу гээд тэр залуу тэгье гээд би бэлэн 50.000 төгрөг аваад замын хажуу талын дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад тэрийгээ уугаад тасраад нэг сэргэсэн Улаанбаатар хотын Ботаник дээр явж байсан тэгээд алхсаар байгаад багшийн дээдийн ойролцоо ирээд Туушингийн хажууд онгорхой хочтой Сүхээ гэх зүс таних залуутай уулзаад би айлд ажил хийж байгаад мөнгөний оронд авсан “Дарвинк” буу байна чи 50.000 төгрөгөөр авчих гэж хэлээд буугаа зараад бэлэн 50.000 төгрөг аваад уг мөнгөөрөө аман хуур хөгжим аваад мөнгө олж байгаад архи уугаад Эмээлт ороод хэд хоног ажил хийж байгаад Дархан аймаг руу явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

 Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 тал/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 39-51 тал/,

Эрэн сурвалжлах зарлал /хх-ийн 79-83 тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97-113 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч З.М нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Бд 432.000 төгрөг, мөнх иргэний нэхэмжлэгч Х.Отгонболдод 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч З.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч З.М нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, _______________ оршин суудаг, одоо 48 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч З.М нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Р.Б нь гомдолтой байна гэж мэдүүлсэн /хх-18 тал/, иргэний нэхэмжлэгч Х.Отгонболдын нэхэмжлэх зүйл байна гэж мэдүүлсэн /хх-ийн 21 тал/, шүүгдэгч З.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн гэж үзлээ.

 

Эрүүгийн ____ дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мы цагдан хоригдсон 61 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Маас 432.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Бд, 1.500.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Отгонболдод тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш З Мөнхсайханыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш З М 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш З Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулсугай.

 

4.Шүүгдэгч З.Мыг Сэлэнгэ аймаг, Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мы цагдан хоригдсон 61 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Маас 432.000 төгрөгийг гаргуулан Төв аймаг, Архуст сум, Ноёншанд 1 дүгээр багт оршин суух хохирогч Р.Бд, 1.500.000 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Рашаантын 20-7 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Х.Отгонболд нарт тус тус олгосугай.

 

7.Эрүүгийн ____ дугаартай хэрэгт иргэний бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шүүгдэгч З.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн авсугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Мд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН