Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/00763

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Л.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Дансран овогтой, Л.И нэхэмжлэлтэй

Хариуцагч: “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох,

            Гэм хорын хохиролд 3.502.599 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, гэрч Л.Батбаяр, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.И нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны мэргэжилтний 20-ын автобусны буудлаас “ЗТН” ОНӨААТҮГ-ын автобусанд суугаад баруун 4 замруу явах үед автобусны жолооч Л.Б нь хурд ихтэй явж байгаад гэнэт огцом тоормослох үйлдэл хийсний улмаас Л.И нь сууж байсан сандлаасаа шидэгдэж, унаснаас болж түүний 12 дугаар нуглам хугарч, түүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар Л.Ид учирсан гэм хорын хохиролд “Хан-Өндөр” эмийн сангаас 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр авсан эм, тарианы үнэ 243.840 төгрөг, “Монос Биоген” эмийн сангаас 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр авсан эмийн үнэ 304.000 төгрөг, “Бодь фарм” эмийн сангаас 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр авсан эмийн үнэ 114.500 төгрөг, “Бодь фарм” эмийн сангаас 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр авсан эмийн үнэ 165.950 төгрөг, “Мон арго” эмийн сангаас 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр авсан эмийн үнэ 145.000 төгрөг, “Мон арга” эмийн сангаас 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр авсан эмийн үнэ 81.000 төгрөг, “Мон арга” эмийн сангаас 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр авсан эмийн үнэ 105.000 төгрөг, өвчин намдаах эм болон нунтаг кальцны үнэ 75.050 төгрөг, “Интенсив Каре” эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд төлсөн ор, хоногийн төлбөр 450.000 төгрөг, “Бриллианс Клиник” эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсний төлбөр 500.000 төгрөг, охин Б.Ц нь “Байгууламж” ХХК-д туслах инженерээр ажиллаж байхдаа 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажлаасаа цалингүй чөлөө авч асарсан /нэг сарын цалин 550.000 төгрөгийг 73 өдрөөр тооцож/ 1.338.309 төгрөг, нийт 3.502.599 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Мөн Л.Игийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан эм, тариа авсан зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  Харин “Интенсив Каре” эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд төлсөн ор, хоногийн төлбөр 450.000 төгрөг, “Бриллианс Клиник” эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсний төлбөр 500.000 төгрөг, охин Б.Цнь “Байгууламж” ХХК-д туслах инженерээр ажиллаж байхдаа 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажлаасаа цалингүй чөлөө авч асарсан /нэг сарын цалин 550.000 төгрөгийг 73 өдрөөр тооцож /1.338.309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Л.Ид зайлшгүй асаргаа, сувилгаа шаардлагатай байсан эсэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан эсэх, уг ослын улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхээр хэвтсэн эсэх нь тодорхойгүй байна гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Игийн нэхэмжлэлтэй, “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох, гэм хорын хохиролд 3.502.599 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“ЗТН” ОНӨААТҮГ-ын жолооч ажилтай Л.Б нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа буюу 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, мэргэжилтний 20-иос баруун 4 замруу автобус жолоодон явахдаа огцом тормос гишгэсний улмаас зорчиж явсан Л.И нь автобусны сандлаас унаж, түүний биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун өгзгөнд цус хуралт үүссэж, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл учирсан болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар тогтоол,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 781 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрч Л.Б-ын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд зохигчид гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.И нь “ЗТН” ОНӨААТҮГ-т жолооч ажилтай Л.Б-ын учруулсан гэм хорын хохирлыг хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас гаргуулахаар шаардах эрхтэй юм.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү нь “...Л.Игийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдуулан эм, тариа авахад зарцуулсан зардлыг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн” тул нэхэмжлэгчийн “...“Хан-Өндөр” эмийн сангаас 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр авсан эм, тарианы үнэ 243.840 төгрөг, “Монос Биоген” эмийн сангаас 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр авсан эмийн үнэ 304.000 төгрөг, “Бодь фарм” эмийн сангаас 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр авсан эмийн үнэ 114.500 төгрөг, “Бодь фарм” эмийн сангаас 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр авсан эмийн үнэ 165.950 төгрөг, “Мон арго” эмийн сангаас 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр авсан эмийн үнэ 145.000 төгрөг, “Мон арга” эмийн сангаас 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр авсан эмийн үнэ 81.000 төгрөг, “Мон арга” эмийн сангаас 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр авсан эмийн үнэ 105.000 төгрөг, өвчин намдаах эм болон нунтаг кальцны үнэ 75.050 төгрөг, нийт 1.234.340 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

            Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар тогтоол,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 781 дүгээр шинжээчийн дүгнэлт, Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, Л.Игийн эмнэлгийн картаар “ослын улмаас түүний биед сээрний 12 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун өгзгөнд цас хуралт үүссэж, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, хүндэвтэр гэмтэл учирсан, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл байнгын асаргаа шаардлага”-тай болох нь тогтоогдсон байх тул Б.Цэрэнбалжирын Нийгмийн халамжийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 3153212 дугаар дэвэтрт “...2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ахмад асаргааны тэтгэмж” гэсэн бичилт, “Байгууламж” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “...Б.Ц нь манай компанид 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл туслах инженерээр ажилласан бөгөөд сарын 550.000 төгрөгийн цалинтай. Б.Ц-ын ээж болох Л.И нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр осолд орж, сахих шаардлагатай болсон тул 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлөгдсөн нь үнэн болно” гэснийг үндэслэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Л.Игийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан охин Б.Ц-аар асарч сувилахад гарсан зардалд буюу “Б.Цэрэнжалжир ажлаасаа чөлөө авч, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 сар 11 хоног ажилгүй байсан цалин 1.301.663 төгрөг”-ийг хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас гаргуулах нь зүйтэй байна.

 

            Мөн Л.И нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан “Интенсив каре” эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэн эмнэлгийн ор, хоногийн төлбөрт 450.000 төгрөг зарцуулсан болох нь Л.Игийн эмнэлгийн картад “...2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдөр хэвтэж эмчлүүлсэн” гэсэн бичилт, “Интенсив каре” эмнэлгийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 74 дүгээр Кассын орлогын ордер зэрэг баримтаар тогтоогдож байх тул Л.Игийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний зардалд 450.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

            Харин Л.И нь “Бриллианс клиник” эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон Л.Игийн эмнэлгийн картад бичигдсэнээр нотлогдоогүй болно. 

 

            Хариуцагч тал “...Л.И нь ослын улмаас учирсан гэмлийг “Интенсив каре” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь эмнэлгийн картад бичигдсэн нь ойлгогдохгүй байна” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй гэсний дагуу энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдав.

 

            Дээр дурдсанаар Л.Игийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан гарсан эм, тарианы зардалд 1.234.340 төгрөг, асаргаа сувилгааны зардалд 1.301.663 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардалд 450.000 төгрөг, нийт 2.986.003 төгрөгийг “ЗТН” ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Л.Ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 516.596 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулий 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасантай нийцэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн иргэдийн төлөөлөгч А.Э-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсныг мэдэгдсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас гэм хорын хохиролд 2.986.003 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 516.596 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Игийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 71.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.992 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид оруулсугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.СЭМЖИД